МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Энхболд: Төмөр замын бүтээн байгуулалтын ажил Таван толгой ХК-ийн ажлын үр дүнтэй шууд холбоотой
2020.03.18
Зам, Тээвэр

Н.Энхболд: Төмөр замын бүтээн байгуулалтын ажил Таван толгой ХК-ийн ажлын үр дүнтэй шууд холбоотой

Эх сурвалж. Өдрийн сонин,О.Ариунцэцэг

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой ярилцлаа.


-Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцож буй төмөр замын бүтээн байгуулалтын ажил ямар шатанд яваа бол?

-Хоёр жилийн өмнөөс Зэвсэгт хүчний анги салбарууд улсын хэмжээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй, өргөн цар хүрээтэй оролцож эхэлсэн. Үүний эхний үр дүн гарч нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн нэг том хэсэг болох хүнд даацын 18 км замыг барьж улсын комисст сайн дүнтэй хүлээлгэн өгсөн. Монголчууд өөрсдийнхөө хүчээр хүнд даацын машин замыг чанарын сайн үзүүлэлттэй хийсэн гэдгээрээ онцлог. Зэвсэгт хүчнийхний хувьд ч бахархам сайхан үйл явдал болсон. Чанартай, сайн гүйцэтгээд зогсохгүй төсөвлөгдсөн өртгөөсөө хямд зардлаар барьсан. Энэ зөрүүгээр нь бид Зэвсэгт хүчнийхээ барилга, инженерийн ангиудыг техник, тоног төхөөрөмжөөр хангах, хүмүүсийнхээ чадавхыг дээшлүүлэх тал дээр ахиц гаргаж чадсан. Хоёр дахь том ажил нь мэдээж Таван толгой-Зүүнбаян чиглэлийн шинэ төмөр замын төсөл юм. Энэ төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб орж, хувийн хэвшлийн 60 орчим том, жижиг компаниудыг удирдан ажиллаж байна. Бид өнгөрсөн өвөл зогсолтгүй ажиллалаа.

-Өвлийн хугацаанд ямар ажлууд амжуулав?

-Хийж болохуйц газар шорооны ажлуудаа хийлээ. Мөн үйлдвэрийн газруудад хийж болох ажлуудаа ч урагшлуулсан. Замын доогуур тавих хоолой, бусад бэлдэцүүдээ бэлдэж, хайгуулын зарим ажлуудыг хийлээ. Цагаан сарын хугацаанд түр завсарлаж, гуравдугаар сарын эхээр дахин ажлаа эхлүүлсэн. Үндсэндээ одоо бүтээн байгуулалтын ажил эхэлчихсэн явж байна.

-Бүтээн байгуулалтын ажлыг яг хэдийд дуусгана гэж зорьж байгаа вэ?

-Их том зорилт тавьсан. Болж өгвөл энэ оны эцэс гэхэд энэхүү 400 гаруй км төмөр замын хөдөлгөөнийг нээх хэмжээнд ажлаа гүйцэтгэнэ гэж төлөвлөсөн. Төлөвлөлтүүдийг өнгөрсөн намраас эхлэн хийсэн. Энэ ажилд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга онцгой анхаарал тавьж ажиллаж байна. Бид нараас үл шалтгаалах хүчин зүйлүүд үүсчихгүй л бол энэ оны эцэс гэхэд төмөр замынхаа хөдөлгөөнийг нээнэ. Гэхдээ тээвэр хийгээд эхэлнэ гэсэн үг биш. Ямар ч байсан вагон явуулаад үзэхэд болох хэмжээнд аваачихаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

-Бүтээн байгуулалтын ажил эрчимжиж байгаатай холбоотойгоор цэргийн албан хаагчдыг нэмж татах уу?

-Бид цэрэг татлага явуулахдаа 2018 оноос эхлээд зам, барилгын чиглэлээр мэргэшсэн хүмүүсийг уг бүтээн байгуулалтад оролцохыг урьж, сурталчилж байгаа. Харамсалтай нь бидний хэрэгцээнд хүрэх хэмжээний мэргэжлийн хүмүүс ирэхгүй байна. Ерөнхийдөө хугацаат цэргийн албан хаагчдаас бүтээн байгуулалтын ажилд нарийн мэргэжил шаардахгүй ажилд цөөн тоогоор л оролцдог юм.

