Мөрөн хотын хогийн цэгийн хамрах талбайг багасгана
2017.11.14
Орон нутгийн хөгжил

Мөрөн хотын хогийн цэгийн хамрах талбайг багасгана

Хөвсгөл аймгийн төв Мөрөн сум хүн амаараа Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн дараа ордог. Албан бусаар Монгол Улсын 4 дэх хот ч гэж яригддаг. 11 мянган өрхтэй 45 мянга орчим иргэдтэй том сум юм.

Манай улсын аялал жуулчлалын гол бүс болох Хөвсгөл нуурыг зорьсон гадаад дотоодын жуулчдын урсгал заавал Мөрөн сумаар дайрдаг. Аймгийн төвийг хоггүй цэвэр орчинтой байлгах, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, замын тоог нэмэгдүүлэх ШИНЭ Мөрөн төсөл хэрэгжиж эхлээд 9,8 км авто зам, баруун хэсгийн 3 багт гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэжээ.

Ирэх 2018 оноос Мөрөн сумын бүх багийн гэр хорооллын гудамжыгхамарсан гэрэлтүүлэг, камержуулах ажлыг эхлүүлэх, Хогийн менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж хог ялгах, дахин боловсруулах жижиг үйлдвэрүүдийг барихаар төлөвлөж байгаа талаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ярьлаа. 

Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвд нийт 70-80 ажилтантай бөгөөд 1 ажилтан сард дунджаар 70-100 тонн хогийг гараар ачдаг байна. 2013 оноос парк шинэчлэл хийгдээгүй, ашиглагдаж байгаа машинууд 1970 аад онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн зил-130 машинууд хог ачих үйлчилгээнд явдаг учраас орчин үеийн түрдэг, өөрөө ачигч авто машинууд нэн шаардлагатай байгаа талаар Мөрөн сумын удирдлагууд танилцуулсан.

Мөрөн сумын 13 дугаар багийн гэр хороолол урагшаагаа тэлж хогийн цэг, цэвэрлэх байгууламжтай тулж очсон нь иргэдийн ая тухтай амьдрах орчинд нөлөөлдөг болжээ. Мөрөн хотын хогийн цэг, цэвэрлэх байгууламжийн одоо ашиглаж байгаа аргачлал нь байгалийн хөрсөнд булах, шингээх замаар гүйцэтгэж байгаа нь байгаль орчинд ээлгүй, хөрс, агаарыг их хэмжээгээр бохирдуулах нөхцлийг бий болгож байна.

Тиймээс  Шинэ Мөрөн хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын гэр хорооллын айл өрхүүдийн хөрсний бохирдлыг багасгах зорилгоор эко ариун цэврийн байгууламжийн төслийг туршилтаар эхлүүлэх, хогийг дахин боловсруулах чиглэлээр ажлын байр нэмэгдүүлэх, хогийн цэгийн эзлэх талбайг багасгах, цэвэрлэх байгууламжийн төслийг Герман улсын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх зорилт тавьжээ.

ШИНЭ МЭДЭЭ