32 хөдөлмөрийн баатар, 25 гавьяат, 357 улсын аваргыг төрүүлсэн 60 ЖИЛ
Монгол Улсад атар газар эзэмшиж, шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлсний 60 жилийн ой энэ онд тохиож буй. Монгол Улсын газар тариалангийн хөгжлийн энэ 60 жилийг Сэлэнгийн тариаланчдаас салгаж ойлгох аргагүй.
Атар газрыг анх хагалсан Зэлтэр нутгаас өдгөөг хүртэл Сэлэнгэ нутгийн хөдөлмөрч бүтээлч тариаланчид экологийн цэвэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үүргээ нэр төртэй биелүүлсээр явна.
Хөрс шороондоо өөрт байгаа бүхий л сэтгэлээ шингээсэн Сэлэнгийн тариаланчид хөөр баяр дүүрэн нэгэн өдрийн өнгөрүүлсэн нь “СЭЛЭНГЭ АТАР 60” баярын арга хэмжээ байв. Баярын үйл ажиллагаанд Сэлэнгэ нутгаас сонгогдсон эрхэм төрийн түшээд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Н.Оюундарь, Д.Эрдэнэбат нар хүрэлцэн ирж тариаланчиддаа мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн Сэлэнгийн тариаланчдад илгээсэн УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээг Ж.Эрдэнэбат гишүүн уншиж танилцуулав.
Үүний зэрэгцээ Сэлэнгэ аймагтай хамтын ажиллагаатай ажилладаг ОХУ-ын Буриад улс, Япон улсын Шизоука муж, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хүндэт зочид хурлын индрээс баярын мэндчилгээг манай тариаланчдад хүргэлээ.
Баярт Сэлэнгэ нутгийн газар тариалангийн хөгжлийг бодлогын түвшинд дархлаж ажилласан үе үеийн аймгийн удирдлагууд, Атрын 1, 2, 3-р аяныг амжилт дүүрэн бүтээсэн баатар, гавьяатууд, улс аймгийн аваргууд хүрэлцэн ирсэн юм.
Сэлэнгэ нутгийн тариаланчид атар газар эзэмшиж эхэлснээс хойших түүхэн хөгжлийн энэ 60 жилийн хугацаанд 8.5 сая тн үр тариа, 1.1 сая тн төмс, 685.0 мянган тн хүнсний ногоо хураан авч, 32 хөдөлмөрийн баатар, 25 гавьяат, 357 улсын аваргыг төрүүлэн гаргасан байна.
Монгол Улсын хэрэгцээт үр тарианы талаас илүү хувийг, төмс хүнсний ногооны 30-40 хувийн дангаараа үйлдвэрлэж, эх орныхоо хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж яваа эрхэм тариаланчид, эгэл баатруудаараа бахархаж байгаагаа илэрхийлье.