Тусламжийн өвс тэжээлийг хөнгөлттэй үнээр нэмж олгуулах талаар Шадар сайдад хандлаа
2020.02.28
Орон нутгийн хөгжил

Тусламжийн өвс тэжээлийг хөнгөлттэй үнээр нэмж олгуулах талаар Шадар сайдад хандлаа

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт, Цэцэрлэг сумдын цасны зузаан гуу жалгандаа 60-120 см, малын бэлчээр 40-45 см цастай, 10 сарын сүүлээс 16 удаагийн их хэмжээгээр орсон цас доороо мөстөж хөр суусан.

Шинэ-Идэр, Төмөрбулаг сумдын хэд хэдэн багт байдал хүнд, Их-Уул, Рашаантын урд багууд зурваслан хүндэрч байна. Өчигдрийн байдлаар Жаргалант суманд 25,000, Галт 9084, Цэцэрлэг 1745, Шинэ-Идэр 6010, Төмөрбулаг 5154, Рашаант 3031, Их-Уул 2058, Арбулаг 1300, Тосонцэнгэл 900, Цагаан-Уул 600, Бүрэнтогтох 882 орчим мал хорогдсон байна. Аймгийн онцгой комисс нөхцөл байдал хүндэрсэн болон хүндрэх эрсдлийн үнэлгээг Хөвсгөл аймгийн 11 суманд хийгээд байна.

Шадар сайдаар ахлуулсан Улсын онцгой комисс Хөвсгөл аймагт ажиллаж тодорхой хэмжээний өвс, тэжээлийг үнэгүй болох хөнгөлттэй үнээр дээрх сумдад хуваарилсан боловч зудтай сумдын малчдын хэрэгцээг бүрэн хангах хэмжээнд биш байгааг дээрх сумын удирдлагууд утсаар мэдээллээ. Мөн зэргэлдээх Архангай аймаг болон өөрийн аймгийн сумдад отор нүүдлээр очсон малчдад эрүүл мэндийн тусламжийг цаг алдалгүй хүргэх, алсын дуудлагад явахад туулах чадвар сайтай автомашины хүсэлтийг өнөөдөр Эрүүл мэндийн сайдад уламжиллаа.

Зарим сумд өнөөдрөөс эхлэн нутгийн зөвлөлүүд, нутгийн зон олондоо хандаж тусламжийн аяныг зохион байгуулах саналыг хүргүүлээд байна. Зудын нөхцөл байдлын талаар аймгийн онцгой комисс, сумдын удирдлага, холбогдох хүмүүстэй холбоотой ажиллаж, өөрөөс хамаарах бүх ажлыг шуурхай зохион байгуулж, хамтарч ажиллах болно. Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлөөс 2011 оны өвөл Хөвсгөл аймгийн ихэнх сумд зудын байдалд шилжсэнтэй холбогдуулан тусламжийн өвс, тэжээлийг малчиддаа хүргэх аяныг санаалчан зохион байгуулж байснаас хойш, 2013 оны хаваржилт хүндэрсэн Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумдад тусламжийн өвс тэжээл, 2018 онд өвөлжилт хүндэрсэн Галт, Жаргалант суманд өвс тэжээлийн тусламжийг тус тус хүргүүлэн ажиллаж байсан билээ.

2019-2020 онд өвөлжилт хаваржилт хүндэрсэн нэр бүхий 6 суманд тусламжийн өвс тэжээлийг хөнгөлттэй үнээр нэмж олгуулах талаар Монгол Улсын Шадар сайдад хандлаа.

ШИНЭ МЭДЭЭ