Дорноговийн дэд бүтэц, орон сууц, хүнд үйлдвэрлэлийн жишиг бүтээн байгуулалтууд ашиглалтад орлоо
2019.11.18
Зам, Тээвэр

Дорноговийн дэд бүтэц, орон сууц, хүнд үйлдвэрлэлийн жишиг бүтээн байгуулалтууд ашиглалтад орлоо

Дорноговь аймаг 2019 оныг Их бүтээн байгуулалтын жил болгон зарласантай холбогдуулан томоохон бүтээн байгуулалтуудаа хийж өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.11.16/ нээлээ. Манай сурвалжлах баг тус аймагт ажиллаж, зүүн бүсийн хөгжлийн эхлэл болсон “Сайн ус” 12 км төмөр зам, м.кв нь 650 мянган төгрөгийн өртөг бүхий 280 айлын Мандахнаран хороолол, аялал жуулчлалын төв болсон Ханбаян-Зүрх хайрхан /Хүслийн уул руу/ зорчих 6.8 км хар замын бүтээн байгуулалтуудтай танилцлаа.

Дорноговь аймгийн Сайншанд суманд 2016 оноос 1000 гаруй айлын орон сууц барьж байгуулна гэсэн амлалтыг тус аймгаас нэр дэвшсэн гишүүн Б.Дэлгэрсайхан иргэдэд өгч байж. Амлалтын дагуу энэ өдөр /2019.11.16/ сүүлийн буюу дөрөв дэх хороолол “Мандахнаран” ашиглалтад орлоо. Уг төслийг гүйцэтгэгч “Гантулга трейд” ХХК иргэдэд хямд өртгөөр орон сууц барьж өгөх том зорилготой ч чанартай, дулаан байлгах тал дээр илүүтэй анхааран ажилласан гэдгээ нээлтийн үеэр хэллээ.  

“Мандахнаран” 1, 3, 4 дүгээр хорооллын төсөл Дорноговь аймгийн төвд хэрэгжсэн бол, Мандахнаран 2  төсөл нь Замын-Үүдэд хэрэгжсэн байдаг аж. 2016 оноос хойш 1300 гаруй айлыг орон сууцанд оруулсан бөгөөд үүнд сумдын орон сууц ч бий. Тухайлбал, Эрдэнэ суманд 27 айлын орон сууц, Айраг сум 40 айлын орон сууц, Даланжаргалан сум 40 айлын орон сууц гэх мэтээр алслагдсан сумдын хөгжлийг ч мартсангүй. “Мандахнаран 4” хорооллын м.кв нь 650 мянган төгрөгийн үнэ бүхий 280 айлын орон сууцад орох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, бичиг баримтаа бүрдүүлэн, бүртгүүлсэн 2000 гаруй иргэн бий. Компани болон нутгийн удирдлагууд эдгээр иргэдээс хэрхэн 280 айлд шударга бөгөөд зөв хуваарилалт хийх вэ гэдэг дээр төлөвлөгөө боловсруулан, сугалааны аргыг сонгожээ.

Өөрөөр хэлбэл, нутгийн зорилтот иргэдийг сонгож, нэгдүгээр ээлжинд 280 айлд багтах эсэхийг, хоёрдугаар ээлжинд 280 айлын тоонд багтсан иргэдийг хэдэн давхарт, хэдэн өрөө байр сонгохоо сугалах байдлаар зохицуулжээ. Иргэн А хэрэв 1 дугаарыг сугалсан бол хамгийн түрүүнд наран талдаа цонхтой, хүссэн зохион байгуулалт бүхий, таалагдсан давхрын байрыг сонгох эрхтэй болно.

