МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: Монгол хөгжилд төрийн оновчтой зохицуулалт дутагдаж байна
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
2018.09.25
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Монгол хөгжилд төрийн оновчтой зохицуулалт дутагдаж байна

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй төрийн тогтолцоо, төрийн албан хаагчдын чадвар, үнэлэмжийг хэрхэн дээшлүүлэх сэдвээр ярилцлаа.


“Төрийн хариуцлагатай албанд хариуцлагагүй хүнийг томилох нь өөрөө хариуцлагагүй үйлдэл”

-Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрхэн дагаж мөрдөх журмыг төрийн албаны удирдах ажилтнуудын улсын зөвлөгөөнд танилцуулж, хэлэлцлээ. Төрийн алба нийгэмд муу нэртэй болсон. Хүн болгон төрийн албан хаагчдыг доромжилж, тэдэнд уур бухимдлаа гаргадаг болжээ. Шинэ хуулинд төрийн албан хаагчдын дэвших боломжийг хэр хангасан бэ?

-Төрийн алба үр дүнтэй ажиллахын тулд төрийн тогтолцоо нь зөв байх ёстой. Тогтолцоондоо тохирсон төрийн алба маань цомхон, хүнд сурталгүй, өндөр чадавхтай байхыг шаарддаг. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Төрийн албаны тухай хуулийг ийм бодлогоор хийсэн.

Төрийн албан хаагч ёс зүйтэй, хариуцлагатай, мэдлэг чадвартай байвал төр түмэн олондоо хүндлэгдэнэ. Тиймээс шинэ хуулинд төрийн албан хаагчийг мэргэжилтнээс эхлээд ТНБД болох нарийн зохицуулалтыг хийсэн байгаа.

Манай улсын хөгжлийн мухардлуудын бас нэг үндсэн шалтгаан бол боловсон хүчнээ бэлтгэх, сургаж хүмүүжүүлэх, томилгоонд алдаатай бодлого явсан учраас өнөөдөр ийм болсон. Боловсон хүчний мэдлэг чадварын хомсдол нь аль ч төрийн байгууллага дээр харагдаж байгаа нь улстөрчид, тухайн байгууллагын удирдлагуудаас хамааралтай. Тэд янз бүрийн хүмүүсийг төрийн албанд шахдаг.

Тэр нь өндөр албан тушаалд очдог. Гэвч хашиж байгаа албандаа бэлтгэгдээгүй болохоор тэнцдэггүй дутагдал байдаг. Энэ байдлыг арилгах үүднээс Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан. Төрийн албаны удирдах ажилтнуудын зөвлөгөөнөөр шинэ хуулиа танилцуулж, эрх бүхий албан тушаалтнууд хуулиа барьж ажиллахад нь нэгдсэн ойлголтыг өгч чадсан гэж бодож байна.

Төрийн албыг хүн л авч явах учраас ухаалаг, бодлоготой, улстөржилгүйгээр явуулах ёстой.

-Төрийн албан хаагчдыг бараг гэрлэхээс нь бусдыг нь хориглосон байдаг. Сонгуульд нэр дэвших, нам, эвслийн гишүүн байж болохгүй гэдэг. Сонгуулийн дараа ялсан нам нь төрийн албан хаагчдыг хоморголон халдаг. Эсвэл төрийн албан хаагчдыг аль нэг нам харьяалал харгалзахгүйгээр өөрийнхөө дэмжиж байгаа нам, нэр дэвшигчийн сонгуульт ажилд оролцохыг зөвшөөрчих хэрэгтэй юм биш үү?

-Ямар ч нам засаг, төр барьж болно. Гагцхүү төрийн албанд бэлтгэгдсэн боловсон хүчинтэй байх ёстой. АН нь гарч ирэхээрээ Ардын намын үед ажиллаж байсан хүмүүсийг халчихдаг.

Дараа нь Ардын нам гарч ирээд зөрүүлээд халдаг. Энэ нь манай улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш үргэлжилж байна. Энэ хэрээр төрийн албаны нэр хүнд унасаар л.

