МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ё.Баатарбилэг: Давтлагыг сайн дурын үндсэн дээр зохион байгуулна
2020.05.07
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ё.Баатарбилэг: Давтлагыг сайн дурын үндсэн дээр зохион байгуулна

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Т.БАТСАЙХАН

БСШУС-ын сайд  Ё.Баатарбилэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


 

-Засгийн газраас ХII ангийн хүүхдүүдэд давтлага өгөх, танхимын сургалтын үйл ажиллагааг нээх шийдвэр гаргалаа.  Салбар яамны зүгээс  ЭЕШ-ын бэлтгэлийг хэрхэн хангаж байна вэ?

-Энэ жил 28 мянга 500 хүүхэд ХII анги төгсөж байна. Үүн дээр өмнөх жилүүдэд ЭЕШ өгөөгүй давтан өгөх шаардлагатай 30 гаруй мянган хүүхэд бүртгүүллээ. Төгсөлт болон ЭЕШ-тай холбоотой зохион байгуулалтын ажлыг яамнаас хийж байна.  Улсын хэмжээнд нэг өдөр, тогтсон  цаг хугацаанд болно. Дүнг нь шууд танилцуулах юм.  Коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор хичээл сургалтын үйл ажиллагааг хаасанд хүндрэлүүд гарч байна.  Ялангуяа ХII ангийн сурагчид маань ЭЕШ-даа бэлтгэх, хэрхэн орох талаар нэгдсэн мэдээлэлгүй байна. Тиймээс энэ талаар холбогдох байгууллагуудтай зөвшилцлөө. Мөн Улсын хэмжээнд эцэг эхчүүд сурагчдын дунд санал асуулга явуулсан. Тэд багш нараасаа давтлага авмаар байна гэсэн саналыг маш ихээр ирүүлж байна.  Үүний  үндсэн дээр Засгийн газраас зөвхөн ХII ангийн хүүхдүүдэд ЭЕШ-д бэлтгэх давтлага өгөхийг зөвшөөрсөн тогтоол гаргаад байна.  Тавдугаар сарын 11-нээс эхлэн нэг сарын хугацаанд давтлага зохион байгуулна.  Ингэхдээ тогтсон хуваарийн дагуу нэг ангид цөөн хүүхэдтэйгээр хорио цээрийн дэглэмийн дагуу явуулах юм. Арван төрлийн улсын шалгалт байгаа.  Үүн дээр хүүхдүүдээ групп болгоод хуваариа гаргах юм.   Улсын  хэмжээнд бүх сургуулиудад давтлага явуулах удирдамжийг хүргүүлнэ.  Тухайн анги танхим ямар байх, нэг танхимд хэдэн хүүхэд хэдэн цагаар хичээллэх вэ гэдгийг нарийвчлан заасан байгаа.   Энэ нь нийт төгсөгчдад маань ЭЕШ-аа амжилттай өгөхөд тусална.   Улмаар их, дээд сургуульд элсэн ороход нь нэмэр болох учиртай үйл ажиллагаа юм.  Гэхдээ давтлагын үйл ажиллагааг суралцагчдад албадахгүй сайн дурын үндсэн дээр зохион байгуулна гэдгээрээ онцлогтой.

-Өмнө нь сурагчдад цахимаар хичээл орж байсан.  Энэ сургалтад хамрагдаагүй хүүхэд олон байгаа болов уу.  Сурагчдын мэдлэгийн түвшин хэр ялгаабайгаа бол?

- ЭЕШ-ын материал боловсруулах газарт манай яамнаас чиглэл өгсөн. Цаг үеийн нөхцөл байдлыг харгалзана материал боловсруулсан.  Ахлах анги буюу арав, арваннэгдүгээр ангийн хичээлүүдийг бататгасан ийм асуулт, тестүүд нэлээд орж ирнэ.  Тэгэхээр хүүхдүүдэд хүндрэлтэй асуудал гарахгүй.  Эцэг эхчүүдийн зүгээс янз бүрийн санал бодол гарч байна.   Сургалтын үйл ажиллагаа завсардлаа гэсэн санаа зовнил байна.  Үүнийг буруутгах аргагүй.  Гэхдээ дэлхий ертөнцөөрөө ийм нөхцөл байдал үүслээ.  Урт богино хугацаагаар бүгдийнх нь хичээл сургалтын үйл ажиллагаа зогсож байна.  Коронавирус боловсролын салбарт нэлээд том сорилт боллоо.  Тэгэхээр ганцхан Монгол Улсын боловсролд хамааралтай асуудал биш учраас тайван байх хэрэгтэй.  Засгийн газрын зүгээс энэ аймшигт цар тахал дэлхийг айлгаж байхад хүүхдүүдээ хохирох вий гэсэн эрсдлийг тооцох бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.  Теле хичээлийг ч амжилттай зохион байгуулсан.

-Теле хичээлтэй холбоотой  статистик, судалгаа гарсан уу?

