МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Нийслэлчүүдийн усны асуудлыг шийднэ
2019.03.01
Эдийн засаг, Худалдаа

350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Нийслэлчүүдийн усны асуудлыг шийднэ

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Мянганы сорилтын компакт гэрээ” соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 

Компакт гэрээний хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацаас 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсад үзүүлнэ. АНУ-ын Мянганы сорилтын тухай хуулийн дагуу компакт гэрээ хэрэгжүүлж байгаа улс нь төслийн нийт хөрөнгө оруулалтын 15 хувиас багагүй хэмжээний хөрөнгийг хариуцах үүргийг хүлээдэг. Монголын талаас гаргах санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл, тусламж, улсын төсөв зэрэг эх үүсвэрээс гаргана гэж тооцож байна.

Компакт гэрээгээр санхүүжүүлэх мөнгөн хөрөнгөөр Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах цогц хөтөлбөр хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн хүрээнд газрын доорх эх үүсвэрээс ус хангамжийг нэмэгдүүлэх дэд бүтэц, ус цэвэршүүлэх байгууламжийг барьж байгуулна.

Компакт гэрээний 350 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 2 бодит том физик үйлдвэр байгуулагдана. Энэ үйлдвэрээр бий болох үр ашгийн тогтвортой байдлыг хангах зөөлөн дэд бүтцийг бүрдүүлэх буюу усны агентлагийг байгуулахад дэмжлэг үзүүлэх, усны салбарын аж ахуйг хөгжүүлэхэд 20 орчим сая ам.доллар зарцуулна.

Компакт гэрээ боловсруулах үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогос

“Одоогийн ТЭЗҮ-ээр Био комбинат-Шувуун фабрик орчимд 50 гүний худаг гаргана. 1 жилдээ 50 сая метр куб гүний ус олборлоно. Үүнийг Нийслэлийн унд, ахуйн хэрэглээнд зориулж станцуудруу нийлүүлэх юм. Ингэхэд шаардлагатай шугам сүлжээ байгуулна. Эдгээрт 200 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт төлөвлөгдсөн. Харин саарал усны үйлдвэр байгуулах төсөлд 95 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Эдгээр 2 үйлдвэрийн ерөнхий ТЭЗҮ гарсан. Удахгүй олон улсын нээлттэй тендер зарлаж нарийвчилсан зураг төслийн ажил хийгдэнэ.”

Компакт гэрээ хэрэгжихэд Монгол Улсын Засгийн газрын хүлээж буй үүрэг нь хөрөнгө оруулалтын 15 хувиас багагүй хэмжээний хөрөнгийг хариуцах буюу нийт 111 сая ам.долларыг гаргах ёстой юм. Үүнийг Сангийн яамнаас жил бүрийн төсөвт суулгахаар тохиролцсон байна.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 7 эх үүсвэрээр баталгаатай эх үүсвэрээс хоногт 218 мянган м3 авах боломжтой ч 173 мянгыг нь авч хэрэглэж байна.

Хаягдал буюу бохир усыг дахин боловсруулах замаар гарган авсан саарал усыг Дулааны цахилгаан станцуудад нийлүүлснээр усны салбарын тогтвортой байдлыг хангах бодлогын цогц арга хэмжээ хэрэгжихийн зэрэгцээ Улаанбаатар хотын цэвэр усны хангамж одоогийнхоос 68 сая орчим шоо метрээр нэмэгдэнэ гэж тооцож байна. Түүнчлэн Монгол Улс цаашид усны менежментийн бодлогоо улам боловсронгуй болгох боломж бүрдэнэ. 

Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацаас 2014 оны 12 дугаар сард Монгол Улстай хоёр дахь Компакт гэрээ байгуулах шийдвэр гарснаас хойших хугацаанд гэрээ боловсруулах бэлтгэл ажлыг бүрэн хангаж 2018 оны 5 дугаар сард дуусгасан. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Гадаад харилцааны сайд Компакт гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Мянганы сорилтын корпорацын Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Нэш болон албаны бусад хүмүүстэй уулзаж, Хоёр дахь компакт гэрээ байгуулах тухай төгсгөлийн шатны хэлэлцээнд орж, эцэслэв.

 

Компакт гэрээ нь 8 зүйл, зургаан хавсралтаас бүрдэх бөгөөд гэрээний санхүүжилт, татвараас чөлөөлөх үндэслэл, гэрээний хэрэгжилтийг дүгнэх болон талуудын хүлээх үүрэг зэрэг нөхцөлийг гэрээнд тодорхой тусгасан байна.  

ШИНЭ МЭДЭЭ