Монголын төр төрийн албан хаагчдаа улстөржихгүйгээр бэлтгэж авах ёстой юм. Ялсан нам бодлого, хөтөлбөрөө гаргаад төрийн албан хаагчидтайгаа хамтраад ажилладаг дэлхийн жишиг байдаг.

Бид энэ жишиг рүүгээ явж чадвал төрийн албаны шинэчлэл бүрэн утгаараа хийгдэж, чадварлаг боловсон хүчинтэй болж, улс эх орон хөгжинө.

-Хуучин цаг шиг төрийн албанд шилдэг залуусыг шигшиж оруулдаг болгомоор байна. Төрийн албан хаагчид хөгжиж, дэвшиж, томорч, бодлого тодорхойлдог гишүүн, сайд болох тэр зам мөрийг нь нээж өгөх ёстой баймаар. Таны хувьд ажлын гараагаа хэрхэн эхэлж байв?

-Би бол сургуулиа төгсөөд баазад механикаар ажиллаж эхэлсэн. Дараа нь инженер, яамны мэргэжилтэн, цаашлаад ахлах мэргэжилтэн, яамны хэлтсийн дарга, газрын дарга болж ажиллаж байлаа. Энэ хугацаанд их юм мэдэж, сурч, суралцсан. Ер нь боловсон хүчний хувьд мэдлэгтэй, сайн бэлтгэгдсэн байж болно.

Тэр хүмүүст улс эх орныхоо төлөө чин сэтгэлээсээ ажиллах ухамсар, чадварыг суулгаж өгөх ёстой юм. Бидний үед сургууль төгсч ирэхэд “Сайн ажиллавал чамд ийм ирээдүй байна” гэдгийг хэлж өгдөг байсан. Тийм болохоор эх орныхоо төлөө төрийн албанд бид хоёргүй сэтгэлээр зүтгэдэг. Ийм уламжлал өнөөдөр үгүйлэгдэж байна.

Үнэхээр алдаа дутагдал гаргавал засч, тусалж, дэмждэг. Үр дүнтэй ажиллаж байгаа хүмүүсээ шагнаж урамшуулдаг системийг шинэчлэх шаардлагатай. Хичнээн сайн ажилласан ч ажил тасалдаг, ажлаа мэддэггүй, үр дүн муутай хүнтэй адилхан үнэлэгдээд байвал урамгүй болчихно.

Төрийн албанд ороод ажиллаж байгаа залуучууд дотор Монгол Улсын ирээдүйн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, дарга нар бэлтгэгдээд явж байгаа. Тиймээс залуучуудыг эхнээс нь тохирсон албан тушаалд нь тавьж, сургаж, хүмүүжүүлж, ажилд шигшиж авах ёстой.

Яамны мэргэжилтнүүд дундаас сайн ажиллаж, ялгарч байгааг нь ахлах мэргэжилтэн болгох. Ахлах мэргэжилтнүүд дундаас нь шигшиж хэлтсийн дарга, хэлтсийн дарга нараас хамгийн сайн ажилласныг нь газрын дарга болгох.

Газрын дарга нар дундаас тодорч байгааг ТНБД болгоод явах юм бол Монгол Улсын хөгжилд хэрэгтэй. Бас шинэ хуульдаа ч нийцнэ.

-Төрд орж ирж байгаа улстөрчид дайсантайгаа учирч буй мэт л уриа лоозон дэвшүүлэх юм. “Төрийн албыг бөхийлгөж, түмэн олныг гэдийлгэнэ”, “Авлигачдыг үндсээр нь устгана” гэх зэргээр янз бүрээр зүхсээр байгаад орж ирсэн болдог. Ажилтнуудаа дорд үзэж, басамжилж байгаа хүн яаж амжилт гаргах юм бэ. Төр бол дархлаатай, эрхэмсэг, имижтэй байх ёстой. Төрийн албаны шинэ хуулиар үүнийг зохицуулсан гэж ойлгож болох уу?

-Төрийн албаны тухай шинэ хууль нь мэрит зарчмыг баримталж ажиллахаар зохицуулагдсан. Төрийн алба бол дархлаатай байх ёстой. Хэн дуртай нь орж ирээд бужигнуулаад байж болохгүй.

