Бөхийн өргөөг нээж, бөхийн барилдаануудыг хамтран зохион байгуулахаар санал нэгдлээ
2018.12.26
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Бөхийн өргөөг нээж, бөхийн барилдаануудыг хамтран зохион байгуулахаар санал нэгдлээ

Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар Монгол Бөхийн өргөөг эргэж нээх асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Бөхийн холбооны маргаантай асуудлаас шалтгаалан үймээн гарсны улмаас энэ оны 4 сард Бөхийн өргөөний үйл ажиллагааг түр хаасан юм. Харин бөхчүүдийн хамгийн өндөр цолонд хүрсэн Дархан аваргууд эвлэлдэн нэгдэж, бөхийн ёс жудгийг дагаж ажиллахаар Эв нэгдлийг хангах Түр зөвлөл байгуулжээ. Түр зөвлөлийг насны эрэмбээр Дархан аварга Х.Баянмөнх удирдахаар тохирсон байна. 

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ:

Бөхийн холбоонд маргаантай байдал үүсээд 15 гаруй жил болж байна. 2018 оны 3 сарын 24-нд Монголын үндэсний бөхийн холбоо ээлжит "Их Эе"-ийг хуралдуулж, намайг бөхийн холбооны тэргүүнээр сонгосон. Энэ хурлын дараа олон жил эвлэрч чадаагүй бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүдтэйгээ уулзаж, учраа олохыг их хүслээ. Одоо Бөхийн өргөө хаалттай байна. Яагаад гэвэл, маргаан, үймээн дэгдээж байгаа нөхөд дахин асуудал гаргахгүй гэсэн бичиг өг гэсэн шаардлагыг бид тавьж байна. Ингэж цагдаагийн байгууллагын хамгаалалтыг буулгана.

Бид хоёрын хувьд монгол бөхийн хамгийн өндөр цолонд хүрч, өнөөдөр ахмадын тоонд орж байна. 20 насны зөрүүтэй ч гэлээ ах, дүүс, багш, шавийн барилдлагатай явж ирлээ.

Одоогоор бөхчүүдийн хамтран ажиллах түр зөвлөл 6-7 гишүүнтэй байгуулагдаж, Бөхийн өргөөний үйл ажиллагааг хэвийн явуулах тал дээр анхаарч ажиллахаар боллоо.

Мөн сүүлийн үед гараад байгаа допингийн асуудал, мөн жалга довын үзлийг цэгцлэх гээд бидэнд хийх ажил их байна. 16 жил шүүхээр явж байгаа энэ асуудал цэгцлэгдэж, шийдвэр яаж гарахаас үл хамааран “Их Эе” хурлыг дахин хийх, холбооны үйл ажиллагааг эв нэгдэлтэй хийх байр суурьтай байна. Сайхан, зөв зүйлийг төлөө бид явж байгаа.  Үзэгч олон түмнийг бухимдуулсан, чилээсэн зүйл болон бид хоёроос шалтгаалсан юм байвал албан ёсоор уучлал гуйж байна. Баянаа аваргынхаа сэтгэлд хүрээгүй зүйл байгаа бол танаас уучлал гуйж байна. Зөвхөн бөхчүүд биш үзэгч түмэн, бөхийн засуул, тайлбарлагч, өргөөний ажилчид гээд бүгдээрээ бөхийнхөө төлөө ажиллаж байна.

Дархан аварга Х.Баянмөнх: 

Д.Бат-Эрдэнэ аварга надтай хүндлэлгүй харилцаж байсан удаа байхгүй. Харин үзэл бодлын зөрөө л байгаа болохоос огт муудаж байгаагүй. Бид хоёр тэргүүн дархан аваргуудын хувьд үүрэг хариуцлагаа ухамсарлан, бөхийн их эе, эвээ эрхэмлэн бөхчүүдээ манлайн удирдаж Түр зөвлөл байгуулсан.

МҮБХ-ны удирдлагын асуудал бол тусдаа асуудал. Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс бид Түр зөвлөлөө татан буулгана.

Харин цаашид энэ бөхчүүдийн маргаан үргэлжлээд байвал Нэгдсэн хурал хийж нэг л холбоог байгуулах болно. Өнөөдөр Бөхийн өргөө хаалгаа бариад олон сар боллоо. Тэнд ажиллаж байсан 30 гаруй хүн ажилгүй, цалингүй, Өргөөнд заларсан олон тугнууд шороо тоосонд дарагдсан байдалтай байна.

Тиймээс бид хоёр Бөхийн өргөөний үйл ажиллагааг өнөөдрөөс сэргээж, үүд хаалгыг нь нээнэ. Энэ маргаанаас болж бөхчүүд, бөх сонирхогчид болон бөхөө дээдлэгч ард түмэн маань хохирох ёсгүй. Монгол бөхийн олон зууны уламжлалт ёс дэг, эрэмбэ гэдэг эрхэм зүйлээ бид баримтлах үүрэгтэй. Манай бөхчүүд цол, эрэмбээ ихэд эрхэмлэн дээдэлж ирсэн. Та бүхэн бөхчүүд өөрөөсөө дээгүүр цолтой бөхийн дээд талд суудаггүй гэдгийг мэднэ. Энд би нэг жишээ хэлэхэд, Даншиг наадмын заан цолтой, 92 настай Содном гуайг би нэг удаа дээш нь суулгах гээд чадаагүй. Содном заан, тэгж бөхийн ариун ёс жудагаа алдахгүй гээд байж билээ. Өнөөдөр ч бид энэ эрхэм ёс жудагаа баримталж ирсэн ард түмэн. Үндэсний бөх бол зөвхөн монголчууд бидний өв соёл болсон эрхэм зүйл

ШИНЭ МЭДЭЭ