МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Ганбаатар: Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийн талаар УИХ-ын даргатай зөвшилцөнө
2019.06.03
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийн талаар УИХ-ын даргатай зөвшилцөнө

О.АРИУНЦЭЦЭГ, ӨДРИЙН СОНИН

УИX-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа.


-УИХ Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Эдийн засгийн байнгын хороон дээр уг ажлын хэсгийн тайланг сонслоо. Ямар дүгнэлт гарсан талаар тодруулаач?

-Эдийн засгийн байнгын хороогоор Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсэн. Ажлын хэсэг Оюу толгойн гэрээг эргэн харж, сайжруулах ёстой гэх дүгнэлтийг гаргасан. Дубай болон анхны гэрээн дээр ч ялгаагүй эргэн харах зүйлүүд байна гэдгийг хэлж байгаа.

-УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт гарчихсан учраас Эдийн засгийн байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгөх боломжтой юм билээ. ЭЗБХ-оос Засгийн газарт чиглэл өгөх үү?

-Бид УИХ-ын даргатай зөвшилцөнө. Миний хувьд энэ дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороогоор зайлшгүй хэлэлцүүлээд УИХ-аас тогтоол гаргах нь зөв гэж үзэж байна. Энэ саналаа ч УИХ-ын даргад хүргүүлнэ гэсэн бодолтой байгаа. УИХ-ын дарга энэ асуудалд ямар чиглэл өгөхийг мэдэхгүй. Одоогоор хараахан уулзаж амжаагүй байна. Ямартаа ч Оюу толгойн гэрээг зайлшгүй эргэж харахаас өөр аргагүй байна.

-Монголчууд Оюу толгой компанид өрөнд ороод зогсохгүй, өрийн хүү нь 541 сая ам.доллар болж өсжээ. Энэ яг ямар учиртай юм бэ?

-Монголын тал 34 хувийн хөрөнгө оруулалт гэж тэрбум гаруй ам.доллар өгөх ёстой байсан юм билээ. Үүнийгээ өгөөгүй учраас нөгөө тал банкнаас зээл авсан байгаа юм. Тэрхүү зээлийн хүү нь л нэмэгдсээр байгаад 500-гаад сая ам.долларын асуудлыг үүсгэчихсэн хэрэг. Гэхдээ Монголын тал өнөөдрийн байдлаар нэг ч ам.доллар зарцуулаагүй байгаа.

-Монгол Улс Оюу толгойгоос эхний ашгаа 2048 онд хүртэнэ гэх юм. Ийм зүйл байж болох уу?

-Монголын талд, 34 хувьд хэзээ ашиг ирэх вэ гэдгийг миний болон бусад гишүүдийн зүгээс онцлон асууж байгаа. Яах аргагүй санаа зовоож буй гол зүйл нь Монголын талд өгөөж хэдийд ирэх тухай юм. Үр ашгаа өгөх хугацаа нь 2038, 2048 он гэсэн хоёр өөр тоог Сангийн яам болон Оюу толгой компанид Монголын талыг төлөөлж буй удирдлага хэлж байна лээ. Энэ бол үнэхээр байж болшгүй зүйл л дээ. Энгийн бизнес таван жил, хамгийн дээд тал нь 10 жилийн дараа үр өгөөжөө өгөх зүйлд хөрөнгө оруулалт хийдэг.

Гэтэл 20, 30 жилийн дараа үр өгөөжөө өгнө гэж байгаа нь тун онцгүй явдал юм. Анх тохирсон хөрөнгө оруулалтынхаа зардлыг нэмэгдүүлэхгүй гэж УИХ-ын тогтоол дээр зааж өгчихөөд байхад Дубайн гэрээгээр нэмэгдүүлж, түүнийг нь хүлээн зөвшөөрсөн нь маш буруу.

-Рио Тинтогийн хувьд Оюу толгойн гэрээнд цэг, таслалын ч өөрчлөлт оруулахгүй гэж мэдэгдсэн байсан. Засгийн газар Рио Тинтотой хэлэлцээрийн ширээний ард суух боломж бий юү?

-Оюу толгойн гэрээнд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхэд 15 гишүүн оролцсон. Хуралдаанд оролцсон гишүүд энэ гэрээг эргэж харах зайлшгүй шаардлага бий гэсэн саналыг хэлсэн. Тийм учраас энэ асуудалд ганцхан байнгын хорооны дүгнэлт гаргаад зогсохгүй УИХ-аар тогтоол гаргах, Засгийн газарт чиглэл өгөх эсэх нь УИХ-ын асуудал болж хувирч байгаа хэрэг. Энэ бол ганцхан Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудал биш гэж миний хувьд дүгнэж байгаа.

Оюу толгой компани ил уурхайн нөөцийнхөө 16 хувийг, далд уурхайнхаа 7-8 хувийг ашиглачихсан юм билээ. Дийлэнх хэсгээ ашиглаагүй байна гэсэн үг. Тэгэхээр Монголын болон Рио Тинто ч ялгаагүй хэлэлцээрийн ширээний ард сууж энэ асуудлууддаа анхаарал тавих нь зүйтэй юм.

-Оюу толгойн хувьцаа, үл хөдлөх хөрөнгүүд, ашиглалтын тусгай зөвшөөрөл, дотоод, гадаадын данснууд зэргийг 15 банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан гэх зүйл яригдаад буй. Энэ үнэн бол манайд ямар эрсдэлтэй юм бэ?

-Сангийн яамнаас энэ талаар тодруулахад “Батлагдаагүй мэдээлэл” гэсэн зүйлийг ярьж байна лээ. Манай талаас л тийм байх магадлалтай гэж хардаж байгаа юм билээ. Тийм байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ энэ бол батлагдаагүй мэдээлэл.

