2020.10.23
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи
Ц.Сэргэлэн: Хил нэвтрүүлэх үйл ажиллагаанд технологийн дэвшлийг яаралтай нэвтрүүлэх шаардлагатай
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газар 2020.03.05 өдөр өргөн мэдүүлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:
"Би энэ хуулийн төслийг дэмжиж байна. Олон технологийн дэвшлийг нэвтрүүлэхээр хуульчилж оруулж ирсэн. Гишүүдийн шүүмжилж байгаа нь гарцын асуудал яригдаж байгаа гэж бодож байна. Хуулийн төсөл дээр би ажлын хэсэгт ч ажиллаж байсан. ХЗДХЯ-ныхан энэ төсөл дээр сайн сууж, холбогдох албаныхан хамрагдсан. Сайн төсөл болсон байх. Надад асуулт байна.
Виз олголт Гадаад харилцааны яамны Консулын газрын чиг үүргийн хүрээнд явагддаг. Хил дээр виз олгохыг Гадаадын иргэн харьяатын байгууллага олгодог. Одоо гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудад энэ чиг үүргийн давхцал үүсэх юм биш үү?
Зарим гишүүдийн асууж байгаатай холбоотойгоор танин мэдэхүйн чанартай юм хэлье. Өнөөдрийн байдлаар Монгол Улс улсын хилээр нэвтэрч байгаа зорчигчийг нэвтрүүлэхдээ зөвхөн паспортыг нь уншуулах технологиор нэвтрүүлдэг. Гэтэл дэлхийн улс орнууд улсынхаа хилээр нэвтрүүлж байгаа зорчигчдын биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээ, зарим нь бүр скайнердаж хилээрээ нэвтрүүлдэг. Манайд технологийн хоцрогдол үүссэнийг хаа хаанаа ойлгож байгаа. Тиймээс уг хуульд улсын хилээр нэвтэрч байгаа зорчигчийг биеийн давхцахгүй өгөгдлөөр шалгаж нэвтрүүлэх технологийн хөрөнгө оруулалтыг хурдан шидэж өгөх ёстой гэж би хэлмээр байна.
Цахим гарц гэж яриад байгаа. Монгол иргэдийг улсын хилээр нэвтрүүлэхэд цахим гарцаар гаргадаг асуудлыг түргэн шуурхай бүх хилийн боомтуудад нэвтрүүлэх ёстой. Ингэж байж хүний оролцоогүй боло. Хурууны хээгээ уншуулаад гарна. Анх гарахдаа уншуулна. Түүнээс хойш шууд гардаг болно. Нэг удаагийн бүртгэл гэсэн үг л дээ. үүнийг цахим гарц гээд байгаа юм. Одоо Буянт-Ухаагийн боомт дээр хэрэглэж байгаа. Шинэ боомт нээгдэнэ. Олон улсын боомтууд дээр олныг хэрэглэх ёстой. Үүнийг Засгийн газар анхаарч технологийн хоцрогдлоосоо гарах ёстой. дэлхийн ул орнуудтай хөл нийлүүлэх ёстой ч үндэсний эрх ашгаа хамгаалах ёстой. Үүнийг хэн хариуцах учиртайг хуульд тодорхой заах хэрэгтэй.
Одоо Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийг бүртгэдэг системд төрийн тусгай хэдэн байгууллага холбогдсон байдаг. Энэ төв серверт асар олон удаагийн кибер халдлага үйлдэгдсэн байдаг. Эрүүгийн хэрэг үүсгээд явж байгаа. Энэ хуулиар бий болгоха нэгдсэн систем бол маш эмзэг шүү. Үүнийг хамгаалах асуудал хурцаар тавигдана. Үүнийг ХЗДХЯ анхааралдаа аваарай."
Түүний асуултанд ГХЯ болон ХЗДХЯ-ны ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.