НББХ: Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2020.10.20
Эрүүл мэнд

НББХ: Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.10.20/ хуралдаан 09 цаг 42 минутад 64.7 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр шийдвэрлэв.

Хуралдаанаар эхлээд 2019.05.03-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, С.Чинзориг, Ж.Чинбүрэн, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг нар үг хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ж.Чинбүрэн нар ээлжит бус чуулганаар эрүүл мэндийн чиглэлийн гол хуулиудад оруулсан өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэн, шинээр байгуулсан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь үйл ажиллагаагаа явуулж эхний үр дүнг үзсэний дараа сайн төсөл оруулж ирж хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилын гаргасан хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг хойшлуулах горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжсэнгүй.

Ингээд хуулийн төслийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцуулав. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний  чанар, аюулгүй байдлыг хангах зорилгоор эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг эрсдэлээр ангилан бүртгэх шинэ зохицуулалтыг оруулж, эм, уламжлалт эм, малын эмийг сонгох, бүртгэх зарчим, шалгуур болон эм үйлдвэрлэгч, импортлогчийн эмийн чанар, аюулгүй байдалд хүлээх хариуцлагыг нэмэгдүүлж, эмийн хяналтад нэгдсэн цахим программ хангамж нэвтрүүлэхээр тусгасан байна.

Мөн эмийн зохистой хэрэглээ, сонголт, жор бичилтийг сайжруулах зорилгоор эмийн жорыг заавар удирдамжид үндэслэн бичих, цахим жор хэрэглэх, эм хангамжийн байгууллага, эмч төлөөлөгч нарын эмийг зах зээлд таниулах, нэвтрүүлэх  үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгажээ. Энэ хүрээнд иргэд эм гэж төөрөгдөн хэрэглэдэг эрүүлжүүлнэ, тураана, таргалуулна гэсэн хэт дөвийлгөсөн зар сурталчилгаатай бүтээгдэхүүний зохицуулалт сайжрана гэж сайд танилцуулгадаа дурьдлаа.

Түүнчлэн, эмийн хангамж, хүртээмж, иргэдийн эм худалдан авах боломжийг нэмэгдүүлэхээр эмийн үнийн ил тод байдлыг хангах, гадаад, дотоодын жишиг үнийг нэвтрүүлэх, түгээлтийн шат бүрт эмийн үнийг зохицуулах, иргэд шуудан илгээмжээр эмийг хүлээн авах эрх зүйн орчныг шинэчлэхээр тусгасан байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Ганбаатар, С.Чинзориг, Ц.Мөнх-Оргил, П.Анужин, Ц.Сандаг-Очир, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, М.Оюунчимэг нар асуулт асууж, асуултад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд нар хариулт өгөв.

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан манай улсын иргэд бусад улстай харьцуулахад 5-6 дахин үнэтэй эм хэрэглэдэг. Хилээр орж ирж 3 гурван эмийн 1 нь бүртгэлгүй буюу баталгаатай эсэх нь эргэлзээтэй гэдгийг хэлж, хуулийн төсөлд  малын эмийг хамтад нь зохицуулахаар оруулж ирсний учрыг тодруулав. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар эмийн үнийг тогтоох болон, эмийн чанарыг баталгаажуулах хөндлөнгийн механизмын талаар тодрууллаа.  

Дээрх асуултуудад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд нар хариулахдаа 2005 онд батлагдсан  хуульд малын эм, хүний эм хоёрыг цугт нь зохицуулсан. Олон улсад ч мөн эмэнд тавигдах шаардлагууд нь ижил учраас цугт нь зохицуулдаг.

Шинээр байгуулж буй агентлаг болох Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар судалгаа хийж, судалгааны үндсэн дээр тухайн эм хэдэн төгрөгөөр борлуулагдах вэ гэдгийг тооцоолдог байхаар төлөвлөж байна. Одоо байгаа хууль эмийн үнийг Засгийн газар тогтооно гэсэн ганцхан ерөнхий заалттай учир хэрэгжээгүй. Одоо үнэ тогтоох аргачлалын дагуу гаргаж ирсэн үнийг сайдын тушаалаар эцэслэн баталгаажуулж явна. Эмийн чанартай холбоотой асуудлаар чанарын хяналтын тогтолцоонд шилжиж, эм анх хаана үйлдвэрлэгдсэнээс эхлээд хэрэглэгчид очих хүртэлх тогтолцоонд мөн агентлаг хяналтаа тавина. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл үүнд давхар хяналт тавина гэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар эмийн үнэ тогтоох хүмүүс нь эм импортлогчдын сонирхолд үйлчлэхгүй гэх баталгааг хэрхэн хангах, энэ талаарх бие даасан хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг яаж гаргах талаар нэмж тодруулав.  Энэ асуултад Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд агентлагийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг төрийн хяналтын байгууллагууд хянана гэж хариуллаа.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил ээлжит бус чуулганаар баталсан өөрчлөлтөөр эмийн үнэ тогтоох, чанарыг хянах агентлаг байгуулж, нэгдсэн худалдан авалт хийдэг болох юм байна гэж ойлгосон. Гэтэл энэ төсөлд зөрчилдөөнтэй асуудлууд орж ирлээ. Нэгдсэн худалдан авалтын талаар нэг ч үг алга. Мэргэжлийн хяналтын байгууллага эмийн чанарыг хянаж чадахгүй байгааг бид бүгд мэднэ гээд нэгдсэн худалдан авалтыг хэрхэн хийх талаар тодруулсанд  