-Татварын багц хуульд татварын байцаагчдад давуу байдал олголоо гэж шүүмжилж байгаа. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй учир энэ асуудлыг дахин ярих боломж бүрдсэнгүй гэдгийг ч хэлж байна. Энэ тухайд?

-Татварын байцаагчийн эрх мэдэл өмнөх хуулиасаа нэмэгдсэн. Татварын ерөнхий газрын даргын зөвшөөрлөөр хяналт шалгалтыг дахин хийж болно гэсэн зүйл байгаа. Мөн байгууллагуудад тооллого, үзлэг хийж болно гэх мэтээр аж ахуйн нэгжүүдийн дотоод эрх ашигт хандсан зүйлүүд орсон нь үнэн. Гэхдээ төр байгаа цагт татвар авах, төлөх нь үнэн шүү дээ. Хамгийн гол нь хэрэгжүүлэхдээ хэт дарамталсан байдлаар, тухайн байгууллагад орлого боломжийг нь олгохгүй, үйл ажиллагааг нь хааж, боох нь зохимжгүй юм. “Би энэ байгууллагыг очоод цоожилчихож чадна. Энэ надаас гуйхгүй яадаг юм” гэсэн суурь дарга зан байдагт л асуудал оршоод байгаа юм. Хуулиа бариад л ажиллах ёстой.

-УИХ-ын зарим гишүүд Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ яг ямар учиртай хууль вэ?

-Миний хувьд Зөвшөөрлийн тухай хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа. Зөвшөөрлийн тухай хуулиар хуулиудыг дагаж гардаг томоохон журмуудыг цэгцэлж байгаа юм. Ямар нэгэн байдлаар журамд хураамж, зөвшөөрөл гэх мэт зүйлүүдийг оруулахаар болбол Засгийн газраас зөвшөөрөл авдаг болно. Энэ нь 2004 оноос хойш яригдсан асуудал юм билээ л дээ. Энэхүү хууль агентлагийн дарга нарын дураараа авирладаг байдлыг цэгцлэх байх гэж найдаж байгаа.

-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа. Таны хувьд энэ удаагийн үндсэн чиглэлийн хэрхэн дүгнэж байгаа вэ?

-10 их наяд 600 гаруй тэрбум төгрөгөөр 120-иод ажлыг хийж хэрэгжүүлнэ гэж Үндсэн чиглэлд заасан. Бүхэл бүтэн нэг улсын тухай ярьж байгаа тохиолдолд харьцангуй бага мөнгө юм гэж бодож байгаа. Хувь хувьсгал, гадны зээл тусламжтайгаа нийлээд гурван тэрбум хүрэхтэй үгүйтэй ам.доллараар л ажлууд хийж гүйцэтгэх нь гэсэн үг л дээ. Энэ бол чамлалттай л тоо харагдаж байгаа юм. Ямартаа ч хэдий өртгөөр, ямар ажлууд хийгдэх эсэх нь төсөв хэлэлцэх үеэр дэлгэрэнгүй яригдах болно.

-Та Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгогдсон. Байнгын хороон дээр хэлэлцэхээр хүлээгдэж буй ямар асуудлууд байгаа вэ?

-Ер нь бүх асуудлын гол нь л эдийн засаг шүү дээ. Улс хоорондын маргаан газар нутаг. үзэл бодлын зөрчлөөс эхтэй байдаг байсан цаг хэдийнээ ард хоцорч эдийн засаг. худалдааны л дайн болдог болсон. Өнөөдрийн нийгэмд бүх асуудал эдийн засгаас шалтгаалдаг болчихсон Тэр утгаараа Эдийн засгийн байнгын хороонд харьяалагдаж байгаа яамдууд бусад байнгын хорооныхоос харьцангуй их.

ЭЗБХ-нд таван яам, хоёр хэрэгжүүлэгч агентлаг харьяалагддаг. ЭЗБХ-оор улс орны томоохон асуудлуудыг эдийн засгийн үр дүнтэй юу, үгүй гэдгийг чухалчлан авч үздэг. Тиймдээ ч чухал байнгын хороо гэдэгтэй санал нэг байна. Өнөөдөр манай байнгын хороон дээр хэлэлцэхээр Өнөөдөр манай байнгын хороон дээр хэлэлцэхээр хүлээгдэж буй 24 асуудал байна. Энэ нь мөн л бусад байнгын хороодын хэлэлцэх асуудалтай харьцуулахад харьцангуй их байгаа юм.

Иймд байнгын л өндөр ачаалалтай ажиллах шаардлагатай. Миний хувьд энэ ажлыг хүлээж аваад өмнөх хүмүүсийнх нь хийж, хэрэгжүүлсэн ажлыг гүйцээх, Засгийн газар болоод Их хурлын хоорондын харилцааг хурдан шуурхай болгох хэрэгтэй гэж харж байна. Мөн зөвхөн орж ирж байгаа асуудлуудыг ярихаас илүү тус байнгын хороо өөрөө санаачилж хийж хэрэгжүүлэх ажил олон бий Гэхдээ цаг хугацаа бага байна.

Үндсэн хууль хэлэлцэгдээд эхэлбэл бүх байнгын хороодын хэлэлцэх гэж байгаа асуудлууд зогсдог. Тиймээс Үндсэн хууль хэлэлцэж эхлэхээс өмнө гол асуудлуудаа хийж хэрэгжүүлэх ёстой. Хүлээгдэж байгаа ажлууд их байна.

ШИНЭ МЭДЭЭ