Иргэдэд хүртээмжтэй бөгөөд ялгаварлалгүй хүрч ажиллах энэ шийдлийг өмнө Мандахнаран 2, 3 дугаар хорооллууд ч мөн ашиглаж байжээ.Харин тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин “Энэ бол Дорноговьчууддаа хөрөнгө оруулж буй ажил юм. Ингэхдээ зах зээлийн үнээс бага үнэтэйгээр иргэд маань орон сууцтай болж байна. М.кв нь 650 мянган гэдэг үнэ хаа ч байхгүй үнэ. Дорноговь аймаг хамгийн их эрэлттэй, хамгийн их хүн шилжиж ирж буй аймаг. Тиймээс залуусыг, Дорноговьчуудыг нутагтаа сайхан амьдрах боломжийг бид ийн бүрдүүлж байгаа юм. Энэ төсөл энэ хүрээд зогсохгүй” гэлээ.

Дорноговьд орон сууцны хорооллын халуун усыг иж бүрнээр шийдсэн анхны хороолол төдийгүй, доороо дулаан граш, байр бүр хүүхдийн цэцэрлэгтэй байхаар зохицуулагдсан нь аймагтаа цоо шинэ стандарт болсон гэдгийг нутгийн иргэд хэлж байв.

“Мандахнаран 4” хорооллын байрны НӨАТ орсон үнэ:

32.0 м.кв 2 өрөө байр 37.251.500  

46.2м.кв 2 өрөө байр нь 43.043.000

63 м.кв 3 өрөө байр нь 45.045.000 төгрөг байна.

Энэ нь Улаанбаатар хотынхтой харьцуулбал даруй 2-5 дахин хямд, дэргэдэх өндөр хөгжил бүхий аймгуудын орон сууцны үнэтэй харьцуулбал 2 дахин хямд байгаа юм. Уг төслийн зарлага нь орлогоо давсан бөгөөд дутсан хөрөнгө оруулалтыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хувийн зүгээс шийдэж өгсөн гэдгийг нээлтийн үеэр онцолж байв. Нөгөөтэйгүүр, Дорноговь аймаг барилгын материалын түүхий эдийг бага зам туулж оруулж ирдэг тул хямд тусдаг нь давуу тал болжээ.

Байгалийн асар их баялагтай манай улс баялгаа хөгжлийн тулгуур болгохын тулд юун түрүүнд дэд бүтцээ шийдэх ёстой. Далайд гарцгүй, дэлхийн хоёр их геополитикийн дунд оршдог манай улсын хувьд гадагш баялгаа зарж борлуулахад дэд бүтцийн хамгийн чухал стратегийн боломж нь төмөр замын тээвэр. Өнөөдөр валют олдог экспортын 80 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, нүүрс эзэлж байна. Эдгээрийг экспортод гаргахад дэд бүтэц, төмөр зам зайлшгүй хэрэгтэй.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.10.16/ Дорноговь аймгийн Алтанширээ суманд Сайн ус 12 км төмөр зам ашиглалтад орлоо.

Засгийн газраас  “Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт, Чойбалсан” гэсэн хэвтээ төмөр зам барихаар төлөвлөсөн. Удаан хугацаанд саатаад байсан Зүүн бүсийн сүлжээний эхлэл, хүнд үйлдвэрлэлийг эрчимжүүлэх 12 км  төмөр зам ашиглалтад орж буй нь энэ юм.

Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замын бүтээн байгуулалтаас салаалсан уг төмөр замыг хувийн хэвшил төр, аймаг орон нутгийн дэмжлэгтэйгээр хоёр сарын дотор барьж байгуулж дууслаа.

Энэ тухай УИХ-ын гишүүн Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн Тэргүүн Б.Дэлгэрсайхан “Зүүн бүсийн хөгжил ид өрнөж буй энэ үед Дорноговь аймаг яах аргагүй дээрх замуудын гол огтлолцол дээр буй тулгуур аймаг болж байгаа юм. Манай улсын төмөр замын тээвэр баруунаас урагшаа хөндлөн нэг л гарцтай байсан. Ийн хэвтээ тэнхлэгийн төмөр замын эхлэл тавигдсанаар эдийн засгийн хувьд ч шинэ коридор бий болно.

