2019.10.10
Гадаад харилцаа

Х.Нямбаатар: Саарал жагсаалтад орохгүй байх тал дээр бүгд анхаарах ёстой

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.10/ нэгдсэн хуралдаанаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дууслаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

"Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийнхэн цаашид хууль зүйн техник тал дээр анхаараарай. Байнгын хорооны гишүүд өчигдөр хуулийн төслийг санал гаргаж, бараг бүхэлд нь өөрчилсөн. Утга найруулга, хууль зүйн талд анхаарч ажиллахаар бүтэн алба ажиллаж байна. Хэрвээ цаашид ийм алдаа давтагдвал хууль зүйн байнгын хороо буцаана гэдгийг хэлье. Энэ хуулийн төсөл маш яаралтай хэлэлцэн батлах шаардлагатай учраас өнөөдөр засан смайжруулаад батлах гээд байж байна.

Монголбанк, Сангийн яам бусад байгууллага анхаараарай. УИХ-аас шаардлагатай бүх л хууцль эрх зүйн актыг батлан өгч байна. Саарал жагсаалтад орохгүй байх бусад ажлуудыг үүргээ ухамсарлан ажиллаж, ярих хэрэгтэй. Бид 2016 онд тангараг өргөн гишүүн болсноос хойш мөнгө угаах, терроризмтэй тэмцэх чиглэлд шаардлагатай хууль эрх зүйн актуудыг маш олон батлан, нэгдэн орсоор байна. Гэтэл ФАТФ-аас өгсөн 41 шаардлагаас 2 нь өнөөдрийг хүртэл дутуу гэж яригдсаар байна. Монгол Улс саарал жагсаалтад орвол бүгдээрээ л хохирно. Тиймээс саарал жагсаалтад орох эрсдэлээс гарах ямар боломж байгааг хариуцсан албаны хүмүүс УИХ-ын чуулган дээр мэдээлэл өгөх шаардлагатай байна."

ШИНЭ МЭДЭЭ