Төрийн албаны нэр хүндийг төрийн албан хаагч өндөрт өргөж авч явах ёстой. Төрийн албаны шинэ хуулийн 23 дугаар зүйлд албан тушаалд тавих тусгай шаардлага гэж байгаа. Яамны мэргэжилтнээс эхлээд ахлах мэргэжилтэн, хэлстийн дарга, газрын дарга болоход бүгд төрд ажиллах жилийн шалгууртай.

Тэргүүн түшмэл буюу ТНБД-ын хэмжээнд хүрч ажиллахад 16-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай.

-Төрийн албыг хэтэрхий данхар байна гэдэг. Яаж цомхон, чадварлаг болгох юм бэ?

-Жил ирэх тусам төрийн алба данхайгаад орон тоо нь багасгахгүй байгаа нь үнэн. Манайхан мэдээллийн технологийн ололт амжилтыг их сайн нэвтрүүлж байгаа.

Нэвтрүүлэх хэрээр ажлын үр дүн, чанар сайжирч, үйлчилгээ хурдан болж, орон тоо хэмнэгдэж байх ёстой юм. Тэр хэмнэлтээр төрд ажиллаж байгаа хүмүүсийн цалинг нэмбэл аль, аль талдаа ашигтай.

“XXI зууны Кейнс төрөөгүй байна”

-Та ярилцлагын эхэнд төрийн алба чамбайрахад төрийн тогтолцоо чухал гэж дурдсан. төрийн зохи-цуулалтын ямар аргууд байж болох вэ?

-Зах зээлийн эдийн засаг дахь төрийн зохицуулалт гэдэг нь үндэсний эдийн засгийг урт хугацаанд тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхийн тулд макро болон микро түвшинд шинжлэх ухааны үндэстэй нөлөөлж, бизнесийг нийгэмд үр өгөөжтэй байх чиглэлд хөтлөх нэгдмэл, цогц үйл ажиллагааг хэлдэг. Төрөөс нийгэм, эдийн засгийн амьдралд нөлөөлөх олон арга бий.

Үүнд, хөгжлийн нэгдмэл стратегийг томьёолж, төлөвлөх, гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлж, алдааг засаж, сайжруулах, хариуцлага, үр дүнг тооцохын зэрэгцээ төрийн мөнгө, төсвийн болон бүтцийн өөрчлөлт, хүний нөөцийн бодлогуудыг оновчтой удирдах явдал юм.

Түүнчлэн хөрөнгийн захын үйл ажиллагааг идэвхжүүлэх, экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд инновацийг чиглүүлэх ёстой. Тарифын болон тарифын бус аргуудыг өргөн ашиглах, татаас хөнгөлөлт үзүүлэх, квот тогтоох, хөнгөлөлттэй зээлээр дэмжих, үнийн дээд хязгаарыг тогтоох гэх зэрэг олон арга механизмууд багтдаг л даа.

Хүн төрөлхтний хөдөлмөрийн хуваарь, нийгмийн харилцаа улам гүнзгийрч, олон төрөл янз болсоор байгаа өнөө үед төрийн оновчтой зохицуулалтгүй урсгалаар хөгжих ямар ч боломжгүй юм.

-Тэгвэл манай улс төр зохицуулалтгүй яваад байна гэсэн үг үү?

-Төрийг зохицуулалтгүй гэж хэлж болохгүй. Одоо ч байгаа. Харамсалтай нь үр дүн муу байна. Монголын хөгжлийн мухардал нь төрийн зөв тогтолцоо, засаглалын ухаалаг бүтэц, алсыг харсан стратeги бодлого, уян хатан зохицуулалт дутагдсанаас үүдэлтэй.

Бид төрийн зохицуулалтыг зөв хийж чадахгүй байгаа шалтгаан нь хэт улстөржилт, түүнээс үүдэлтэй удирдалгын мэдлэг чадварын хомсдол, төрийн албанд хоноцын сэтгэлээр хандаж, сахилга,хариуцлагын тогтолцоо алдагдсантай холбоотой. Бид нийгмийн амьдралаа зөв зохицуулж чадахгүй төрийн тогтолцоотой болчихоод байгаад хамаг учир байна.

Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэм байгуулахаар зорьсон 30 жилийн эцэст дан ганц уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай, 3.2 сая хүн амтай мөртлөө их, дээд сургуулийн тоо 200-д хүрч, нэг хүнд ногдох архины үйлдвэрлэл 25-30 литрийг давсан зэрэг сөрөг үзэгдлүүд газар авч нийгмийн амьдралын тэнцвэрт харьцаа ихээхэн алдагдсан байдалтай байна шүү дээ.

Мал сүрэг өсч 80 саяд хүрсэн гэх боловч, малын таваарлаг чанар буурч, сүргийн бүтэц алдагдсан, малын гаралтай бүтээгдэхүүн, ашиг шимийг үндсэнд нь түүхийгээр нь экспортолж, газар нутгийн 78.8 хувьд нь цөлжих аюул нүүрлээд байгаа.

Хүн амын шилжилт хөдөлгөөнд төрөөс ямар ч хяналт, зохицуулалт хийхгүй болсноор нийт хүн амын 50 хувь нь зөвхөн нийслэлдээ амьдарч, хотын агаар, хөрс, усны бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 10-30 дахин хэтэрч энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэх боллоо.

Нийслэлийн авто замын нэвтрүүлэх хүчин чадлаас 3-5 дахин олон тооны хуучин машин импортоор оруулснаас, түгжрэл иргэдийг зовоосон хурц асуудал болоод байна. Эрүүл мэндийн салбарын статистик үзүүлэлтүүд, гэмт хэрэг, архидалт, хар тамхи, садар самуун зэрэг нийгмийн ёс бус үзэгдлийн тоо харамсалтай үр дүнг илтгэсээр байна.

Санхүүгийн салбарт бодлогогүй ажилласнаас нийт эдийн засгийн 95 хувь нь банкнаас хамааралтай болсон байна. Арилжааны банкууд хадгаламжийг өндөр хүүтэй авахаар уралдах болсноор аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн хүү жилийн 24-36 хувь болтлоо өсөж, мөнгөний бодлого гажуудлаа.

Төрийн бодлого, зохицуулалтгүй байдлын золиос ард иргэд болж байгаа нь Монголын ихэнх иргэдийн амьдрал доройтож, баян ядуугийн ялгарал туйлдаа хүрч, иргэдийн уур бухимдал газар авч, ёс суртахуун доройтож байгаагаар нотлогдож байна.

Монголын нийгэм өнгөрсөн 30 жилийн хөгжлийнхөө үе шат бүрт төрөөсөө зохицуулалт шаардаж ирсэн. Харамсалтай тэр зохицуулалтыг тухай бүр нь хийж чадаагүй арчаагүйтэж,амиа аргацааж өдөр хоногийг өнгөрөөсөөр өдий хүрлээ.

-Ямар үед төрийн зохицуулалт хэрэгтэй юм бэ?

-Зах зээл өөрөө зохицуулж чадахгүй, нөхцөл үүсвэл төрөөс зохицуулах шаардлага гарна. Эсвэл чөлөөт зах зээлд мөнгөөр илэрхийлэгддэг хэрэгцээг эрэлт, нийлүүлэлтээр дамжуулан хангах боломжийг олгодог.

Мөнгөөр илэрхийлэгддэггүй хэрэгцээ гэж бас байна. Улс үндэсний хөгжлийн нэгдмэл бодлого, төлөвлөлт, салбар хоорондын уялдаа, тэнцвэрийг хангах, гүйцэтгэлийн хяналт, эрсдэлийг тооцож, хариу арга хэмжээг авч, алдааг засах, хөгжлийн замаа зөв тодорхойлж ажиллах зэрэг нь бодлогоор хийгдэнэ.

Төрийн удирдлага, нийгмийн үйчилгээ, үндэсний батлан хамгаалах асуудал, эрчим хүч, холбооны нэгдсэн сүлжээ, олон нийтийн хэв журмыг сахиулах гэх мэт асуудлуудад төрийн зохицуулалт шаардана. Гадаад хүчин зүйлийн нөлөөлийг арилгахад төрийн зохицуулалт чухал.

-Төрийн онцгой зохицуулалт хэрэгтэй салбар гэж байх уу?