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хуулийн төслийн зарчим таны хэлсэнтэй дүйцэж байгаа. Зарчимын дагуу нэгдсэн худалдан авалт хийх боломжууд гарч ирнэ гэж бодож байна хэмээн хариулав.

Улсын Их Хурлын гишүүн П.Анужин иргэдээ улам л эмийн хамааралтай болгох асуудлыг ярихаас бус эмийн хамаарлаас гаргах бодлого ярихгүй байна гээд Монгол Улсын нийт хүн амын хэдэн хувь нь эмийн хамааралтайг тодруулж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дотоод сүлжээ доголдолтой байдгийг дурьдаад, эмийн жорыг цахимаар бичих бэлтгэл хангагдсан эсэхийг тодруулж хариулт авлаа.  

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн төслийг хэлэлцэхийг хойшлуулах шаардлагыг ганцхан заалтаас нь харсан. Эмийн бодлого нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын бодлого байх ёстой гээд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “Эмийн үндэсний бодлого нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нэгдмэл бодлогын салшгүй хэсэг мөн” гэсэн заалтыг шинэчилсэн найруулгаас яагаад хассаныг тодруулж, хариулт авсан. Дээрх асуултад Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулиар салбарын бодлого дотроо энэ заалтыг оруулсан учраас шинэчилсэн найруулгаас хассан гэх тайлбар өгөв.

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг дотоодын 47 эмийн үйлдвэр байна. Эм импортолдог 100 гаруй аж ахуйн нэгж бий. Импортлогчдын үйл ажиллагаанд агентлаг  хяналт тавих бол дотоод үйлдвэрийн үйлдвэрлэлийн чанарт яаж хяналт тавих вэ гэдгийг тодруулж хариулт авлаа.

Үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Сарангэрэл, Ц.Мөнх-Оргил, Б.Бейсен, С.Ганбаатар, Б.Жаргалмаа, П.Анужин,  Ж.Чинбүрэн нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх асуудал 8 жил үргэлжилж байгаа нь эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлэхэд саад болж буйг тэмдэглээд эмийн чанар, аюулгүй байдал, үнийн хөөрөгдлийг шийдэхийн тулд энэ хуулийн шинэчилсэн найруулгыг хойш нь татахгүйгээр, ярьж буй бүх зохицуулалтаа хэлэлцүүлгийн явцад тусгаад баталж болно. Санал гаргаж байгаа гишүүд Ажлын хэсэгт орж ажиллаад засаж залруулах шаардлагатай эдгээр зүйлсээ төсөлд тусган, хуулийн төслөө хэлэлцэхийг дэмжээд явъя гэсэн байр суурь илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Л.Энх-Амгалан, Ж.Чинбүрэн нар салбарын сайд эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогодоо тулгуурлаад өөрийн санасан хэмжээнд сайн төсөл оруулж ирэх байтал маш түүхий төсөл оруулж ирсэнд шүүмжлэлтэй хандсан ч Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэлийн төслийг хэлэлцүүлгийн явцад засаж сайжруулъя гэсэнтэй санал нэг байгаагаа илэрхийлэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсэн, С.Ганбаатар, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нар төслийг сайжруулахад чиглэсэн саналуудыг  хэллээ.

Санал хэлсэн гишүүд эмийн чанарт хяналт тавих, үнийг шударгаар тогтоох, эмийн нэгдсэн худалдан авалт хийх, малын эмийг тусад нь зохицуулах, хөндлөнгийн хяналтын механизмыг хүчтэй ажиллуулах, эм импортлогчдын монополь эрхийг чөлөөлөх зэрэг саналуудыг гаргасан юм.

Ийнхүү хэлэлцээд Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 85.7 хувийн саналаар дэмжсэнээр Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

ШИНЭ МЭДЭЭ