2018.10.23
Эдийн засаг, Худалдаа

Б.Саранчимэг: Газрын доройтол, цөлжилтөд ямар арга хэмжээ авч, хэдэн төгрөг зарцуулах вэ?

Өнөөдөр /2018.10.23/ БОХХААБХ-ны хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хуулийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг цөлжилт, хөрсний бохирдолд зарцуулах төсвийг асуув.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: 2019 оны төсөвт агаарын бохирдлыг бууруулахад 200 орчим тэрбум төгрөгний төсөв суугдсан. Энэ төсвөөр гэр хорооллын цахилгаан дулааны шугам тавих, сайжруулсан  түлш болон яндангийн шүүлтүүр зэрэгт зориулагдахаар тавигдсан байна. Өнөөдөр агаарын бохирдол гэдэг бол ганц гэр хорооллын яндангаас гарч байгаа утаа биш. Газрын доройтол цөлжилт бас байна. Монгол Улсын 70 гаруй хувь нь ямар нэгэн хэмжээгээр газрын доройтолд өртсөн. Газрын доройтол, цөлжилтөөс үүссэн нарийн тоос тоосонцор хүний эрүүл мэндэд маш муугаар нөлөөлж байна. Бид энэ тал дээр Засгийн газар дорвитой арга хэмжээ авах шаардлагатай. Газрын доройтол болон цөлжилтөд ямар арга хэмжээнд хэдэн төгрөг суугдсан байна?

БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат: Энэ жил Монгол Улс газрын доройтолтой холбоотой газрын тооллого хийгээд дуусч байна. Энэ оны төсөвт агаарын бохирдлоос орж ирдэг орлогын 50 хувийг орон нутагт шилжүүлж, орон нутгууд энэ асуудлаа хуулийн хүрээнд бодлого боловсруулж шийдүүлэх боломжтой. Улсын хэмжээнд байгалийн нөөц ашигласантайгаар холбоотой ордог орлогыг хуулийн дагуу байгаль хамгаалах, нөхөн сэргээх, усны булаг шандыг хамгаалах чиглэлээр зарцуулах хуультай. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төлөөлөгчид хуулийн дагуу 100 төгрөг зарцуулах ёстой. Энэ мөнгөө бүрэн өгвөл улсын хэмжээнд тулгарч байгаа энэ хүндрэлээс гарна гэж харж байна. Тиймээс орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төлөөлөгчид Монгол Улсын хуульд заасан байгаль хамгаалахад зарцуулах хөрөнгөө ном журмын дагуу зарцуулах ёстой.

ШИНЭ МЭДЭЭ