Л.Энх-Амгалан: Би улсаас хулгайлаагүй, оффшорт нэг ч төгрөг нуугаагүй, улсынхаа шилдэг татвар төлөгч иргэн
2020.06.11
Улстөр

Л.Энх-Амгалан: Би улсаас хулгайлаагүй, оффшорт нэг ч төгрөг нуугаагүй, улсынхаа шилдэг татвар төлөгч иргэн

УИХ-ын сонгуулийн 17-р тойрог, Хөвсгөл аймагт МАН-аас нэр дэвшигч УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн хөрөнгө орлого нь огцом өссөн гэх гомдлыг тус аймагт бие даан нэр дэвшигч Д.Совд мэдээлэл гаргажээ. Энэ асуудалтай холбоотой УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хууль хяналтын байгууллагуудад хандан шалгуулсан байна.

-УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Л.Энх-Амгалан гишүүнд холбогдох хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой ямар нэг зөрчил дутагдал гараагүй, АТГ, Татварын ерөнхий газраас ч зөрчилгүй гэх материалыг ирүүлсэн. Л.Энх-Амгалан ёс зүйтэй гишүүн гэдгийг нотолсон. Л.Энх-Амгалан гишүүн өөрийн мэдлийн хувьцааг худалдаж борлуулсан тул хөрөнгө орлого нь өссөн дүнтэй харагдаж байгаа бөгөөд хувьцаа худалдан борлуулсан орлогоосоо оногдох татвар болох 1,2 тэрбум төгрөгийг Нийслэлийн татварт ном журмынх нь дагуу төлсөн байна.

Төлсөн татварынхаа хэмжээгээр “Шилдэг татвар төлөгч иргэн” болсон тухай Татварын Ерөнхий газраас тайлбарыг ирүүлсэн. Би хувьдаа Л.Энх-Амгалан гишүүний нүдний хор, сэтгэлийн хир нь арилсан төрд бэлтгэгдсэн парламентч гэж би дүгнэдэг. Хууль зүйт төр эцсийн мөчид ёс зүй дээр очиж тулгуурладаг” гэх мэдээллийг олон нийтэд өгсөн.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан өөрийн сошиал хуудсандаа “Миний эсрэг гаргаж байгаа баримт, ярьж байгаа үг, өгүүлбэр болгон нь ёс жудгаа уландаа гишгэж, олон түмнийг төөрөлдүүлэх явуургүй аргаар өрсөлдөж байгаад харамсч байна. Би өөрөө хүсэлт гаргаж АТГ, УИХ-ын ёс зүйн дэд хороо, Цагдаагийн байгууллага, татварын Ерөнхий газруудад хүсэлт гарган шалгуулж, хууль зөрчөөгүй гэдгээ нотолсон болно. Залуу хүнд иргэдээ гэсэн мөрөөдөл, нутгаа гэсэн сэтгэл илүү байх ёстойгоос биш намайг харлуулах, гүтгэх тийм ч сонин биш болов уу. Сонгуулийн хугацаанд өөрийн зүгээс сэтгэл цэвэр, нэр цэвэр бодлогоор өрсөлдөж, бусад нэр дэвшигчиддээ хүндэтгэлтэй хандан, хэн нэгнийг муулах бус сайныг нь хэлж, саарыг засч явах болно” гэсэн тайлбарыг өгчээ.

Мөн тэрээр "Би иргэн хүнийнхээ хувьд компанийнхаа хувьцааг зарсан орлогоосоо Улаанбаатар хотынхоо төсөвт өнгөрсөн жил 1.2 тэрбум төгрөгийн татвар төлж, нийслэлийнхээ тэргүүний татвар төлөгч болсон. Би үүгээрээ бахархдаг. Би оффшорт нэг ч төгрөг нуугаагүй,  орон доороо нэг ч төгрөг хадгалахыг хүсдэггүй, би төрөөс нэг ч төгрөг хулгай хийгээгүй. Төрөөс хулгай хийхгүй гэж тангараглаж, төрдөө зүтгэж яваа. Тиймээс ч би бизнесийнхээ бүх хувьцааг зарсан. Зарсан орлогоосоо би улсдаа татвараа төлсөн. Намайг муулах, харлуулах зорилготой нэр дэвшигчид сум бүр, аймагт гүтгэж явна. Бид нэгнийгээ гүтгэх бус бодлогоороо, мөрийн хөтөлбөрөөрөө уралдах ёстой" гэлээ. 

ШИНЭ МЭДЭЭ