-Байна. Үүний нэг нь орлого дахин хуваарилах үйл ажиллагаа буюу төсвийн бодлого байна. Чөлөөт зах зээлийн өрсөлдөөний үр дүнд олсон орлогыг зах зээл шударга гэж үздэг. Өөрөөр хэлбэл, олох ашгийн хэмжээ, оруулсан хөрөнгө оруулалтаас хамаардаг.

Гэтэл нийгэмд өөрийн хөрөнгөгүйгээс шалтгаалан бодит бизнест оролцож чадахгүй хүмүүс олон байна. Тэд өрсөлдөөнд орохгүй учир ашиг, орлогогүй үлддэг. Төрийн албан хаагчид, зах зээлд байр сууриа олж чадаагүй олон хүмүүс ядууралд өртөх магадлалтай. Энэ бүгдэд төсвийн бодлого чиглэгдэх учиртай.

-Ингэхэд төрийн зохицуулалтыг хамгийн сайн ашиглаж чадаж байгаа гадны улсын туршлагыг сонирхуулахгүй юу?

-Өндөр хөгжилд хүрсэн орнууд төрийн зохицуулалтыг сайн хийж, улс нь хөгжиж, ард иргэд нь амар тайван, аз жаргалтай амьдарч байна. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр дэлхийд тэргүүлж байгаа Катар, Люксенбург улсуудыг нэрлэж болно.

Нийгмийн баримжаатай, мэдлэгт суурилсан эдийн засагтай, баялгийн сантай, Скандиновын орнуудын туршлага манайд их ойр. Манай хөрш БНХАУ төрийн зохицуулалттай, өөрчлөлт шинэчлэлийн бодлогоо 1978 оноос эхлүүлж байхад нэг хүнд ногдох ДНБ нь 40 ам.доллартай тэнцүү ядуу орон байсан.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд дэлхийн хоёр дахь том эдийн засгийг бүтээж, тэр хэмжээгээр ард иргэдийнхээ амьдралыг өөд нь татаж, нэг хүнд ногдох ДНБ нь 10 мянган ам.долларт дөхөж, дэлхийн хамгийн том хуримтлалтай улс болж, тив, дэлхийн маш олон газарт хөрөнгө оруулалт хийж байна.

Тун удахгүй дэлхийн хамгийн том эдийн засаг болох нь. Төрийн хүчтэй зохицуулалттай Норвеги улс манайтай ойролцоо 5.8 сая хүн амтай мөртлөө байгалийн баялгаас бүрдүүлсэн хуримтлалын сан нь нэг их наяд доллар давжээ. Төрийн зохицуулалтыг сайн хийж буй улс орон олон байна. Гэхдээ XXI зууны Кейнс төрөөгүй байна гэдэг.

-Энэ нь юу гэсэн үг юм бэ?

-Хүн төрөлхтний эдийн засгийн сэтгэлгээний сүүлийн 100 жилийн түүхийг сөхвөл Маркс, Фридман, Кэйнс гэсэн гурван хүний нэр хамгийн их дурдагддаг. Маркс хувийн өмчийг хязгаарлаж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн загварыг санал болгож байв.

Фридман үүний эсрэг хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөө, өмчийн халдашгүй байдлыг дээдэлсэн чөлөөт зах зээлийн онолыг дэвшүүлсэн. Харин Кейнсийн онол бол Марксын болон чөлөөт зах зээлийн загвараас аль алиныг өөртөө агуулж, дунд нь оршдог.

Тэр зах зээлийн эдийн засаг нь төрийн оролцоо, зохицуулалттай явбал илүү үр дүнтэй гэж үзсэн байдаг. Харин XXI зууны эдийн засагт төрийн оролцоо, зохицуулалт ийм байна гэсэн онолын томьёолол, загвар, баримт бичиг одоогоор алга байна. Үүнийг л хэлж байгаа юм.

Ж.Кейнс 1936 онд "Ажил эрхлэлт, хүү, мөнгөний ерөнхий онол" бүтээлдээ анх удаа зах зээлийн эдийн засагт өргөн хүрээтэй зохицуулалт зайлшгүй хэрэгтэйг нотолсон. Ж.Кейнсийн нотолгоо макро эдийн засгийн онолд хувьсгал хийсэн гэж үздэг.

