МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.10.10
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Төгсөгчиддөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн диплом олгож байгаа Монголын цор ганц сургууль

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Холбооны бүгд найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон гэрээг соёрхон батлах тухай” хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэж баталлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

"Маш амжилттай явж байгаа сургууль юм. Төгсөгчиддөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн диплом олгож байгаа Монголын цор ганц сургууль. өнгөрсөн хугацаанд 30 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн Оюутолгой зэрэг томоохон төслүүд дээр төгсөгчид нь ажиллаж байгаа. Хичээл нь бүгд англи хэл дээр явагддаг. Дэлхийн түвшинд бэлтгэгдэж гадаадад ажиллах боломжтой сургууль. Дадлага гадаад хийдэг учраас төгсөгчид гадагшаа явах эрсдэл бий. Тиймээс дотооддоо бэлтгэсэн мэргэжилтэнүүдээ гадагшаа алдахгүйн тулд томоохон төслүүдээ эхлүүлэх шаардлага бий.

Өнөөдрийн хэлэлцэж байгаа зээлийн хүрээнд томоохон лаборатори байгуулагдана. Судалгаа шинжилгээ явуулахад маш их ач холбогдолтой. Мөн монголчууд их сургуулиа хотхон байдлаар хөгжүүлнэ гэсний бодит ажил нь энэ сургууль юм. Мэдлэг экспортлох, бүс нутгаасаа оюутан элсүүлэх боломж бий.

Энэ төслийн зээлийг авах нь зүйтэй 2049 оны 10 сарын 30-д сүүлийн төлбөрөө төлнө. Сургууль өөрийн орлогоороо 7 сая еврог төлөх боломжтой нөхцөлтэй гэж үзэж байна. Монгол Улс уул уурхай түшиглэсэн эдийн засагтай. Энэ салбарын мэргэжилтэнүүдээ эндээ бэлтгэх боломжтой болж байна.

1. Энэ жилийн төсөвт байгаа 2 тэрбум төгрөгөөр хичээлийн байр барих Монголын талын үүрэг бий. Энэ ажил ямар түвшинд байна вэ?

2. Сургуулийн менежмент хэрхэн явж байгаа вэ? Тогтвортой сургуулийн менежменттэй байлгах үүднээс юу хийж байна вэ? Өмнөх удирдлагын баг 5 жил сайн ажилласан гэж үзэж байна."

ШИНЭ МЭДЭЭ