УИХ-ын дарга Г.Занданшатар: “Халамжаас бүтээмжид шилжих нь улсаа өөд татах зорилгын чухал хүчин зүйл байх болно”
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Тус аймагт энэ жил зун сайхан болжээ. Бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, 2020 онд л гэхэд 155 тэрбум төгрөгийн ажил хийгджээ. Сүүлийн 4 жилд 80 км авто зам, 12 сургууль, 7 дотуур байр, 5 соёлын төв, төрийн үйлчилгээний 6 байр, 73 гүүр, 20 км гэрэлтүүлэг зэрэг 327 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн талаар аймгийн Засаг дарга А.Гылымхан танилцууллаа.
Баян-Өлгийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж, улсаас авах татаас багасаж, дотоодын аялал жуулчлал 2016 онтой харьцуулахад бараг 4 дахин нэмэгдэж, 25.000-д хүрч, иргэдийн хадгаламж 122 тэрбум төгрөг болж, хүний хөгжлийн индекс, хөгжлийн үзүүлэлтүүдээрээ тэргүүлэх аймгийн нэг болсон байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Ковид 19” цар тахлын улмаас улсын эдийн засаг амаргүй байгаа. Гэхдээ төр засгаас эдийн засгаа тэтгэх, иргэдээ хямралд нэрвүүлчихгүй байх талаар онцгой анхаарч, нийгмийн халамж хамгааллын бодлого хэрэгжүүлж байна. Бодит байдлыг ард иргэддээ сайн ойлгуулж, хариуцлагатай, ёс зүйтэй ажиллах ёстой. Халамжаас бүтээмжид шилжих нь улсаа өөд татах зорилгын чухал хүчин зүйл байх болно” гэж төрийн албан хаагчидтай уулзах үеэрээ хэллээ.
Түүнчлэн мал аж ахуй, газар тариаланг эрчимжүүлж бүс нутгийн экспортын төв болох, Асгатын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр өгөөжийг нь орон нутгийн хөгжил, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглүүлэх, өсөн нэмэгдэж байгаа аялал жуулчлалын урсгалыг бодлогоор дэмжиж орлогоо нэмэгдүүлэх зэрэг боломжийг бодит ажил хэрэг болгохын төлөө санаачилгатай, зүтгэлтэй, нэг зорилготой ажиллахыг хүсэв.\
Тэрбээр Өлгий сумын 7-р цэцэрлэг, 7-р бага сургууль, бүрэн дунд боловсролын 5-р сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Бага сургууль, цэцэрлэг нь аж ахуйн аргаар барьсан байртай бол 5-р сургууль зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг юм байна. 60 хүүхдийн цэцэрлэгт 175 хүүхэд хүмүүжиж, 350 хүүхдийн бага сургуульд 510 сурагч суралцаж, 928 хүүхдийн багтаамжтай 5-р дунд сургууль 2360 сурагчтай байна. Хоёр сургууль хоёулаа 3 ээлжээр хичээллэдэг, цайны газар, урлагийн танхим, номын сангүй аж. 7-р сургууль төвийн дулаан, цэвэр, бохир усны сүлжээнд холбогдоогүй, 5-р сургууль сонгон суралцах болон дугуйлан, секцээ бямба, ням гарагт явуулдаг гэнэ.
Тиймээс шинэ байр, өргөтгөл барьж өгөх хөрөнгийг төсөвт суулгаж өгөхийг УИХ-ын даргаас хүслээ. Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр эдгээр сургууль, цэцэрлэгийн барилгын асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгээ Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр хэллээ.
Баян-Өлгий аймгийн иргэд ажилгүйдлийг багасгах, нэгдсэн эмнэлгийн оношлогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, бүсийн нэмэгдлийг дорвитой шийдвэрлэх, Өлгийн нисэх буудлыг олон улсынх болгож өргөтгөх, эвээ эрхэмлэж, монгол казах иргэдийн хооронд яс хаях гэсэн явуургүй оролдлоготой хатуу тэмцэх зэрэг саналыг дэвшүүллээ.
УИХ-ын гишүүн Т.Аубакир говийн аймгуудад өрнөж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудтай танилцсаныхаа дараа Баян-Өлгий аймгийн ажилгүй байгаа залуусыг эдгээр бүтээн байгуулалтад оролцуулах санаачилга гаргаж, эхний ээлжинд 10 залууг Дорноговь аймгийн МСҮТ-д 200.000 төгрөгийн тэтгэлэгтэй сургахаар болсноо танилцууллаа.
Эдгээр залуус ирэх хавар гэхэд мэргэжил эзэмшиж, сургалтаа дүүргээд эх орныхоо ирээдүйг тодорхойлох бүтээн байгуулалтад оролцож, ажилтай орлоготой болно. Казахын ард түмэн Монгол Улсын өнцөг булан бүрд өрнөсөн Налайх, Багануур, Шарын голын уурхайг байгуулах, атар газар эзэмших зэрэг их бүтээн байгуулалтад гар бие оролцож, алдар гавьяагаа дуурсгаж байсан сайхан уламжлалыг шинэ үеийнхэн өвлөн уламжлуулах нь нэр төрийн хэрэг юм гэж тэрбээр хэллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Т.Аубакир, Х.Баделхан, Б.Бейсен, сайд А.Ариунзаяа, Б.Мөнхбаатар, Т.Мөнхсайхан, дэд сайд Г.Ганбаяр, С.Зулпхар нар уулзалтын төгсгөлд үг хэлж, иргэдийн тавьсан асуултад хариуллаа.
Г.Занданшатар даргын аав Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Гомбожавтай андлан нөхөрлөж, хамтран ажиллаж явсан ахмад буурал аксакалууд дурсамж өгүүлж, Их Хурлын даргадаа хуулиар засаглаж шударга ёсыг тогтоох, улс орноо сэргээн мандуулж, хөгжил дэвшилд хүргэх эрхэм үйлстээ их амжилт олохыг хүсэн ерөөв.