МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв
2020.10.22
Гадаад харилцаа

Хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв

Монгол Улс сүүлийн хоёр жил хүрэхгүй хугацаанд агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан. Энэ ажлыг 80 хувь болгох том зорилтыг тавьж байна гэж БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Франц улсын Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч уулзах үеэр мэдэгдлээ. 

Тэрээр, "Монгол Улсын Засгийн газар Парисын гэрээ хэлэлцээртэй холбоотойгоор эрчим хүч, байгаль орчны салбарт томоохон шинэчлэлийг хийж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтыг тусгаад байна. Мөн иргэдийг байгальд ээлтэй, ногоон технологийг хэрэглээндээ нэвтрүүлэхийг дэмжсэн ажлыг ч багагүй хийж байна" гэдгийг онцлоод, "Агаарын бохирдлоос салах хамгийн үр дүнтэй арга бол иргэдийг орон сууцжуулах юм. Энэ бол бидний хэтийн зорилго. 

Одоогоор хамгийн боломжтой богино хугацааны арга бол сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх явдал. Бид сайжруулсан шахмал түлшний ганц үйлдвэртэй байсан бол одоо 2 болж байна. Энэ нь агаарыг бохирдлыг буруулахад том дэмжлэг болно гэж харж байгаа. Мөн ДЦС-уудын хүчин чадлыг нэмэгдүүлж, иргэдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн. Цаашид аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сумдын шөнийн тарифыг тэглэхээр ажиллаж байна” гэлээ.

Уулзалтаар Франц улсаас манай улсад хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн явц, байдлын талаар мэдээлэл солилцож, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо. Ноён Элчин сайд Филипп Мэрлин хэлэхдээ,

“Франц улс Монголын байгаль орчны салбарт багагүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тухайлбал, гэр хорооллын айл өрхүүдийн дулаалга, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр, тахийг дахин нутагшуулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрчим хүчний салбарт дэмжлэг үзүүлэх зэрэг олон төсөл хөтөлбөрийг Францын төрийн болон ТББ-уудаар дамжин хэрэгжүүлж байна. Хамтын ажиллагааны хүрээнд хийж байгаа ажлууд үр дүнтэй урагшилж байгаад бид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье" гэв. 

ШИНЭ МЭДЭЭ