Хаан төрийн шүншиг шингэсэн ХӨДӨӨ АРЛЫГ ухах санаархлыг ЗАСГИЙН ГАЗАР амилуулав
2018.08.20
Орон нутгийн хөгжил

Хаан төрийн шүншиг шингэсэн ХӨДӨӨ АРЛЫГ ухах санаархлыг ЗАСГИЙН ГАЗАР амилуулав

Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд Хэрлэнгийн Хөдөө арал хэмээх түүхт газар бий. Монголын түүхийн маш чухал үетэй холбогддог энэ газрыг 1962, 1998 онд улсын нөөц газар хэмээн тодорхойлон хадгалснаас биш, тусгай хамгаалалтад авалгүй өдий хүрсэн юм билээ. Уг нь улсын тусгай хамгаалалтад авах ёстой газар баймаар.

Их Монгол Улс байгуулсан түүхэн голомт нутаг, Хэрлэнгийн Хөдөө арлыг академич Ц.Дамдинсүрэн, Х.Пэрлээ тэргүүтэй эрдэмтэн судлаачдаас хойш орхигдсоныг нөхөн, нягталж, үргэлжлүүлэн нэлээд газар усны нэрийг тогтоогоод байгаа аж.

Он цагийн эргэлт, түүхийн бараан нугачаанд мартагдан, өөрчлөгдөж, жилээс жилд бүдгэрэх болсон ч Чингис хааны суугуул нутаг, Их Монгол төдийгүй, түүнээс өмнөх үеийн улс, гүрний голомт Хөдөө арлын түүхт уул ус, газар нутгийн нэршлийг өдгөө судлаад барагдахгүйг түүх өгүүлсээр буй.

Хот, хөдөөгүй л Аварга тосонгийн рашаан сувилалд нь амарч, Аваргын усан рашаан, Аураг хотын туурь, Хэрлэн тооно, Долоон болдог, Хэрлэн Баян-Улаан уул гээд түүх, соёлын дурсгалт газрыг багтаасан энэ нутгийн хөрсийг сэндийчих санаархал хэдэн жилийн өмнөөс эхэлжээ.

Хэнтий аймгаас УИХ-д хэдэнтээ сонгогдсон гишүүн, Хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй нутаг, усаа гэсэн сэтгэлтэй хүмүүсийн хичээл зүтгэлээр хайгуул хийх тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлснийг уншигчид санаж буй нь лавтай. Гэвч Хэнтийн угшилтай гэх У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас, Өндөрхааны буюу одоогийн Чингис хотын уугуул, АМГТГ-ын дарга Х.Хэрлэнгийн гарын үсэгтэй хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээх тогтоолыг аймгийн Засаг дарга Н.Ганбямба болон Дэлгэрхаан сумын удирдлагад хүргүүлжээ.

ИРГЭД НАЙР НААДАМД АНХААРСАН ҮЕД МОНГОЛ ТӨРИЙН ГОЛОМТ НУТГИЙГ УХАХ БИЧИГ ХҮРГҮҮЛЖЭЭ

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбад АМГТГ-ын дарга Х.Хэрлэнгийн гарын үсэгтэй, 2018 оны долдугаар сарын 17-ноор огноолсон “Газрын тосны хайгуулын үйл ажиллагааг үргэлжлүүлэх тухай” гэсэн албан бичиг өмнө минь байна. Монголчуудын найр наадам хавтгайрч, амралтын улирал эхэлж, хүмүүсийн анхаарал тийш хандсан үед ийм бичиг хүргүүлсэн байх юм.

Үүнд “Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ) болон Канад улсын хөрөнгө оруулалттай “Шэйман” ХХК-ийн хооронд газрын тосны хайгуулын “Нялга-XVI” талбайд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг Засгийн газрын 2007 оны зургадугаар сарын 20-ны 148 дугаар тогтоолоор баталсан. Тус талбайд Төв, Хэнтий, Говьсүмбэр, Дундговь аймгийн зарим сумын нутаг дэвсгэрт хамаардаг.

