Ачааны вагон засварыг үүрэлцэх Хөдлөх бүрэлдэхүүний засварын депо байгуулагдлаа
2019.11.29
Зам, Тээвэр

Ачааны вагон засварыг үүрэлцэх Хөдлөх бүрэлдэхүүний засварын депо байгуулагдлаа

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд орших Баянгол төмөр замын Хандгайт өртөөнд Хөдлөх бүрэлдэхүүний засварын депогийн нээлт өнгөрөгч Ням гарагт боллоо.

 

Одоогоос 10-аад жилийн өмнө “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн охин компани болох “Монголиан транс ложистик” ХХК 115 км урттай Баянгол төмөр замыг барьж, ашиглалтад оруулж байжээ. Харин энэ удаад дээрх төмөр замаар явдаг өөрийн эзэмшлийн, 3,000 ачааны хагас вагоныг засварлах хүчин чадал бүхий бүрэн автомат засварын депог ашиглалтад оруулав.

Түүнчлэн уул уурхайн олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн 15 жил, тус компанийн дэд бүтэц хариуцсан “Монголиан транс ложистик” ХХК-ийн 10 жилийн ойг угтан байгуулсан 1,500 хүнийг байрлуулах хүчин чадалтай Баянгол цогцолбор хотхоны нээлт энэ үеэр болсон юм. 

Энэхүү арга хэмжээний хүндэт зочноор Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал тэргүүтэй төрийн болон бизнесийн салбарын төлөөллүүд уригджээ.

Тээврийн вагоны засвар, угсралтын хүчин чадал хоёр дахин нэмэгдлээ 

 
Монгол Улсад 11,000 хөдлөх бүрэлдэхүүн төмөр замаар явдаг. Түүний 7,000 нь улсынх. Харин “Монголиан транс ложистик”  ХХК 3,003 вагонтой. Үүнээс харахад манай улсын төмөр замын ачаа тээврийн 45 хувийг тус компани дангаараа гүйцэтгэдэг байна.  

Энэ талаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа “Төмөр замын тээврийн үйл ажиллагаанд хөдлөх бүрэлдэхүүний засвар, найдвартай ажиллагаа маш чухал. Баянголын төмөр зам дээр шинэ тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, шинэлэг технологи нэвтрүүлсэн депо нээгдэж байна. Энэ бол Монголын төмөр замын тээвэрт өндөр ач холбогдолтой юм.

Өнөөдрийг хүртэл бүх вагон зүтгүүрийн засварыг Улаанбаатар төмөр замын Зүүнхараа дахь вагон депогийн хамт олон гүйцэтгэдэг байсан. Энэ депо ашиглалтад орсноор Монгол Улсын төмөр замын тээврийн вагоны засвар, угсралтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж байна. 

 

Уг депо нь Зам тээврийн яамнаас лецинзээ авсан учраас цаашдаа бусад хувийн хэвшил, улсын вагонуудын засвар, үйлчилгээг хийх боломжтой. Өмнө нь Зүүнхараагийн вагон депо нийтдээ 7,000 гаруй вагоны засвар, үйлчилгээг хийдэг байсан бол одоо ачааллаа хуваалцах депотой болоод байна” гэлээ. 

“MTL” депогийн орлогч дарга О.Эрдэнэчулуун: Шинэ депо жилд 1,000 вагон засах хүчин чадалтай

Баянгол төмөр замын Хандгайт өртөөн дэх Хөдлөх бүрэлдэхүүн засварын депог дэвшилтэт технологиор тоноглосон гэж танилцуулсан. Энэ талаар тодруулахгүй юу? 
 

-Манай депогийн барилга, газар шорооны ажил 2018 оны наймдугаар сарын 20-ноос эхэлсэн. Тоног төхөөрөмж маань бүрэн автомат, сүүлийн үеийн тоон системтэй. Энэ нь хөдөлмөр хөнгөвчилж, аюулгүй ажиллагааг хангах зэрэг олон давуу талтай. Бид ОХУ-ын “Судотехнология” болон ХБНГУ-ын Хятад дахь үйлдвэр “NSH-CTI”-ээс токарийн машин авчирсан. Мөн БНХАУ-ын “Бээжин Тиэкө Хөли”, “Railteco” зэрэг төмөр зам хариуцсан томоохон үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг авчирч, суурилуулсан. 

-Шинэ тоног төхөөрөмжийг дагаад өмнө нь манайд хийхэд хүндрэлтэй байсан засвар, үйлчилгээг хийх боломж бүрдсэн гэж ойлгосон

-Өмнө нь хятад вагоныг Монголд засах боломжгүй байсан. Технологи нь ч байхгүй, тоног төхөөрөмж нь ч байхгүй байсан. “Болдтөмөр Ерөө гол” компани олборлосон төмрийн хүдрээ урд хөрш рүү гаргах 100 гаруй км төмөр замтай. Уг зам дээр явдаг манай эзэмшлийн, ОХУ-д үйлдвэрлэсэн 1,000, БНХАУ-д үйлдвэрлэсэн 2,003 вагонтой. Эдгээр вагоныг засахын тулд засварын депо байгуулах нь зөв юм гэсэн шийдэлд хүрээд, өнөөдөр нээлтээ хийж байна.

-Засварын депогийн хүчин чадлын тухайд? 

-Бид эхний ээлжинд өдөрт гурван вагон засварлана гэж тооцож байгаа. Сард 90, жилд 1,000 вагон засах төлөвлөгөө бий. Засварын баталгааны хугацааг гурван жил гэж тооцсон. Гүйлтээрээ ойролцоогоор 250 мянган км байна.

ШИНЭ МЭДЭЭ