2020.10.20
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Т.Энхтүвшин: Өвчлөл ихтэй бүсийн малаа эрүүлжүүлэх тал дээр анхаарч ажиллаарай
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.20/ хуралдаанаар Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл түүний орчин, нөхцөл, чанарын хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг, Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай болон “Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Байнгын хорооны гишүүд тогтоолын төслүүдтэй холбоотойгоор ажлын хэсгийн гишүүдээс асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
“Тогтоолын төслүүдийг зарчмын хувьд дэмжиж байна. Үүн дээр анхаарах 2 зүйл байгааг асууя.
- Өвчлөл ихтэй бүсүүд байна. Жишээлбэл зүүн бүс. Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг. Цэцэг, Шүлхий өвчний голомттой. Энд эрүүл бүсээс мал оторлуулах талаар бодож үзээрэй. Хамаагүй отор нүүдэл хийгээд өвчтэй бүсээс өвчингүй бүс рүү халдвар тээх эрсдэл бий. Энэ нь эргээд малын махаа экспортлох асуудалд эрсдэл дагуулна. Халдварт өвчтэй бүсийн малын махыг хэрхэн экспортлох вэ? БНХАУ-ын зүгээс өвчлөлтэй бүсээс малын гулууз махыг авахгүй гэж байгаа. Үүнийг цаашид яах вэ? Дулааны аргаар боловсруулах үйлдвэр байгуулах юм уу? вакцины асуудал, зүүн бүсийн малаа яаж эрүүлжүүлэх вэ?
- Махаа экспортлохоос гадна дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах, худалдан борлуулах тал дээр ямар арга хэмжээ авах вэ? малчид өнөөдөр муулсан малынхаа гэдэс дотрыг булаад л хаяж байна. Экспортлох боломжтой юу? Ямар бодлого баримтлах вэ?
- Отор нүүдэл эхэлсэн. Дорноговь аймагт өнөөдрийн байдлаар 300 мянга гаруй мал отроор ирсэн байна. Энд усны асуудал их байна. Ялангуяа усны асуудлыг шийдэхгүй бол малчид хооронд олон маргаан, асуудал гардаг. Говийн бүс онцгой анхаарах хэрэгтэй. Малын тоо толгойноос хамаарч өвч тэжээлийн дэмжлэгийг мөн үзүүлэх нь зүйтэй.
Говийн бүс мал багатай гэх үндэслэлээр өвч тэжээлийн дэмжлэг бага очих талтай байдаг шүү.”