Үндсэндээ ажлыг мэргэжлийн ахлагч, офицерууд л голлож хийж байна.Онцлоход, Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүний 70-80 орчим хувь нь дандаа мэргэжлийн албан хаагчид байдаг. Шаардлага хангасан эдгээр хүмүүсээс бүтээн байгуулалтын ажилд нэмж ажиллуулах боломж байгаа. Бид МСҮТ-ийн төвүүдтэй хамтран албан хаагчдаа сургах ажлыг идэвхтэй зохион байгуулж байгаа. Дээрээс нь цэргийн албанд мэргэжлээрээ ахлагч, офицер болж ажиллая гэсэн хүмүүс Жанжин штаб дээр ирж уулзах боломжтой юм. Бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа цэргийн албан хаагчдын цалинтай холбоотойгоор манай болон Сангийн яамны хамтарсан тушаал гарсан. Цэргийн албан хаагчид энэхүү том бүтээн байгуулалтад оролцоод дууссаны дараа дор хаяж орон сууцны урьдчилгаа төлбөр төлөх, их, дээд сургуулийнхаа төлбөрийн тодорхой хэсгийг төлөх хуримтлалтай болох боломжтой. Оролцож буй ажил, оролцоо, чадавх зэргээсээ хамаарч нэг өдрийн 70 хүртэлх мянган төгрөгийн цалин авахаар тооцож, эрх зүйн талаас нь баталгаажуулж өгсөн. Нарийн мэргэжлийн хүмүүс нь тусгайлсан гэрээ байгуулаад явах боломжтой.

-“Эрдэнэс Таван толгой” ХК өнгөрсөн онд ашигтай ажилласан. Тэр ч утгаараа төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтэд ямар нэгэн гацаа үүсч, төлөвлөгөө удаашрахгүй байх гэж харж байна.

-Төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн олсон ашгаас санхүүжүүлж байгаа. Бид үндэсний үйлдвэрийнхээ ашгаар анх удаа ийм том хэмжээний бүтээн байгуулалт хийж байгаа гэдгээрээ онцлогтой юм. Өнгөрсөн жилийн тухайд ямар нэгэн байдлаар санхүүжилт тасраагүй. Яахав ажлын явцад гүйцэтгэлээ гаргаж санхүүжилтээ авах, тэр хугацаа нь нааш, цааш болох гэх мэт засаж болохуйц алдаа гарч байсан. Өөрөөр бэрхшээл учраагүй. Энэ жил ч гэсэн тус компанийн ашгаас хуваарилагдсан хөрөнгөөр санхүүжээд явна.

-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн тодорхой хувийг хувьчлах шийдвэр гарсан. Зарим улстөрчдийн зүгээс ашигтай ажиллаж буй энэ компанийг хувьчилж, эрх мэдэлтнүүд завших нь гэх байр суурийг илэрхийлж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Энэхүү төмөр замын ажил нь ҮАБЗ-өөс зөвлөмж гарч, тэрний дагуу Засгийн газар хэрэгжүүлж буй сүүлийн жилүүдэд хийгдээгүй том бүтээн байгуулалт. Энэ төмөр зам ашиглалтад орсноор олон давуу тал Монголын эдийн засагт бий болно. Бид төмөр замынхаа сүлжээг өргөжүүлж чадвал хамгийн наад зах нь дотоодын тээвэрлэлтийн асуудлаа шийднэ.Транзит тээврийн орлого нэмэгдэнэ. Гадагшаа гаргаж байгаа бүтээгдэхүүний маань хүрэх хугацаа нь богиносно, харьцангуй үнэ нь хямдарна. Тэр ч утгаараа энэ бүтээн байгуулалтын ажлыг дуусгахын ач холбогдол их. Дээр дурдсанчлан энэ нь Таван толгой ХК-ийн ашгаас санхүүждэг. Төмөр замын бүтээн байгуулалтын ажил Таван толгой ХК-ийн ажлын үр дүнтэй шууд холбоотой гэсэн үг. Таван толгой ХК муугүй ажиллаж байна. Хэрэв бид төмөр замтай байсан бол үүнээс ч илүү ашигтай ажиллахыг үгүйсгэхгүй. Таван толгойг яаж илүү их ашигтай байлгах вэ гэдэг нь монгол хүн бүрийн санаа зовж байгаа асуудлын нэг мөнөөс мөн. Тийм ч учраас ҮАБЗ, Засгийн газар, УИХ-аас шийдвэр гаргаж Таван толгойн уурхайн тодорхой хэсгийг хувьцаа хэлбэрээр олон улсын зах зээлд гаргаж, хөрөнгө босгох бодлого барьсан. Харамсалтай нь энэ шийдвэрийг буруу байсан мэт, энэ Засгийн газар, Уул уурхайн сайдыг зараад идэх гэж байгаа мэт ярьж, нийгэмд буруу дохио өгч байна. Ер нь томоохон зах зээл дээр хувьцаа гаргана гэдэг маш их тооцоо, цаг хугацаа шаардаж, олон талын нөхцөл бүрэлдэж байж шийдэгддэг асуудал. Энэ ажил дөнгөж эхлэх шатандаа л явж байгаа. Түүнээс маргааш гэхэд 30 хувийг нь нэг тэрбум ам.доллараар зарчих гэж байгаа асуудал огт биш.

