“Хотын дарга сонсож байна” шууд утсыг ажиллуулна
2019.04.05
Орон нутгийн хөгжил

“Хотын дарга сонсож байна” шууд утсыг ажиллуулна

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсөвт батлагдсан нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлын явц, газар чөлөөлөлт, Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын хилийн цэсийн маргааныг хянан шийдвэрлэх саналыг дэмжих тухай, Төрийн үйлчилгээг сайжруулах, шинэ менежмент, технологи нэвтрүүлэх зорилгоор “Хотын дарга сонсож байна” шууд утас ажиллуулах тухай, Нийслэлийн худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хязгаарыг шинэчлэн тогтоох тухай асуудлуудыг хэлэлцэв.


Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй-Төрийн үйлчилгээний жил” болгон зарлах тухай, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарлах тухай захирамжийг үндэслэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээнд шинэ менежмент нэвтрүүлэх, мэдээллийн технологийн ухаалаг шийдлүүдийг ашиглах, хариуцлагыг дээшлүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэдэд цогц, хүртээмжтэй, шуурхай, тэгш, нээлттэй хүрэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэх юм байна.

Иргэн төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл авах, шууд утас ажиллуулснаар иргэдийн санал хүсэлтэд суурилсан хяналтыг сайжруулах, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх шинэ менежмент, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилгоор “Хотын дарга сонсож байна” шууд утас ажиллуулах юм. Ингэснээр автомат хариулагчаар заавар зөвлөмж хүргэх, иргэдийн дуудлага бүрт  хариулах боломж бүрдэхийн зэрэгцээ оператор болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд шууд хяналт тавих, аль салбар, ямар байгууллагад иргэдийн өргөдөл, гомдлын хандалт их байгааг тодорхойлох боломж бий болох, хэрэглэгчийн мэдээллээр өмнөх дуудлагын түүхтэй танилцах, иргэдийн хүсэл шаардлагад дүн шинжилгээ хийх замаар шийдвэр гаргах боломж бүрдэх зэрэг давуу талтай гэж  нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг танилцууллаа. Хотын захирагчийн зүгээс дөрөвдүгээр сарын 15-ны дотор багтаан иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах  шууд утас ажиллах нөхцлийг бүрдүүлэх шийдлийг гаргахы чиглэл болголоо.

Ингэснээр  тавдугаар сараас эхлэн  Улаанбаатар хотын дугаар хорооны иргэд өөрт тулгамдсан асуудлаа Хотын даргад шууд уламжлах бололцоо нээгдэх юм.

Үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ

Иргэдийн ая тух, амгалан тайван байдлыг хангах зорилгоор орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байгаа согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын ажиллах цагийн хязгаарыг өвөл, зуны улирлаас хамааралгүй 00:00 цагт хаахаар тусгаж, тусдаа бие даасан зориулалтын байртай болон орон сууцнаас бусад зориулалтын дагуу тоноглосон байранд үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний газруудад зуны цагт буюу аялал жуулчлалын улиралд уртасгасан цагийн буюу одоогийн хэрэгжиж байгаа 04:00 цагийн хуваариар ажиллах боломж олгож, өвлийн цагийн хуваарийг богиносгосон байдлаар зохицуулахаар саналыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд 2015 онд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан НЗД-ын 2015 оны долдугаар сарын 9-ний өдрийн захирамжаар согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 04:00 цагаар тогтоосон. Ийм тусгай зөвшөөрөлтэй 6472 аж ахуйн нэгж нийслэлд байдаг бол нийтийн орон сууцны нэг болон суурийн давхарт 557 ресторан, баар, кафе ажиллаж байгааг тэрбээр танилцуулгадаа дурьдлаа.

Зөвлөлийн гишүүд тухайн асуудлыг хэлэлцэж орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байгаа согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын ажиллах цагийн хязгаарыг өвөл, зуны улирлаас хамааралгүй 00:00 цагт хаах нь зөв гэж үзлээ. Харин тусдаа бие даасан зориулалтын байртай болон орон сууцнаас бусад зориулалтын дагуу тоноглосон байранд үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг дахин судалж Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж ирэхийг Ерөнхий менежерт даалгалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

ШИНЭ МЭДЭЭ