2018.08.28
Гадаад харилцаа
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар БНФУ-ын мужийн ИТХ-ын тэргүүн дэд Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр /2018.08.28/ Бүгд найрамдах Франц улс /БНФУ/-ын Ил-Дө-Франс мужийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүн дэд ерөнхийлөгч Жерөм Шартьег хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Жерөм Шартье сайд Д.Сумъяабазарыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархаад, 2002 оноос хойш Монгол Улсыг сонирхон судалж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа хэлэв.
УУХҮ-ийн сайд үүний хариуд “Таныг БНФУ-ын Ассамблейн гишүүнээр 15 жилийн турш ажиллахдаа Франц, Монголын найрамдлын бүлгийн даргаар ажиллаж Үндэсний ассамблей дахь, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд байнгын дэмжлэг үзүүлж байсанд талархаж байна“ гэлээ.
Мөн Монгол Улсад нийгмийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх зорилго бүхий “Монголын андууд” хэмээх сан байгуулан ажиллаж буйд талархсанаа илэрхийлж, хоёр улсын найрсаг, хамтын ажиллагаа уул уурхай, хөдөө аж ахуй, боловсролын салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэлэв.
Ноён Жерөм Шартье Монгол Улстай хамтын ажиллагаагаа цаашид улам бүр өргөжүүлэх хүсэлтэйгээ уулзалтын үеэр дурдаж, ирэх онд БНФУ-ын томоохон аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг Монголд авч ирэн танилцуулах уулзалт зохион байгуулахаар төлөвлөж буйгаа дуулгасан юм.
Харин Сайд Д.Сумъяабазар эл саналыг дэмжиж байгааг илэрхийлж, геологи, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд салбарын дээд төвшний харилцан айлчлал, уулзалтууд чухал үүрэгтэй болохыг дурдлаа.
Мөн энэ дашрамд Монгол Улсын уул уурхайн салбарын томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлээс санхүүжилтийн эх үүсвэр татах ажлууд хийгдэж байгааг хэлсэн юм.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын гишүүдийн Шинэ жилийн мэндчилгээ
2019.12.31
Өнөөдөр бол Монголын Уурхайчдын баярын өдөр
2019.12.25