Миний хувьд саяын ярьсан асуудал газар авч, улстөржөөд Таван толгойн хувьчлал, төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой шийдвэрүүд гацах вий гэдэгт санаа зовж байна. Эдгээр ажлууд нь нэг зөвлөмжийн дагуу шийдэгдэж байгаа юм. Тодруулбал, хувьцаа гаргах, хөрөнгө босгох, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, түүнийг санхүүжүүлэх шийдвэрүүд бүгд нэг дор гарчихсан юм. Нэг шийдвэр дээр үндэслэж гарсан салаа ажлууд гэсэн үг. Сонгууль дөхөж байгаа энэ үед өнөөх шийдвэрийг буруу гээд үзчих юм бол төмөр замын ажлын санхүүжилт ч тасалдана, доголдоно, ажил нь зогсохдоо хүрнэ.Тиймдээ ч дээрх шийдвэрүүдэд ямар нэгэн өөрчлөлт битгий ороосой гэж бодож байна. Арай ч тиймдээ тулахгүй байлгүй гэж найдаж байна даа.

-Таван тэрбум ам.доллараар хувьчилна гэчихээд одоо болохоор нэг тэрбум ам.доллараар хувьчлах гэж байна гэж байсан л даа.

-Олон улсын зах зээл дээр зарагдах хувьцаа ямар үнэд хүрэхийг хэн ч тааж мэдэхгүй. Хувьчилж байгаа объекттэй холбоотой маш олон хүчин зүйлийг тооцож үзэж байж хүмүүс хувьцаа худалдаж авдаг. Тиймдээ ямар хэмжээний өртгөөр зарагдах эсэхийг урьдчилан ярих боломжгүй.

-Коронавирус гарсантай холбоотойгоор бүтээн байгуулалтын ажилд ямар нэгэн саад учрах уу?

-Коронавирус дэгдсэнтэй холбоотойгоор зөвхөн Монголын ч биш, дэлхий нийтийн эдийн засагт сөрөг нөлөө үүсч байна. Манай улсын нүүрсний болон нефтийн экспортод тодорхой хэмжээгээр саад учирсан. Гэхдээ Засгийн газар нүүрснийхээ экспортыг хуучин түвшинд нь хүргэх талаар Хятадын талтай сайтар ярилцаж байгаа. Тодорхой тохиролцоонуудад хүрсэн гэх мэдээлэл байна. Тэр тохиолдолд төмөр замын бүтээн байгуулалтын ажил тасрахгүй явах боломжтой.

-Коронавирусээс урьдчилсан сэргийлэх ажлыг УОК, Засгийн газар сайн зохион байгуулж байгаа боловч халдвар авсан Франц улсын иргэнийг зоргоор нь явууллаа гэж иргэд шүүмжилж байна. Та үүнд юу хэлэх вэ?

-Миний хувьд Засгийн газар, Улсын Онцгой комиссын үйл ажиллагааг хурдтай байж, үйл явдлын өрнөлөөс түрүүлж алхаж чадаж байгаа гэж харж байна. Амьдрал баян юм болохоор аливаа шүүмжлэл гаралгүй л яахав. Бүх зүйлийг 100 хувь баталгаатай хийх боломж хаана ч, хэнд ч байхгүй. Энэ халдварт өвчин нь дэлхийн хэмжээний цар тахал болж чадалтай улс орнууд ч туйлын хүнд байдалд ороод байна. Ямартаа ч УОК, Засгийн газар өөрсдийнхөө зүгээс бололцоотой бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.

-Энхийг сахиулагчдын байгаа газруудад коронавирусийн тархалт ямар байгаа бол. Мэдээж яамны зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж байгаа байх.