АМГТГ нь газрын тостой холбогдсон үйл ажиллагаанаас орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж, Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 03-ны тавдугаар тогтоолоор “Газрын тосны нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журам батлууллаа. Уг журам батлагдсанаар Газрын тосны тухай хуулийн 30.6 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийн 10 хувь нь тухайн сум, 20 хувь нь тухайн аймгийн төсөвт, мөн хуулийн 31.3 дахь хэсэгт заасан нөөц ашигласны төлбөрийн 30 хувь нь тухай орон нутгийн хөгжлийн санд хуваарилагдах боломж бүрдсэн. Мөн гэрээлэгч компаниудаас төлж байгаа сургалтын урамшууллын тодорхой хувийг тухай орон нутагт хуваарилах журмын төсөл боловсруулж УУХҮЯ-нд хүргүүлээд байна.

“Шэйман” ХХК-иас 2017 оны хоёрдугаар сарын 20-ны 17/20 албан тоотоор хайгуулын хугацааг түр зогсоох, энэ хугацаанд хамаарах бүх төлбөрөөс чөлөөлүүлэх, орон нутгаас хайгуулын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч өгөх шаардлагыг манай газарт тавьсан. Компанийн шаардлагыг УУХҮ-ийн сайдын зөвлөлөөр хэлэлцээд “Нялга-XVI” талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээний хайгуулын хугацааг Газрын тосны тухай хуулийн 38.3, уг гэрээний 20.2-т заасныг үндэслэн 2013 оны наймдугаар сарын 29-нөөс 2017 долдугаар сарын 20 хүртэл түр зогссоноор тооцох, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын орон нутгийн тусгай хамгаалалтад авсан Хэрлэнгийн хөдөө арлын 71.68 ам км талбайгаас бусад хэсэгт хайгуул судалгааны ажил үргэлжлүүлэн хийлгэхээр шийдвэрлэсэн байна.

Гэрээлэгч компани хөрөнгө оруулалтаа буцааж хайгуулын үйл ажиллагаагаа зогсоовол Монгол Улсын Засгийн газар гэрээлэгчийн хайгуулын үйл ажиллагаанд зарцуулаад байгаа 16 сая ам.долларыг нөхөн төлөх үүрэгтэй. Иймд та бүхнийг Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж түүний эрх зүйн чадамжтай байх нөхцөлийг хангах, Газрын тосны тухай хуулийн 10 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуульд заасан чиг үүргийн дагуу ажиллаж, газрын тосны хайгуулын “Нялга-XVI” талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсье” гэжээ.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Жаргалтхаан сумын нутагт газрын тосны хайгуул эхлүүлсэн Канадын “Шэйман” компани иргэдийн тэмцэлтэй тулгарснаар дээрх албан бичигт дурдсан хугацаанд үйл ажиллагаагаа зогсоогоод байв. Тухайн үед эл компанийг Чингис хааны үеийн түүх, соёлын голомт нутаг Хэрлэнгийн Хөдөө арал орчмыг хамарсан хайгуул, ашиглалтын лицензтэй талбайдаа мэргэжлийн санал, дүгнэлт авалгүй шууд өрөмдлөг хийсэн нь шалгалтаар илэрсэн хэмээн мэргэжлийн хяналтын байгууллагынхан дүгнэсэн юм даг.

Эцэг өвгөд, элэнц дээдсийн тухай нэн чухал сурвалж болох “Монголын нууц товчоо”-ны түүх хүүрнэсэн Долоон болдог, Их Хайлант, Хэрлэн тооно, Дэлүүн болдог ууланд язгуурын монголчуудын онголсон булш бунхан, хөшөө дурсгал, хот балгадын туурь зай завсаргүй шахам байх энэ газрыг яагаад заавал ухаж, сэндийчих гээд байна вэ. Тусгай зөвшөөрөл авсан бусад талбайдаа хайгуул, судалгаагаа хийгээд тосоо олборлож болохгүй гэж үү. Үүний ард янз бүрийн өөр санаархал нуугдаж байгаа юм биш биз.