Мөн Кейнс эдийн засгийн хямрал, ажилгүйдлийг чөлөөт зах зээл шийдвэрлэж чадахгүйг нотолж байсан. Харин төрийн зохицуулалт, зээлийн хүү, татварын системээр дамжуулан эдийн засгийн хөгжлийг хангаж болно гэсэн зарчмын шинэ санааг дэвшүүлснийг эдийн засгийн шинжлэх ухаан дахь "Кейнсийн хувьсгал" гэж судлаачид үнэлдэг.

-Монголын Кейнс хэн байна вэ?

-Мэдэхгүй юм даа (бодлогошров). Дэлхийд түүхтэй, оюуны өндөр чадавхтай, асар их баялагтай, том зах зээлд ойр, цөөхөн монголчууд сайн, сайхан амьдрах боломж бүрэн бий. Бид санаа зорилгоо нэгтгээд,эв нэгдэлтэй ажиллаж, амьдарч чадвал Монголыг хөгжүүлэх асуудал бол тийм ч түвэгтэй биш.

Монголын ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалж, тэдний талд ямар ч тохиолдолд тууштай зогсож чаддаг, бусдын нөлөөнд автдаггүй, улс төрийн хүчин, хүн Монголыг хөгжүүлэх нь эргэлзээгүй. Харамсалтай нь манай тогтолцоо, хүн ардын уламжлалт сэтгэлгээ, төрийн зарим зохицуулалтыг хийхэд саад болоод байна.

Тухайлбал, Сургалтын чанар, материаллаг баазыг дээшлүүлэх, хэрэгцээндээ нийцүүлэх зорилгоор олон дээд сургуулийн тоог багасгах, импортын хуучин автомашид татвар тогтоох замаар тоог нь хязгаарлаж, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, мал сүргийн тоог билчээрийн даацтай нь уялдуулж тогтоох, Фэйсбүүкийн хуурамч хаягийг устгах арга хэмжээ аваад эхэлбэл сөрөг хүчин нь улс төржүүлж, ТББ-ууд манлайлаад, нийгмээрээ эсэргүүцэж төрийн байгуулалтаа тараах, огцруулах шаардлага тавина.

Хөгжлийн алдааг засаж, зөв замд нь оруулахад зарим үед хатуу арга хэмжээ авах шаардлага гардаг. Улс орны хөгжлийн амин чухал асуудлаар хийж буй ажлыг улс төрийн намууд хэзээ ч улстөржүүлж, саад хийж, нийгмийг буруу зүйлд турхирч болохгүй.

Бид сонгуулиас сонгуулийн хооронд амьдарч, бүгдэд таалагдах гэсэн явцгүй бодлоосоо татгалзах хэрэгтэй боллоо. Нийгэмд зөв үзэл санааг түгээх талаар Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч маань хууль санаачлан батлуулж хэрэгжүүлэн төрөөс зохицуулах шаардлагатай.

-Монгол улс хөгжлийнхөө бодлогыг яаж боловсруулж, төрийн зохицуулалтыг яаж хийх ёстой юм бэ?

-Энэ маш том асуудал учраас юуны түрүүнд авч хэрэгжүүлэх гурван асуудлыг товчхон хэлье. Манай улсад улстөржилт дэндүү газар авч, улс төр хийж амьдрахыг хүсэгчид, төрд орохгүйгээр амьдарч чадахаа больсон хүмүүс дэндүү олон болжээ.Энэ бол сайн зүйл биш.

Эрх чөлөө чухал. Харин эрх чөлөөг тэгш эрх, шударга ёсноос салгаж ойлгосноос алдаа улам гүнзгийрч, эв нэгдэл, үндэсний аюулгүй байдал алдагдах, улс төрийн том эрсдэл тулгарч байна. Энэ эрсдэлийг зөөллөх, дунд, урт хугацаанд арилгах арга хэмжээг үе шаттай бодлоготой авч хэрэгжүүлэх шаардлага үүслээ.

