Б.Бат-Эрдэнэ: Урсаж байгаа голыг газрын зурагнаас хасчихсан байсан
2019.04.24
Орон нутгийн хөгжил

Б.Бат-Эрдэнэ: Урсаж байгаа голыг газрын зурагнаас хасчихсан байсан

Монголын мэдээ сонин, сэтгүүлч Х.Болор

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 


 

-Хэнтий аймгийн нөхөн сонгуульд өрсөлдөх хүмүүсийн сураг гарч эхэллээ. Танай намаас хэнийг нэр дэвшүүлэх талаар ярьсан зүйл байгаа юу. Хэнийг нэр дэвшээсэй гэж хүлээж байгаа вэ?

-Энэ талаар мэдээлэл муутай байна. Нөхөн сонгуульд намууд оролцох нь тодорхой. Энэ хүрээндээ дор бүрнээ бэлтгэлээ хангах байх.  Миний хувьд намын Удирдах зөвлөл болон бодлогын түвшинд байхгүй учраас тэнд юу ярьж байгааг одоогоор мэдэхгүй байгаа. Ямар хүмүүс нэр дэвших гэж байгаа талаар мэдээлэл алга. Бодвол судалгаагаа хийж байгаа байх. Олон түмний итгэлийг дааж ажиллах ямар хүмүүс байна гэдгийг судалгааны дүнгээс харж байгаад, боломжийн гэсэн хүмүүсийг нэр дэшүүлэх байх. Сүүлийн үед сонгууль гэдэг мөнгөний ажил болчихсон зовлон бий. Ийм асуудал нөхөн сонгуульд бага байгаасай гэж бодож байна. Миний хувьд ямар хүн нэр дэвших вэ гэдэг нь тодорхой болоогүй байхад хэнийг дэмжихээ хэлэх боломж алга.

-МАН-ын Бага хурал энэ долоо хоногт хуралдана гэсэн. Бага хурлаар нөхөн сонгуулийн асуудлыг хэлэлцэх үү?

-Одоогоор мэдээлэл ирээгүй байна. Ийм асуудал яригдаагүй. Мэдээж цаг нь тулсан учраас нөхөн сонгуулийн асуудлыг ярих байх. 

-МУГЖ Г.Эрдэнэбатыг танай намаас нэр дэвшүүлж байгаа гэх мэдээлэл байгаа шүү дээ? 

-Мэдэхгүй байна. Би намын Удирдах зөвлөлийн гишүүн биш учраас нөхөн сонгуульд намаас хэн нэр дэвших талаар мэдээллийг одоогоор аваагүй. Цаг нь болохоор энэ талаар намын удирдлагууд албан ёсоор мэдээлэх байх. Нам бодлогоороо хэнийг явуулах вэ гэдгээ судалгаа хийж байгаад л шийднэ. 

-42 дугаар тойрогт Хэнтий аймгийн ямар ямар сумдууд ордог юм бэ?

-Тойргийн тухайд аймгийн төвөөс гадна Мөрөн, Жаргалтхаан, Өлзийт, Тахилгат гэсэн сумдууд ордог. 

-Сүүлийн үед анхаарал татаж байгаа асуудлуудын нэг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ асуудлыг хэлэлцэхгүй хойшлуулаад байгаа. Засгийн газраас үүнийг удаагаад байгаа гэх мэдээлэл ч байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ? 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруу­лах асуудалтай холбоотойгоор Д.Лүндээ­жанцан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсэг энэ талаар нэлээд зүйл хийж байгаа гэж харж байна. Засгийн газар Үндсэн хуулийн асуудлыг гацаагаад байна гэж би хувьдаа бодохгүй байгаа. 

-Та чуулганы хуралдааны үеэр Хэнтий аймгийн зарим газрыг тусгай хамгаалалтад авах шаардлагатай байгааг хэлсэн. Тусгай хамгаалалттай газрын ойролцоо уул уурхайн олборлолт  явуулж байгааг дуулгасан. Хэнтий аймагт ийм газрууд хэр олон байгаа вэ. Тусгай хамгаалалтад авах шаардлагатай ямар газрууд байна вэ?

-1998 оноос хойш батлагдсан баримт бичгүүдэд улсын нийт газар нутгийн тодорхой хэмжээг нь тусгай хамгаалалтад авна гэсэн бодлогыг тусгасан байдаг. Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт ч энэ асуудлыг тусгасан. Эзэн Чингисийн  мэндэлсэн, их гүрнийг байгуулсан түүх дурсгалын газар болох Хэнтий аймгийг Улсын тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай. Өнгөрсөн даваа гарагт хөрөнгө оруулагч нарын чуулганаар Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон зарлалаа. Нэгэнт энэ газрыг үндэсний хэмжээний ногоон парк, түүхэн аялал жуулчлалын бүс болгож байгаа бол ямар ч уул уурхайн үйл ажиллагаанаас ангид байх ёстой.

