МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

КОВАКС механизмын вакциныг  Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авахаар төлөвлөж байна
2020.11.25
Эрүүл мэнд

КОВАКС механизмын вакциныг Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авахаар төлөвлөж байна

Улсын Их Хурлын Түр хорооны өчигдөрийн (2020.11.24) ээлжит хуралдаан 12 цаг 17 минутад “Их Хуралдай” танхимд  гишүүдийн 60 хувийн ирцтэй эхэлж, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах асуудлыг хэлэлцсэн. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр өнөөдөр нийт 202 вакцины судалгаа хөгжүүлэлтийг идэвхитэй хийж байгаагийн 47 нь эмнэл зүйн туршилтад, 155 вакцин эмнэл зүйн өмнөх буюу амьтны бие дээр турших шатандаа байна.

Эмнэл зүйн туршилт, судалгааны  3-р үе шатанд 10 вакцин байгаа. Үүнээс БНХАУ- 4, АНУ- 4, ОХУ- 1, Их Британи /Оксфордын их сургууль+Астра Зенека/ -1 вакцин тус тус хөгжүүлж байна. Вакцин дархлаажуулалтын глобаль альянс /ГАВИ/, ДЭМБ, Дэлхийн банк, Европын холбоо болон бусад олон олон улсын байгууллагуудын хамтран байгуулсан КОВАКС механизм /COVAX Facility/ нь КОВИД-19 халдварын эсрэг вакцины хөгжүүлэлтийг дэмжих, үйлдвэрлэсэн вакцины хүртээмжийг улс орнуудын хэрэгцээнд нийцүүлэн тэгш байдлаар бий болгох зорилготойгоор ажиллаж байгаа бөгөөд манай Засгийн газар 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор уг механизмд нэгдэн орох хүсэлтээ хүргүүлж нэгдсэн.

Энэ механизмын хүрээнд тухайн орны нийт хүн амын 20 хүртлэх хувийг вакцинжуулалтад хамруулах тооны вакциныг үнэ төлбөргүй олгоно.

Нэмэлтээр хүн амын 40 хувийг хамрах тооны вакциныг уг механизмын хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авахаар төлөвлөж байна. Энэ худалдан авалтыг COVAX Facility механизмын хүрээнд хийхийн гол ач холбогдол нь, худалдан авах вакцин гагцхүү ДЭМБ-ын чанар, аюулгүй байдлын гэрчилгээтэй байна. Үнэ өртөг нь КОВАКС-ийн үнээр байх тул олон улсын зах зээлийн хөөрөгдсөн үнээс зайлсхийх боломжтой гэж үзэж байна. 

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 102 дугаар захирамжаар Сангийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдан, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах зорилгоор хүн амыг дархлаажуулахад шаардагдах Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн дархлаажуулах бэлдмэл буюу вакциныг худалдан авах, Монгол Улсад импортлох асуудлыг судалж, санал боловсруулах, энэ чиглэлээр яриа хэлэлцээ хийх зэрэг зохих арга хэмжээ авч ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкнаас вакцин худалдан авах зориулалтаар 50,7 сая ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийж байгаа  гэж байлаа. 

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт, Б.Жавхлан, Ж.Ганбаатар, Х.Болорчулуун, Б.Дэлгэрсайхан, Н.Алтанхуяг, Х.Булгантуяа, Т.Доржханд, С.Ганбаатар, М.Оюунчимэг, Б.Бейсен, Х.Баделхан  нар асуулт асууж, хариулт авлаа. 

Гишүүдийн зүгээс нийслэлд  түр хугацаагаар байгаа орон нутгийн иргэд,  оюутнуудыг буцаахад ямар арга хэмжээ авах талаар болон хүн амаа хэрхэн вакцинжуулах,  аймаг орон нутаг бүрт  PCR лабораторийг суурилуулах зэрэг асуудлыг яаралтай шийдвэрлэхээр төлөвлөсөн эсэхийг илүүтэй лавлав. 

Орон нутгийн иргэдийг буцаах асуудлыг Ажлын хэсэг дээр ярилцаж, энэ долоо хоногийн сүүлээр бүртгэлийн программыг ажиллуулж, асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Нийслэлд түр хугацаагаар байгаа хөдөө орон нутгийн 24 мянга, орон нутагт байгаа нийслэлийн 11 мянган иргэнийг буцаах шаардлагатай гэсэн албан мэдээлэл бий.

Гэхдээ энэ тоо бодит байдал дээр нэмэгдэнэ гэдгийг Шадар сайд хариултдаа онцлоод тэдгээр иргэдийг гэрийн хаяг, байршлыг нь бүртгэлжүүлж, түргэвчилсэн болон нэмэлтээр PCR шинжилгээ авсны дараа нутагт нь  буцаана гэдгийг тодотгов.  

Мөн тэрбээр КОВАКС /COVAX Facility/ нь механизмын хүрээнд нийт хүн амын 20-60 хүртлэх хувийг вакцинжуулах, үлдсэн хувийг нь төр засгийн хүрээнд аж ахуйн нэгжүүдтэй шууд харилцаж худалдан авах ажиллагааг зохицуулна гэдгийг онцолсон. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариултдаа, PCR аппаратыг аймгуудад үе шаттайгаар суурилуулж байна. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж Сэлэнгэ аймагт PCR аппаратаас хоёрыг суурилуулсан бол Замын-Үүд суманд нэмж нэгийг суурилуулах зэргээр ирэх долоо хоногоос хилийн боомтуудын хүчин чадлыг нь нэмэх төлөвлөгөөтэй байгаа. Ер нь 21 аймагт PCR аппаратыг бүрэн суурилуулж, цаашдаа шаардлагатай тохиолдолд хүчин чадлыг нь нэмэгдүүлнэ гэв. 

ШИНЭ МЭДЭЭ