Монголчуудыг хөгжил, дэвшлийн төлөө нэгтгэж чаддаг, эрүүл, зөв төрийн тогтолцоог бүрдүүлж байж цааш хөгжинө. Хоёрдугаарт, төр хийх ажлаа хувийн хэвшилд бүгдийг даатгаад амжилт олохгүй нь ойлгомжтой боллоо. Монголын төр өнгөрсөн 30 жилд татвар хураагаад хуримтлал үүсгэж чадсангүй.

Манай Улсын нийт гадаад зээлийн хэмжээ 27.4 тэрбум ам доллар болж, Засгийн газар 2018 онд л гэхэд гадаад, дотоод зээлийн үндсэн төлбөрт 2.6 их наяд, зөвхөн хүүгийн төлбөрт 1.2 их наяд төгрөг төлж байна. Улс орон, дампууралд (дефолт) орох эрсдэл одоо ч өндөр байна. Яг ийм загвараар эдийн засгаа авч явбал цаашдаа ч хуримтлал үүсгэж чадахгүй.

Иргэн баян бол улс нь баян гэдэг үгийг бид их ярьсаар бүх өмчөө, газрын баялагтайгаа хувийн хэвшилд, хувь хүмүүст шилжүүлсэн. Улс нь баян, хуримтлалтай бол иргэд нь жаргалтай амьдарч байгаа жишээ бас олон байна. Иргэдээ баян болгохоос гадна улс эх орноо хуримтлалтай, хүчирхэг болгох загвар бидэнд хэрэгтэй байна.

Монголын төрөөс 2018 оны байдлаар төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд 3600 орчим лиценз буюу газрын баялаг ашиглах эрхийг олгожээ. Том том баялагтай ордуудын ашиглах эрхийг ямар ч өрсөлдөөн,шалгуургүй авчихаад нэг хэсэг нь хав дарчихаад,нөгөө хэсэг нь зарахаар гадныхныг гуйж гүйгээд байгаа нь зөв үү.

Монголын төр, ард түмний мэдэлд байдаг газрын баялагийн менежмэнтээ зөв хийж, үйлдвэрлэн бүтээж, илүү их нэмүү өртөг бий болгох замаар орлого олох, хуримтлалтай болох загвар бидэнд хэрэгтэй. Төрийн эдийн засгийн бодлого, загварыг түүхий эдийн наймаа, ченжийн сэтгэлгээнээс гаргахгүйгээр монголчууд өлмөн зэлмүүн амьдрал, хомсдол гуйлгаас ангижирч чадахгүй.

Гуравдугаарт, сахилгатай, хариуцлагатай ажиллаж, амьдрах шаардлага бидэнд тулгарч байна. Хариуцлага, дэг журамтай, хууль, дүрэм нь тодорхой, тэр нь нэг мөр хэрэгждэг газар хөрөнгө оруулалт орж ирнэ. Хөрөнгө оруулагчдын эрх ашиг, аюулгүй байдал ч хангагдана.

-Та сая баялагийн менежмэнтийг зөв болгох хэрэгтэй гэлээ. Баялгийн засаглал, Баялгийн сан гээд л манайхан яриад байгаа шүү дээ?

-Монгол Улс эдийн засгаа олон тулгууртай болтлоо, хүссэн хүсээгүй нэг хэсэгтээ газрын баялагаа ашиглаж амьдарна. Хамгийн түрүүнд лиценз тойрсон асуудлаа цэгцлэх хэрэгтэйг дахин хэлье. Ард түмний мэдэлд байх баялаг ашиглах эрхийг худалдах эрх хэнд ч байх ёсгүй. Чаддаг хүнд нь шилжүүлж болно.

Энэ шилжилт хөдөлгөөнийг төр хийнэ. Том болон ач холбогдолтой ордуудын хайгуулыг төр өөрөө зохион байгуулан хийвэл төрийн мэдлийн нөөцтэй болно. Дараа нь хөрөнгө оруулагчидтай төрийн нэрийн өмнөөс ярих боломжтой болно. Ингэснээр үр ашиг нь сайжирч төр хуримтлалтай болж, баялагийн менежмэнт зөв болно.

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

ШИНЭ МЭДЭЭ