МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөдөө аж ахуйн салбарын бодлогыг дэмжих лобби бүлэг байгууллаа
2020.08.28
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Хөдөө аж ахуйн салбарын бодлогыг дэмжих лобби бүлэг байгууллаа

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогыг дэмжих, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих зорилготой Улсын Их хурлын гишүүдийн лобби бүлэг байгуулагдлаа.

Уг лобби бүлгийн гишүүд малчид, тариаланч, үйлдвэрлэгчдийн нийгмийн асуудлыг анхаарах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх, салбарын хууль тогтоомжийг сайжруулах чиглэлд ажиллана гэдгээ илэрхийллээ.

Монгол Улсын хөгжлийн гол салбарын нэг мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх, үндэсний баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжихэд лобби бүлгийн гишүүд манлайлан ажиллана. Бэлчээрийн менежментийг сайжруулах нь манай улсын хувьд нэн даруй шийдэх чухал асуудлын нэг. Аймгуудад 7-9 хувиар бэлчээрийн даац хэтэрчихсэн байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Иймээс бэлчээрийн нөөцийн менежментийг сайжруулах холбогдох хууль эрх зүйн орчныг шинэчлэх, газар тариалангийн салбарт дэмжлэг үзүүлэх асуудлын хүрээнд хууль санаачилж, идэвхтэй ажиллана. Манай улсын жилийн экспортын 8.7 хувийг хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүн эзэлж байна. Үүнийг нэмэгдүүлэх боломж бүрэн байгаа учраас Засгийн газартай нягт хамтран ажиллана. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ажлын байр нэмэгдүүлж, иргэдийн орлогыг нэмэгдүүлж байгаа, экспортыг нэмэгдүүлсэн, эдийн засагт чухал ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрийг санхүүгийн боломжит бүх нөхцөлийг ашиглан нэмэгдүүлнэ” гэсэн заалтыг гишүүдийн санаачилгаар оруулж чадсан. Тиймээс зөвхөн төсвийн хөрөнгийг харалгүйгээр бусад эх үүсвэрээс санхүүжилт босгож хөдөө аж ахуйн салбараа дэмжих боломж бүрдсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат хэллээ.

Уг лобби бүлэгт Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Ш.Адьшаа, С.Амарсайхан, А.Адъяасүрэн, Ц.Анандбазар, П.Анужин, Т.Аубакар, Т.Аюурсайхан, Ё.Баатарбилэг, Ж.Батжаргал, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Д.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Б.Бейсен, Ц.Туваан, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Г.Ганболд, Н.Ганибал, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Ч.Ундрам, О.Цогтгэрэл, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Т.Энхтүвшин, Б.Пүрэвдорж нар орохоо илэрхийлж, гарын үсэг зуржээ.

ШИНЭ МЭДЭЭ