ЗАСГИЙН ГАЗРЫН САНААЧИЛГЫГ НУТГИЙНХАН ДЭМЖИХГҮЙГЭЭ ДАХИН ИЛЭРХИЙЛЭВ

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнгийн Хөдөө арал бол Монгол төрийн голомт нутаг гэдгийг эрдэмтэн мэргэд, түүхч, судлаачид олон жилийн судалгааныхаа үр дүнд баталчихсан. Хөдөө арал бол Хэрлэн мөрөн Хэнтий ханаас эх авч урсаад, зүүн тийш эргэсэн их тохойд оршино. Зүүн талаараа Цэнхэрийн гол, хойд талаараа Ар цэнхэрийн ус буюу Сэнгүр горхиор хязгаарлагдсан 4000 орчим ам дөрвөлжин км нутгийг эзэлсэн уул, тал хөндий хосолсон хээрийн бүс нутаг.

Энд Монголын нууц товчоог бичиж дууссан учир 750 жилийн ойгоор нь Чингисийн номын гэрэлт хөшөө босгосон билээ. Үүнээс гадна Хэрлэнгийн Хөдөө арал бол Монгол төрийн голомт нутаг бөгөөд үе үеийн хаад ширээнээ заларч, удаа дараа Их хуралдай чуулан, төрийн хэргийг хэлэлцэж байсан, хааны их орд, Монголын анхны нийслэл их Аураг хотын балгас, хожим хаадын онгон шүтээний төв оршиж байсан гэдгийг ч хэлэх эрдэмтэн олон. Үүнээс гадна Монголын Бүх цэргийн их хар сүлдийг энэ нутагт бүтээн залсан, Хулан хатан, Тулуй, Өндөр гэгээн Занабазар нарын түүхэн хүнтэй холбоотой газар, уул ус олон байдаг.

Ийм л түүхтэй, тийм л сайхан нутгийг Монгол төрийн анхны гал голомт гэдгийг дэлхий нийтэд сурталчлах, Хэнтий аймгийг Монгол орны зүүн бүсийн түүхийн аялал жуулчлалын бүс болгох Засгийн газрын зорилтод чухал ач холбогдолтой л баймаар. Хөрсөн доорхыг нь ухаж төнхөж, олон зуу, мянганы түүхийг элгэндээ хадгалсан нутгийг сүйтгэх нь Монголын түүхийн нэг сурвалжийг таслах гэсэн санаархал ч юм бил үү.

“Шэйман” компанийнхан хайгуул заавал хийх гээд буй “Нялга-XVI” талбайд газрын тосны хэдий хэмжээний нөөц байдаг, тэнд өрөмдлөг хийлгэвэл ойр орчмын нуур, рашаануудад нөлөө үзүүлэх, эсэхийг уул уурхай, газрын тосны мэргэжлийн хүмүүсээс лавласан юм. Тэд “Өрөмдлөг хийж газрын гүнд чичирхийллийн аргаар нефтийн нөөцийг тогтооно гэдэг. Өрөмдөхөд нууруудын шаварлаг давхарга цоорч, ус нь газрын гүн рүү нэвчих, магадгүй нуурын ус багасах, эрдэс бодис нь үгүй болох магадлал өндөр.

Чичирхийллийн судалгаа хийнэ гэдэг нь газрын гүнд их хэмжээний дарь тэслэхийг хэлж байгаа юм. Тийм болохоор түүх соёлын дурсгалаа бодсон ч, байгаль орчин, хүн, малын эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхээ ч эдлэхийн тулд “Нялга-XVI” талбайн Хөдөө арлын хэсэгт хайгуул хийлгэж болохгүй. Газрын тосоо олборлож баяжвал баяжихаар л болсон шүү дээ. