Мандалын хүүхдүүд Солонгосын Шинхан Их сургуульд суралцахаар мордлоо
Сэлэнгэ аймгийн Мандал сумын хүүхдүүдийн хоёрдугаар ээлж дахин Солонгосын Шинхан их сургуульд суралцахаар 10 дугаар сарын 3-нд эх орноосоо мордлоо.
Сэлэнгэ аймгийн Мандал сумаас УИХ-д сонгогдсон гишүүн Ж.Эрдэнэбат тойргийнхоо ерөнхий боловсролын сургуулиудыг Солонгосын Шинхан их сургуультай холбоо тогтоох ажлыг эхэлсэн юм. Дээрх ажлын хүрээнд оюутан солилцоо амжилттай хэрэгжиж өнгөрсөн жил Мандалын III сургууль болон сумын ерөнхий боловсролын XII ангиа төгссөн 15 хүүхэд Шинхан их сургуулийг зорьсон байна.
Энэ жил ерөнхий боловсролын XII ангиа дүүргэсэн 18 хүүхэд Солонгосын Шинхан их сургуульд 50 хувийн хөнгөлөлттэй суралцахаар хүлгийн жолоо залсан нь энэ юм. Хүүхдүүдийг үдэн гаргахаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Төрийн ордонд эцэг эхчүүдийнх нь хамт хүлээн авч уулзаж амжилт хүссэн байна.
Тэрээр “Монголын минь ирээдүй болсон хүүхдүүд та нар эрдэм номдоо шамдан суралцаж эцэг эх, эх орныхоо алдар нэрийг өндөрт өргөн зорьсон зорилгодоо алхам алхмаар урагшлан тэмүүлж, сайн суралцана гэдэгт гүнээ итгэж байна” гэв.
Ч.Отгонцэцэг