-Манай багш нар өнгөрсөн хугацаанд гэртээ зүгээр суусангүй. Анги даасан багш нар хүүхэд болгонтой холбоотой ажилласан.  Хүндрэлтэй асуудал байсан, үүнийг үгүйсгэхгүй.  Ялангуяа хөдөө орон нутаг, алслагдсан сум, багийн төвүүдэд хүүхдүүд хичээлээ бүрэн дүүрэн үзээгүй.Гуравдугаар сарын сүүлчээс эхлээд улс орон даяар мал төллөлт болсон.  Хөдөө эцэг эхдээ тусалсан.  Интернэт байдаггүй газрууд ч байна.  Би сая орон нутагт хэд хэдэн газраар орлоо.  Багш нартай уулзсан.  Тэд маань утсаар хүүхдүүдтэйгээ холбогдож байна.  Тодорхой хуваарь гаргаад гэрээр нь тойрч хичээл, номыг нь шалгасан байна.  Мэдээж танхимын сургалтаас үр дүн муутай.   Гэхдээ ямар ч гэсэн манай багш нар боломжийнхоо хэрээр ажилласан гэдгийг хэлмээр байна.  Үүн дээр эцэг эхчүүдийн маань оролцоо чухал байлаа. Цаашид теле хичээлийг оруулахаас өөр арга байхгүй.  Манай сургалтын туршлагыг ЮНЕСКО-гийн гишүүн орнуудад хэрэгжүүлэх талаар судалж байгаа гэсэн байна.  Ер нь манай улс шиг ийм урт хугацаагаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа зогсоосон улс байхгүй.  Азийн ихэнх оронд яг ид тархалтын үед хичээлийн амралт эхэлсэн байлаа.  БНСУ-ын хувьд одоогоор хичээлээ эхэлж байна.

-Бусад ангийн хүүхдүүдийн дүнг гуравдугаар улирлын дүн дээр суурилж гаргана гэсэн.  Энэ талаар тодруулахгүй юу?

-Улсын шалгалт гэж байхгүй.  Гэхдээ бүх хүүхдүүд анги дэвших шалгалт өгнө.  Анги дэвших шалгалтыг яаж өгөх талаар ярилцаж байна.  Мөн танхимын сургалтаар явагдаж байсан хоёрдугаар улирлын  дүнг нь бууруулахгүйгээр гаргана.  Мөн теле хичээлийн явцыг харна. 

-Их, дээд сургуулиа төгсөж байгаа оюутнуудыг хэрхэн төгсгөх вэ.  Энэ талаар ямар зохицуулалт байна вэ?

-Энэ жил 20 гаруй мянган залуус их, дээд сургуулиа төгсөж байна.  Хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын холбоо, консерциумтай хамтарч оюутнуудаа хэрхэн төгсгөх вэ гэдэг дээр зарчмын шийдэлд хүрсэн.  Бүх шалгалтуудаа онлайнаар авна.  Их дээд сургууль болгон оюутнуудаа зургадугаар сарын 15-нд багтаж төгсгөнө.  УОК-той ярилцаад төгсөлтийг намар хийх үү, наана нь зохион байгуулах  уу гэдгийг ярьж байна.  Коронавирусын тархалтын үед хөдөө орон нутагт байдаг оюутнуудаа нааш цааш нь явуулахгүйгээр төгсгөнө.  Сургуулиуд маань эхнээсээ төгсгөх ажиллагааг зохион байгуулаад явж байна.

-Багш нарын ажлын ачааллыг бууруулах тал дээр та ямар ажил хийсэн бэ?

-Сүүлийн жилүүдэд багш нарын ажлын ачаалал ихэсч байна.  Тэд маань нийт ажлын 47 хувийг яг багшлахад зориулдаг.  Бусад 63 хувь нь бичиг цаасны ажилтай байна.  Мөн агуулгын маш олон давхцал байна. Олон улсын жишгээр бол ажлынхаа 85 хувийг багшлах чиг үүрэгтээ зориулж, 15 хувийг нь хөтөлбөр боловсруулах, өөрийгөө хөгжүүлэх зэрэг бусад ажилд зохицуулдаг юм билээ. Мөн сурагчдын ачаалал их байгааг судалгаа харуулж байна. . Сургалтын агуулга, зорилтыг анги тус бүрээр нь гаргаад үзэхэд жигд бус, хөрөөний ир шиг дүр зураг харагдаж байна. Сургалтын агуулга бол хүүхдүүдийн насны онцлогт тохирсон, агуулгын давхцалгүй, жигд өсөлттэй байх ёстой.  21 аймаг, есөн дүүргийн багш нарын төлөөлөл болсон сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын багш нарын Үндэсний багуудыг бүрдүүлж, одоо хэрэгжиж байгаа ЕБС-ийн сургалтын “Цөм” хөтөлбөрийг сайжруулсан.  Сургалтын хөтөлбөрийг гардан хэрэгжүүлэгч багш нар хөтөлбөртөө өөрсдөө дүн шинжилгээ хийж, засаж залруулах олон зүйл байгааг илрүүлж, тодорхой дүгнэлтүүдийг гаргаж  тодорхой үр дүнд хүрсэн.

ШИНЭ МЭДЭЭ