-Өмнөд болон Хойд Суданд энхийг сахиулагчид байгаагаас гадна ажиглагч, холбогч офицерууд гадны улс орнуудад ажиллаж байгаа. Тэр бүрийн араас анхаарч, заавар зөвлөгөө өгч ажиллаж байна. Одоогоор манай цэргүүд байгаа газарт их хэмжээгээр коронавирус тархсан зүйл алга. Гэхдээ манайхан бүхий л талын арга хэмжээг авч ажиллаж байгаа.

-АНУ Талибануудтай энхийн гэрээ байгуулж, цэргүүдээ гаргахаар болжээ. Энэ бодитоор хэрэгжиж байгаа юу. Хэрэв тийм бол манайх хэдийд цэргээ гаргах вэ?

-АНУ, Афганистаны Талибаны хөдөлгөөнтэй гэрээ байгуулсан. Энэ гэрээгээрээ АНУ шат дараалалтай цэргээ татан гаргах асуудлыг ярьж байгаа. Цөөн тоогоор гарч эхэлж байх шиг байна. Манайх олон улсын эвслийн хүрээнд тодорхой гэрээ хэлцэл, тохиролцоо хийж, Афганистаны хоёр газарт цэргүүдээ илгээдэг. Тэнд АНУ болон ХБНГУ-ын цэргүүдтэй хамт алба хааж байгаа. Мэдээж тэнд болж байгаа бүхий л үйл явдал, хэзээ, ямар дарааллаар цэргээ гаргах уу гэдэг асуудал АНУ-ын талаас ихээхэн хамаарч байна. Дээрээс нь Талибануудын АНУ-тай байгуулсан гэрээг Засгийн газар нь алга ташин хүлээж аваагүй. Үүнээс үүдэн цэргүүдээ хэзээ гаргах нь эцэслэж шийдэгдээгүй байна. Яг тэр үед бүх цэргүүдээ гаргаад дуусна гэсэн тохиролцоонд хүрээгүй байгаа юм. Манай улс цэргээ 2021 он хүртэл Афганистанд алба хаахыг зөвшөөрсөн албан ёсны шийдвэрээ хууль номын дагуу гаргачихсан. Түүнээс өмнө гарахаар болбол мэдээж гаргаж таарна. Миний хувьд энэ асуудал тийм ч амархан шийдэгдчихгүй болов уу гэж харж байна. Бидний өөрсдийн барьж байгаа зарчим бол тэнд алба хааж буй АНУ, Германы цэргүүд гарч дуусахаас өмнө цэргүүдээ татаж авах явдал. Ийм болзол нөхцөлийн талаарх урьдчилсан саналыг албаны шугамаар ярилцаж байгаа.

-Батлан хамгаалах салбар зарим албан тушаалын орон сууцнуудаа хувьчилж байгаа гэдэг үнэн үү. Ингэх болсон шалтгаан нь юу вэ?

-Батлан хамгаалах салбарт өөрийнх нь мэдлийн тодорхой хэмжээний орон сууцнууд байдаг. Цэргийн албан хаагч тухайн ангид томилогдож, алба хаах хугацаандаа тэрхүү албан тушаалын орон сууцанд амьдардаг юм. Эдгээр албан тушаалын орон сууцуудаас цэрэгт олон жил алба хаасан, алба хааж байгаад тэтгэвэрт гарсан, насан эцэслэсэн ч үр хүүхдүүд нь үргэлжлүүлээд цэргийн алба хааж байгаа гэх мэт хүмүүст байрны элэгдэл, хорогдлыг нь тооцоод хямдруулсан үнээр зарж, хувьчлах шийдвэрийг саяхан Засгийн газрын хуралдаанаар гаргасан юм. Энэ нь Батлан хамгаалах салбарт хуримтлагдсан нийгмийн хамгааллын асуудалд тодорхой хэмжээгээр ахиц гаргана гэдэгт найдаж байна. Яг одоо манай яамнаас ажлын хэсэг гарч хэнд, ямар үнээр худалдаалах талаар хүн тус бүрээр судалж байгаа. Дор хаяж 500 орчим албан тушаалын гэж нэрлэгдэж байгаа орон сууцыг хувьчилна. Эдгээрээс орж ирэх хөрөнгөөр дараагийн албан тушаалын орон сууцуудыг барих юм.

ШИНЭ МЭДЭЭ