Мэдээж Хэнтий аймгийг бүхэлд нь тусгай хамгаалалтад оруул гэж байгаа юм биш.

60, 70 жилийн өмнөөс тэнд уул уурхай явуулж, улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж ирсэн Бэрхийн уурхай, Бор-Өндөрийн уурхай зэрэг газруудын үйл ажиллагаа хэвийн явах ёстой. Харин түүх дурсгалыг хадгалж байгаа ялангуяа хойд талын сумдыг тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай юм. Хэнтий аймаг гурван мөрний эх газар. Тэндээс Онон, Хэрлэн мөрөн эх авдаг. Улаанбаатар хотын ундны усыг хангаж байгаа Туул гол мөн тэндээс эх авдаг. Бидний нэрлэж заншсанаар урт нэртэй хуулийг 2009 онд баталсан. Энэ хуулиар гол мөрний эхийг уул уурхайн үйл ажиллагаанаас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, гол мөрний эхэнд ямар нэг уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Тиймээс гурван мөрний эх газрыг нэн даруй тусгай хамгаалалтад авах ёстой юм.

-Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч ажлын хэсэгт алдаа гарсан гээд хойшиллоо шүү дээ. Яг ямар алдаа гарсан юм бэ. Үүний цаана улс төрийн зорилго байх магадлалтай юу?

-Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах асуудлыг хариуцсан ажлын хэсэгт алдаа гарсан учраас хуралдааныг хойшлуулъя гэж байнгын хорооны дарга мэдэгдлээ. Байнгын хорооны дарга хариуцлага алдсан ажлын хэсгийнхэнд нэлээд хатуу үүрэг өгсөн. Ер нь бол ажлын хэсгүүд, ялангуяа байгаль орчны чиглэлийн ажил хариуцсан хүмүүс хариуцлагатай байх ёстой. Хариуцлагагүй байдлаас болж, ноцтой асуудал үүсч байна. Жишээлбэл, Хэнтий аймгийн Гутайн давааны орчмын гурав, дөрвөн голыг газрын зураглалд тэмдэглээгүй орхисноос болж одоо энд уул уурхай үйл ажиллагаа явуулж байна. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Гутайн даваа тэргүүтэй голууд газрын кадастрт орчихсон бол хуулийн дагуу тэнд ямар нэг тусгай зөвшөөрөл олгохгүй байсан. Гэтэл кадастрт тэмдэглээгүй учраас уул уурхайн лиценз олгоод, тэнд уул уурхай хийгээд байгаа юм.

Тэгэхээр байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах чухал газруудад яагаад ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгоод, үйл ажиллагаа явуулаад байна вэ гэдэг нь том асуудал. Урт нэртэй хуулиар хориглосон байхад, ийм үйл ажиллагаа явуулаад байгаа нь цаанаа ямар ашиг сонирхол байна вэ гэдгийг анхаарах хэрэгтэй юм. Гол мөрний тооллого хийгээд урсаж байгаа голыг газрын зурагнаас хасчихсан байгаа юм. Тэнд нь лиценз авсан компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Байнгын хорооны хуралдаан техникийн алдаа гарсан гээд энэ асуудлыг хэлэлцэх хуралдаанаа хойшлуулж байна. Үнэхээр техникийн алдаа гарсан уу, эсвэл ашиг сонирхлын зөрчил байсан учраас тэдгээр голуудыг катарстрын зурагт оруулаагүй юу гэдгийг хэлэх боломжгүй. Тиймээс бид  улсын хэмжээнд шалга гэдэг шаардлагыг тавьж байгаа. 

-Ажлын хэсэг дээр ямар алдаа гарсныг тодорхой яриагүй гэсэн үг үү?

-Яриагүй. Ажлын хэсэгт техник алдаа гарсан гэх тайлбарыг өгөөд, байнгын хорооны хуралдааныг хаасан.

-Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төслөөр 22 нэр бүхий газар орж ирж байгаа гэсэн. Энэ жагсаалтад танай аймгаас ямар газрууд орж байгаа вэ?

-Хэнтий аймгийн Норовлин сумын Улз голын сав газар болон Дэлгэрхаан сумын Дэлгэрхаан уулыг тусгай хамгаалалтад авах асуудал орж ирж байгаа. 

-Төрийн байгууллагуудын мэдээлэл зөрүүтэй байна гэсэн асуудал гарч байгаа юм билээ. Хуралдаан хойшилсон шалтгаан нь ажлын хэсгийн буруу юу, төрийн байгууллагуудын буруу юм уу?

-Аль алиных нь буруу.

ШИНЭ МЭДЭЭ