МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн барилаа
2019.10.08
Гадаад харилцаа

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн барилаа

“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2019.10.08) өргөн барилаа.

Монгол Улс Арабын Нэгдсэн Эмират Улстай 1996 оны 04 дүгээр сарын 01-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн байна.

Улмаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 1449 ам метр хэмжээтэй, Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам байрлаж буй газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хүсэлтээ Барилга, хот байгуулалтын яаманд гаргажээ.

Монгол Улсын нэгдэн орсон “Консулын харилцааны тухай Венийн конвенц”-д хүлээн авагч улс нь томилогч улсын дипломат төлөөлөгчийн газруудад орон байр олох, барихад дэмжлэг үзүүлэх, аюулгүй байдлыг хангахаар заасан байдаг бөгөөд энэ дагуу Монгол Улс дахь Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж буй дээрх газрын солбицлыг улсын газрын кадастрын мэдээллийн санд шалган магадлаж, бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалттай аливаа давхардалгүй болохыг газар дээр нь хэмжилт хийж, баталгаажуулсан байна.

ШИНЭ МЭДЭЭ