Хууль зүйн байнгын хороо намрын чуулганаар 42 хууль, УИХ-ын 7 тогтоолыг батлуулжээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо намрын чуулганаар хийсэн ажлаа тайлагнаж байна. Тус байнгын хороо намрын чуулганаар 42 хууль, УИХ-ын 7 тогтоолыг батлуулжээ.
Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийт 18 удаа хуралдаж, 38 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн 70 төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 14 төсөл, Байнгын хорооны 18 санал, дүгнэлт, 6 танилцуулга, зарчмын зөрүүтэй 195 саналын томьёолол бэлтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлжээ.
Хэд хэдэн томоохон бие даасан хуулиудыг батлуулсан. Үүнд
- Монгол Улсын өмгөөллийн тухай хууль
- Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хууль
- Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль
- Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль
Хуульзүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар: Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэн баталсан. Өчигдөр хуулийн төслийг ёсчилсон. Одоо хоригийн тав хоногийн хугацаа дуусахаар Төрийн мэдээлэлд сэтгүүлд хэвлэнэ. Энэ хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалт олон нийтийн шүүмжлэлийг хүлээсэн. Хууль зүйн яамнаас, Засгийн газраас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барихдаа хөөн хэлэлцэхтэй холбоотой харилцааг оруулж ирсэн.
2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой харилцааг зохицуулахдаа, тоолохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолдог байсан. Харамсалтай нь хууль, шүүхийн байгууллага хэргийг удаашруулах, хугацаа хожих зорилгоор нэг нэг рүүгээ хэргийг шилжүүлэх, цаг хожих замаар хөөн хэлэлцэх хугацааг дуусгах оролдлогыг маш ихээр хийсэн.
Үүнтэй холбоотойгоор тодорхой хэргүүд прокурорын шатанд болон шүүхийн шатанд хэрэгсэхгүй болсон. Ялангуяа авлига албан тушаалын хэргүүд хэрэгсэхгүй болсон нь олон нийтийн дургүйцлийг хүргэсэн. Ингээд Засгийн газраас хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолох журмыг боловсруулж оруулж ирсэн. Энэ нь гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл хугацааг тоолдог аргачлал.
Үүнтэй уялдаад 2017 оны долдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэг буюу авлигын хэргүүдийг шинээр сэргээн тоолох Дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Мөн энэ намрын чуулганаар хар тамхи, мансууруулах бодис хууль зүйн орчны талаарх ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан. Монгол Улс цаашид хар тамхи, мансууруулах бодисын эсрэг иж бүрэн тэмцэл явуулах ёстой гэсэн дүгнэлт гарсан.
Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хамааралтай хүмүүсийг албадан эмчлэх эмнэлэг 10 хүрэхгүй ортой байна. Сүүлийн үед хэрэглээ маш хурдацтай өсч байгаа. Тайлангийн өмнөх оныхоос нэг дахин өссөн. Жил бүр хурдацтай өсч байгаа. Хэрэглээ улам залуужиж байгаа. Харамсалтай нь хууль хяналтын байгууллагууд ялаас чөлөөлж, ялгамжтай ял шийтгэл оноож байна. Энэ төрлийн хэрэгт хууль шүүхийн байгууллагынхан өөрсдөө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байна. Тиймээс төрөөс үүний эсрэг бодлого явуулахгүй бол мафитай болох нөхцөл үүсээд байна. Прокурорууд нь хар тамхи тээвэрлэж яваад баригдсан. Хөнгөн ял аваад энэ хэргээ давтан үйлдсэн. Шүүхийн шатанд энэ төрлийн хэргийг ялгамжтай ялладаг.
Одоо хууль зүйн байнгын хороон дээр хэд хэдэн томоохон хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа. Тухайлбал Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга. Байнгын хороо нэлээд өндөр ачаалалтай намрын чуулганыг дуусгасан. Хаврын чуулганаар хэлэлцэх олон хуулийн төсөл байгаа. Бэлтгэл ажлуудаа завсарлагаанаар хангана гэлээ. Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.