МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ё.Баатарбилэг: Утааг бууруулахын тулд яндантай зууралдах уу, орон сууцжуулах уу гэдгээ шийдэх хэрэгтэй
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2018.09.10
Улстөр

Ё.Баатарбилэг: Утааг бууруулахын тулд яндантай зууралдах уу, орон сууцжуулах уу гэдгээ шийдэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгуулсан ажлын хэсгийнхэн УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг шалгахаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын явцтай танилцсан. Тус хорооныхон агаарын бохирдлын эсрэг ямар ажил хийж байна вэ?

-УИХ-аас энэ оны нэгдүгээр сарын 5-нд Агаарын бохирдол бууруулах арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Энэ тогтоолоор Засгийн газарт чиглэл өгч, хийх ажлуудыг нь тодорхой заасан. Мөн УИХ-аас агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн хууль тогтоомжийг судлах ажлын хэсгийнхэн хэд хэдэн удаа хуралдахын зэрэгцээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороод хамтран хоёр удаа хуралдаж, зөвлөмж хүргүүлсэн юм.

Тиймээс Засгийн газрын хийж хэрэгжүүлж буй ажил болон УИХ-ын тогтоолын хэрэгжилт ямар байгаа талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонслоо. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хийхээр төлөвлөсөн хэд хэдэн ажлаа танилцуулсан. Тухайлбал, айл өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах, цахилгаанаар халаах, тээврийн хэрэгслийн утааг бууруулах гэх мэт ажлууд төлөвлөсөн байна лээ.

-Энэ оны төсөвт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бага мөнгө суулгасан нь нэлээд шүүмжлэл дагуулсан. Харин ирэх онд агаарын бохирдлыг бууруулахын тулд хэдэн төгрөг төлөвлөж байгаа вэ?

-Энэ оны хувьд улсын төсөвт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой хөрөнгө оруулалт суулгаагүй. Өмнөх жилүүдийн жишгээр татаас, сургалт, мэдээлэлд зориулж, хэдхэн төгрөг суулгасан юм билээ. Өнгөрсөн хавар төсвийн хүрээний мэдэгдэл, үндсэн чиглэлийн төсөл хэлэлцэхэд Засгийн газраас санал болгосон хэмжээгээр баталсан. Засгийн газраас агаарын бохирдлын эсрэг 200 тэрбум төгрөг зарцуулах санал оруулсан юм.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэдээллээр 200 тэрбум төгрөгөөр долоо, найман чиглэлийн ажил хэрэгжүүлэх гэсэн санал гаргасан байна лээ. Тухайлбал, халаалтын технологи, хорт утааг багасгах шүүлтүүр суурилуулах зэрэг ажлыг төлөвлөсөн байсан. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш бөгөөд судалгаанд тулгуурлан үр дүнд хүрэх ажлуудаа төлөвлөсөн нь энэ юм. Бидний зүгээс эдгээр санал нь үнэхээр агаарын бохирдол бууруулах уу, үгүй юу гэдгээ сайн судал гэдэг чиглэл өгсөн. 

Тухайлбал, вагоны шүүлтүүр суурилуулах ажилд 3.7 тэрбум төгрөг шаардлагатайгаас УБТЗ хоёр тэрбум төгрөгийг, үлдсэн 1.7 тэрбумыг нь улсын төсвөөс гаргах санал гаргаж байна лээ. Харин Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сараас түүхий нүүрс хэрэглэхийг хориглож байгаа учраас УБТЗ-ынхан энэ ажлаа зохицуулах ёстой гэдгийг хэлсэн.

-Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны саналуудаас нэн тэргүүнд хэрэгжүүлэх боломжтой нь юу байв?

-Эрчим хүчний дэд төвүүд байгуулсантай холбоотойгоор айлуудыг цахилгаанаар халаах ажил эхлээд хэрэгжүүлэх юм байна. Мөн сайжруулсан түлшний үйлдвэр барьж, айлуудыг шахмал түлшээр хангах гэх мэт үр дүнгээ өгөх ажлыг нэн тэргүүнд хийхээр төлөвлөсөн байна.

Гэхдээ санасанд хүрсэн ажил алга. Тэгэхээр энэ өвөл арваннэг, арванхоёрдугаар сард утааны асуудал босож ирэх нь тодорхой. Харин үүнийг хэр хэмжээнд багасгах вэ гэдгийг л ярих нь зөв.

-Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах ажил ямар шаттай байгаа бол?

-Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах зорилгоор “Тавантолгой түлш” компани байгуулсан. Тус компанийнхан арваннэгдүгээр сараас сайжруулсан түлш үйлдвэрлэж, энэ жилдээ хотын хэмжээнд 80 мянган тонн түлш нийлүүлнэ гэсэн тооцоотой байгаагаа танилцуулсан.

Засгийн газраас нэг айлын сайжруулсан түлш худалдаж авах зардал, түүхий нүүрс худалдаж авах зардлаас ихгүй байхаар тооцсон байна лээ. Энэ мэтчилэн агаарын бохирдлыг бууруулахын тулд хийж буй сайшаалтай ажлууд байна. Гэхдээ шүүмжлэх ч зүйл байгаа.

-Тухайлбал?

-УИХ-ын тогтоолд оюутан, сурагчдын улирлын амралтын хуваарийг өөрчлөх заалт байгаа.Харин хичээлийн жил эхэлчхээд байхад шийдвэрлэсэн зүйл алга. Уг нь, хүүхдүүдийн амралтын хуваарийг өөрчлөх шийдвэрийг эртхэн гаргавал эцэг, эхчүүд нь амралтаа төлөвлөх боломжтой байдаг. Өнгөрсөн жил л гэхэд гэнэтийн шийдвэрээр сурагчдыг хоёр cap амраасан. Ханиад томуу ихтэй, хүйтний эрч чангарсан үед сурагчдыг амраах нь үр дүнтэй юм билээ.

Гэхдээ эцэг, эхчүүдэд хүүхдээ хэнээр, хэрхэн харуулах вэ гэдэг асуудал үүсдэг. Тиймээс эцэг, эхчүүдийг хүүхдийнхээ амралттай уялдуулж, ажил, амралтын хуваарийг нь төлөвлүүлэх үүднээс сурагчдын амралтыг эртхэн гарга гээд байгаа юм. Ажлын хэсгийнхэн ойрын хугацаанд энэ асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд бичиг хүргүүлнэ. Ерөнхийдөө мөнгө шаардахгүйгээр хийх боломжтой энэ мэт ажлыг орхигдуулсанд шүүмжлэлтэй хандаж байгаа.

Үүнээс гадна агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хариуцсан тусгай агентлаг байгуулахыг үүрэг болгосон. Гэхдээ одоог хүртэл агентлаг байгуулаагүй байна. Байгуулаагүй шалтгаан нь ОУВС-гаас төсөв, орон тоо нэмэхгүй гэсэнтэй холбоотой гэж ярьж байна. Харин ажлын хэсгийн хурлын үеэр төсөв, орон тоо нэмэхгүйгээр агентлаг байгуулах боломжтойг гишүүд олон удаа хэлж байсан.

-Төсөв, орон тоо нэмэхгүйгээр агентлаг байгуулах ямар боломж байгаа юм бэ?

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам, хотын захиргаа, Орчны бохирдол бууруулах гэсэн гурван байгууллагад агаарын бохирдол хариуцсан мэргэжилтнүүд ажилладаг. Энэ хүмүүсийг нэгтгэж, агентлагийн бүтэц зохион байгуулалтад оруулах боломжтой байсан.

Иймэрхүү ажлуудад л шүүмжлэлтэй хандаж байна даа. Одоо бид Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд дутуу байгаа ажлуудаа аравдугаар cap хүртэлх хугацаанд нэлээд урагшлуулахыг зөвлөж байгаа.

-Тэгэхээр УИХ-ын тогтоолын хэрэгжилт тааруухан байсан гэж ойлгох нь зөв үү?

-Миний хэлэх гээд байгаа зүйл бол УИХ-ын тогтоол гарсны дараа тэр дор нь шийдвэрлэх боломжтой олон ажил байсныг хийлгүй хугацаа алдчихав уу гэж харж байна. Жишээлбэл, тогтоолын хоёрдугаар зүйлд агаарын бохирдол бууруулах, асуудлыг хариуцсан агентлаг байгуулахыг тусгасан. Мөн агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээг тусгасан шинэ хууль, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлыг 2017 оны намрын чуулганы үеэр судалж, хэлэлцүүлэхийг заасан байсан.

