2019.12.13
Орон нутгийн хөгжил
“Хүүхэд таны тусгал” өдөрлөг зохион байгууллаа
Сонгино-Хайрхан дүүргийн ИТХ болон “Нямбаатар сан”, “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”, “Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор” хамтран “Хүүхэд таны тусгал” сэдвийн дор 65 дугаар сургууль болоод 9 дүгээр сургуулийн сурагчдын нийт 400-аад аавыг хамруулсан арга хэмжээг “Найрамдал” зусланд зохион байгууллаа.
Хүүхдүүдээ гэсэн нэгэн сэтгэл дор цугласан аавуудад Сэтгэл судлаач, доктор Г.Наранбаатар болон Монгол улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва гуай нар “Монгол эр хүний мөн чанар, гэр бүлд аав хүний үүрэг оролцоо” сэдвээр лекц уншлаа.
Ингэхдээ Ардын жүжигчин П.Цэрэндагва гуайн амьдралаас олж авсан туршлага, Г.Наранбаатар докторын шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөгөө бүхэн нь үр өгөөжтэй бөгөөд үнэн байгааг сонсож буй аавуудын алга ташилт илэрхийлж байсан юм. Үүний зэрэгцээ “Бахархалт аав”- уудыг тодруулж, урамшуулсан бөгөөд “Найрамдал” цогцолборын бүлгийн багш нар болон амрагч хүүхдүүд ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
Үйл ажиллагааны нэг хэсэг болох “Шууданч тагтаа” хэмээх захидлын хайрцгаар дамжуулан тус арга хэмжээнд оролцож буй аавуудад хүүхдийнх нь бичсэн нандин үгтэй захидлыг хүргэсэн нь хэн бүхний сэтгэлийг догдлуулж байлаа.
Бусдын нүдэнд халдашгүй баатар мэт харагддаг эрчүүд маань үрийнхээ өөрт нь хаягласан захидлыг уншиж суухдаа сэмхэн нулимсаа арчих нь тухайн арга хэмжээний үр дүнг илэрхийлж байсан юм. Энэ үйл ажиллагаа цаашид ч үргэлжлэн, улам өргөн хүрээг хамрах хэрэгтэй юм байна гэдгийг харж байлаа.
ШИНЭ МЭДЭЭ
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдэл хийлээ
2020.12.15
ХЗБХ: 2024 он хүртэл боловсронгуй болгоно
2020.12.09