2018.10.26
Гадаад харилцаа
Б.Бат-Эрдэнэ: Хэлэлцээрийн дагуу тэнд байгаа Монгол иргэдэд ямар боломж үүсэх вэ?
Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
“Төслийг батлахыг дэмжиж байна. Гэхдээ 3 асуулт байна.
-
Польш улсад Монгол Улсын хэдэн иргэн ажиллаж амьдарч байна вэ? Нийгмийн хамгааллын баталгаа нь хангагдахгүй байгаа хичнээн иргэн байна вэ? Ер нь бусад улс оронд амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн хамгаалал, халамжийг анхаарч байгаа нь сайн байна.
-
Хэлэлцээр байгуулагдсанаар Польш улс болон эх орондоо ажиллаж байсан хугацаагаараа тэтгэвэр тогтоох боломж үүсгэнэ гэж байна. Үүнийг тодруулж өгнө үү? Эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудал шийдэгдэх үү?
-
Тухайн улс орны нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, туслалцаанд Монгол Улсын иргэн хамрагдах боломж байгаа юу?”
Түүний асуултанд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хариулт өглөө.
ХНХ-ийн сайд С.Чинзориг:
“Элчин сайдын яамтай хамтран гаргасан тоогоор тус улсад 940 монгол иргэн амьдарч байна. Одоо тэнд байгаа иргэд маань ЭМД-ын хураамж болон НД-ын шимтгэлээ төлж байгаа. Гэхдээ Польшийн хуулийн дагуу тэтгэмж авах эрх нь үүсэхгүй. Монголд НД-ийн шимтгэл төлөөгүй учраас тэтгэмж, тэтгэвэр авах боломж нь ч хаалттай байгаа юм. Тиймээс энэ хэлэлцээрээр Польш болон Монголд ажилласан жил, төлсөн шимтгэлээ нэгтгэн тооцуулж тэтгэвэр авах боломжтой болох юм. Мөн тэтгэмжүүд ч авах эрхтэй болно. Өнөөдрийн байдлаар БНСУ болон Унгар улстай хэлэлцээр байгуулсан. Цаашдаа Турк улстай гэрээ байгуулсан. Удахгүй УИХ-д оруулж батлуулна. Чех, Казахстан, ОХУ-тай энэ чиглэлээр гэрээ байгуулахаар ажиллаж байна.”