2017 оны намрын чуулган энэ оны хоёрдугаар сард дууссан. Харин энэ тогтоол нэгдүгээр сард баталсан. Тэгэхээр энэ хугацаанд шаардлагатай бол Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ч хөндөх боломжтой байсан юм. Өөрөөр хэлбэл, “Энэ оны төсөвт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр их мөнгө суулгаж чадаагүй учраас УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг төсөвт суулгаж өгөөч ээ” гэж болох байлаа. Харин энэ боломжийг алдсан байна.

Мөн олон улсын төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хийхээр төлөвлөсөн олон ажил ярьсан. Гэхдээ олон улсын төсөл хөтөлбөрүүд нэг, хоёр сарын дотор шийдэгддэггүй. Хугацаа шаардлагатай байдаг. Жишээлбэл, вагоны шүүлтүүр суурилуулах асуудлыг ЖАЙКА-гийн шугамаар хийхээр төлөвлөсөн ч энэ жил ярианы төвшинд ДЦ байгаа юм билээ. Мөн Солонгос Улсын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ихэнхийг нь орон сууцжуулах ажилд зарцуулахаар болсон гэсэн. Гэтэл энэ мөнгө орж ирээгүй л байна.

-Ер нь, төсөвт агаарын бохирдол бууруулах чиглэлээр жил бүр мөнгө суулгадаг ч төдийлөн ахиц гарахгүй юм. Алдаа нь юундаа байна вэ?

-Бид юу хийж, ямар үр дүнд хүрэх гэж байгаагаа тодорхой болгох хэрэгтэй байна. Хамгийн гол нь аль ч үед агаарын бохирдлыг хариуцах эзэнтэй байлгах хэрэгтэй юм байна. Өнгөрсөн хугацаанд утаатай тэмцсэн ажлууд үр дүнгүй болсон нь хариуцах эзэнгүй, нэгдсэн бодлогогүй, судалгаа, нотолгоогүй ажил төлөвлөсөнтэй холбоотой. Өмнө нь “Цэвэр агаар сан” байгуулсан ч холбогдох хүмүүс нь олон тэрбум төгрөгийн хэрэгт холбогдож шалгагдаж байгааг олон нийт мэдэж байгаа.

Агаарын бохирдлыг бууруулах албаныхныг нэг үе Ерөнхийлөгч дэргэдээ авсан. Дараа нь Ерөнхий сайдын мэдэлд очсон. Энэ мэтээр олон толгойтой болсноор ажил нь үр дүнгүй болсон болов уу гэж хардаг. Нөгөө талаар судалгаанд үндэслэсэн ажлын төлөвлөгөө байхгүйгээс төсвийн мөнгийг үргүй зарцуулсан байх. Уг нь агаарын бохирдлыг бууруулахын тулд сайн судалгаа, тооцоо хийх хэрэгтэй.

-Тэгвэл одоо алдаагаа үргүй зардал гаргахгүйн тулд юу хийх ёстой вэ?

-Нэн тэргүүнд айл өрхүүдийн яндан зуухтай зууралдах уу эсвэл цахилгаанаар халааж, орон сууцжуулах уу гэдгийг шийдвэрлэх нь зөв. Мөн утаа бууртал иргэдийн эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ДЭМБ-аас тодорхой зөвлөмж ирүүлж байгаа талаар санаа зовниж ярьж байна лээ. Тиймээс иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд утаа ихсэх үеэр ямар арга хэмжээ авах талаар судалж, танилцуулах чиглэл өгсөн. Өмнө нь хүмүүс маск тараалаа гээд л шүүмжлээд байсан.

Утаатай нөхцөлд маск зүүснээр өвчлөлөөс сэргийлж байгаа бол тараахаас өөр яах вэ. Хотын хэмжээнд 200 мянга гаруй өрх зууханд гал түлж байна. 200 мянга гаруй өрхийг нэг дор орон сууцанд оруулж чадахгүйгээс хойш түлшнийх нь бүтцэд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй. 

600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж, өвлийн хэрэгцээг нь бүрэн хангаж чадахгүй бол утаа бага ялгаруулдаг зуухыг шаардлагатай газруудад өгөхөд болохгүй зүйл байхгүй. Үнэхээрутаа бага ялгаруулдаг зуух байдаг бол шүү дээ. Энэ мэт ажлыг хийх шаардлагатай байна.

 

ШИНЭ МЭДЭЭ