Өнөөдөр бид 100 жилийн дараа Монгол улсын нутаг дэвсгэрт өөрсдийнхөө хөрөнгөөр, өөрсдийн боловсон хүчнээр төмөр зам барьж чаддаг юм байна гэдгийг үзүүлж байна. Тухайлбал, Монгол улсын Засгийн газар шийдвэр гаргаж, уг шийдвэрийн хүрээнд Тавантолгой, Зүүнбаянгийн төмөр зам ажлаа эхлүүлсэн. Мөн өнгөрсөн долоо хоногт миний бие Ерөнхий сайдтай Сүхбаатар, Дорнод руу явж зүүн бүсийн төмөр замыг хэрхэн явуулах трассын ажлыг хараад ирсэн.

Үүний угтал болгож өнөөдөр /2019.11.16/ Нефтийн үйлдвэрээс салбарласан Сайн ус төмөр замын нээлтэд оролцож байгаадаа баяртай. Энэ бол Монгол улсын түүхийн эхлэл, Зүүн бүсийн хөгжлийн эхлэл яг энэ замаас эхэлж байна. Цаашид ч төмөр замыг Монгол улс өөрсдийнхөө хүч, хөрөнгөөр барьж байгуулах боломжтой болохыг харууллаа” гэлээ.

Ийм дэд бүтэц бий болж буйн үрээр төр, хувийн хэвшлийн нийлсэн олон боловсруулах үйлдвэрүүд баригдаж эхлээд байна. Тухайлбал, цахиур чулууны үйлдвэр, манганы томоохон хэмжээний баяжуулах үйлдвэр, хүдрийн баяжуулах, жонш боловсруулах үйлдвэрүүд тус аймагт баригдаж дууссан байна.

Мөн газрын тос боловсруулах үйлдвэр, төмрийн хүдрийг баяжуулах үйлдвэр, кокс ширэм хайлуулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх тээвэр энэ замаар хийгдэх юм.Цаашилбал, БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч экспортын хоёр ба гурав дахь шинэ гарцуудыг бий болгож эцсийн хэрэглэгчид шууд хүргэх, далайн боомт нөхцөлөөр бүтээгдэхүүнийг борлуулах, Сайншандад Дархан, Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийг Тавантолгой коксжих нүүрсээр боловсруулан ган үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангах, улмаар ган металлургийн хүнд үйлдвэрлэл хөгжүүлэх, БНХАУ руу экспортлох эерэг хамааралт бүтээгдэхүүн болох төмрийн хүдрийн экспортын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг стратегийн олон чухал ач холбогдолтолтойг албаныхан дурдаж байлаа.

Энэ тухай “Мongolian trans logistic” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Сүхбаатар:

12 КМ НЭМЭГДЭЖ БАЙГАА, СОНСОХОД БАГА ТОО МЭТ БОЛОВЧ “МЯНГАН БЭЭРИЙН АЯЛАЛ НЭГ АЛХМААС ЭХЭЛДЭГ”
Ийнхүү шинэ төмөр ашиглалтад орсноор манай улсын төмөр замын сүлжээний 1922.1 км урт төмөр зам дээр нэмж ердөө л 12 км нэмэгдэж байгаа, сонсоход бага тоо мэт боловч “мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг” гэдэг утгаар шинэ төмөр зам дээр даруй 50 гаруй төмөр замчдын ажлын байр бий болж Дорноговь аймагт саяхан ашиглалтад орсон Монгол газрын тос боловсруулах үйлдвэр, шинээр баригдаж буй хүдрийн баяжуулах, кокс, ширэм үйлдвэрлэх компаниудын дэд бүтэц, тээвэр, ложистик, гаалийн хяналтын суудал цогц байдлаар шийдэхэд энэ зам чухал нөлөөтэй байх юм.

Манай улсын эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйл болох уул уурхайн экспортын бүтээгдэхүүний тээврийн салбарын чухал хэсэг болох төмөр замын салбарыг либералчлах ажил нь 2007 онд батлагдаж 2012 онд өөрчлөлт орсон “Төмөр замын тээврийн тухай хуулийн” дагуу 2007 оноос явагдаж эхэлсэн ба цаашид төмөр замын салбарын либералчлал бүр өргөн хүрээнд явагдаж өмчийн олон хэлбэрийн аж ахуйн нэгжүүд “Зүүнбаян Таван толгой”, “Таван толгой Гашуун сухайт” чиглэлүүдийн шинэ төмөр замуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг энэ Засгийн газрын үед эрчимтэй шуурхай шийдэж, хийж эхлээд байгаа нь төмөр замын салбарт ажилладаг бидний хувьд хамгийн эерэг мэдээ.

Болдтөмөр Ерөө гол ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Чулуунхүү:

НОЙТОН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР, ХОРГОЛЖИНГИЙН ҮЙЛДВЭР, ШИРЭМ ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН АЖЛЫН МААНЬ ЭХЛЭЛ БОЛЖ БАЙНА
“Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт, Чойбалсан” чиглэлийн зүүн бүсийн төмөр замын транстай холбогдох 12 км энэхүү төмөр замыг өөрийн хөрөнгөөр барих түүхэн үйл явдалд дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүст баярлалаа.

Болдтөмөр Ерөө гол компани үүсгэн байгуулагдаад 15 жилийн нүүр үзэж байгаа. Энэ хугацаанд хоёр дахь том бүтээн байгуулалт маань энэ зам юм. Сайн ус төмөр зам нь Болдтөмөр Ерөө гол компанийн нойтон баяжуулах үйлдвэр, хорголжингийн үйлдвэр, ширэм хайлуулах үйлдвэрийн ажлын маань эхлэл болж байгаад туйлын баяртай байна.

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Сайншандад баригдах Дархан-Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн уурхайг түшиглэн байгуулж буй цогцолбор маань энэ онд үйл ажиллагаагаа эхэлж одоогийн байдлаар 45 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус үйлдвэр ашиглалтад орсноор 100-120 байнгын ажлын байр бий болж, жилдээ 2 сая тонн төмрийн хүдэр боловсруулах хүчин чадалтай үйлдвэр бий болох юм. Мөн энэ жил Болдтөмөр Ерөө Гол ХХК-н 15 жилийн ой, Монголиан Транс Ложистик ХХК-ийн 10 жилийн ойн баяр давхцаж байна. Нийт компанийнхаа ажилчдад энэ том бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэнд баяр хүргэж цаашдын ажилд өндөр амжилт хүсье.

Болдтөмөр Ерөө гол компанийн Нойтон баяжуулах үйлдвэрийг Дорноговь аймагт барьж байгуулж байгаа гол шалтгаан нь Засгийн газрын хэрэгжүүлж буй аж үйлдвэрийн парктай холбоотой. Хүнд үйлдвэрлэлийг энд төвлөрүүлэх хөтөлбөрт хамрагдаж, хувийн хэвшлийн зүгээс энэ газрыг сонгон байгуулж байна. Болдтөмөр Ерөө гол компани маань Сэлэнгэ аймагт үйл ажиллагаагаа явуулдаг.

Тус үйлдвэрийг Сэлэнгэ аймагт барих боломжгүй болсон гол шалтгаан нь Засгийн газрын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг тул гадаргын болон гүний ус ашиглахаас эхлээд усны асуудалтай. Иймд Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрт түшиглэж бүтээн байгуулалтын ажлаа эхэлсэн байгаа.

Эдийн засгийн үр өгөөжийн хувьд төмрийн хүдрийг дараа дараагийн шатанд боловсруулах тал руугаа илүү анхаарч ажиллаж байна. Учир нь Болд төмрийн хүдрийг дараагийн түвшинд боловсруулахын тулд эхлээд Нойтон баяжуулах үйлдвэр барьж, баяжуулаад коксжсон нүүрстэй холиод хорголжинг үйлдвэрлэж улмаар хорголжингоо ширмэн үйлдвэрт ашиглах боломж бүрдэнэ. Ширмээр цаашлаад төмөрлөгийн эцсийн бүтээгдэхүүн болгох тул энэхүү газрыг сонгож төслөө хэрэгжүүлж байна.

Ийнхүү Монголын эдийн засагт чухал үр нөлөө бүхий төмөр замын бүтээн байгуулалт хоёрхон сарын хугацаанд төр, хувийн хэвшлийн хамтралаар бүтээн бослоо. Зам дагаж хөгжил гэдэг дээ.
Дорнговь аймгийн нутаг дэвсгэрт Монгол улсын аялал жуулчлалын ихээхэн чухал хэсэг оршдог нь Хамрын хийд, Ханбаян-Зүрх хайрхан буюу Хүслийн уул юм. Жилдээ уг газрыг зорьж 120-130 мянган дотоод, гадаадын жуулчин ирж буцдаг гэх судалгаа бий. Иймд аялагч жуулчдынхаа тав тух, аюул эрсдэлгүй байдлыг хангахаар Сайншанд-Хамарын хийд чиглэлийн авто замаас Ханбаян-Зүрх хайрхан хүртэлх 6.8 км-ийн хатуу хучилттай авто замыг хийж, гүйцэтгэн ашиглалтад орууллаа.  

 Автозамын ажлыг “NTDK” ХХК өнгөрсөн зунаас эхлэн гүйцэтгэж, 11 дүгээр сард хүлээлгэн өгсөн. Ханбаян-Зүрх хайрхан орчмын газар шороо бартаа ихтэй, дээшлэх тусам уул, тов толгодтой, ажиллах орчин нөхцөл хүнд байсан учир ийн удаан хугацаанд, чанартай зам тавьж чадсан тухай салбарын хүн хэллээ.

Энэ тухай Есдүгээр ноён хутагт Данзанлувсантүдэв: “Монгол орны нийт сүсэгтэн олон Хамрын хийд, Ханбаянзүрх хайрхан Хүслийн уулыг минь зорьж ирдэг сүсэгтэн олон эргэлчид, мөргөлчдийн зам мөрийг тэгшилж энэ сайхан замыг засаж, сэтгэл итгэл, сүсэг бишрэлийнх нь замыг тэгшилж өгч байгаа зам тавьсан нийт ажилтан, албан хаагчид, бүх хүмүүст өөрийн зүгээс болоод хийд орны болон ард түмнийхээсээ өмнөөс гүн талархал илэрхийлье.

Эрт үеэс хойш Хүслийн хар уул буюу Ханбаян-Зүрх хайрхан мөн Хамрын хийд хоёр салшгүй холбоотой. Энэ хооронд ирж очдог, хүслээ хэлдэг түмэн олон эргэлчдээр тасралтгүй явж өнөөдрийг хүрсэн. Үүнээс хойш зам нь улам дардан, хүсэл нь биелэхэд улам хялбар болж буй нь харагдаж байна. Монголын ард түмний минь хүсэл бүхэн биелэх болтугай гэж ерөөе” хэмээлээ.

Дорноговь аймагт хөгжил цэцэглэлт эхэлжээ. Дэд бүтэц, орон сууц, хүнд үйлдвэрлэл гээд хүн амыг төвлөрөлд дуудах ажлууд өдөр тутамд өрнөж байна. Энд төр нь хувийн хэвшилтэйгээ хөлөө жийлцэх биш эсрэгээрээ ажилладаг тул царцаж, гацдаг тогтолцоо үгүй аж. Аймгийн сайн жишгийг Улаанбаатар төдийгүй бусад аймаг, сумд ч авч хэрэгжүүлмээр санагдана.

ШИНЭ МЭДЭЭ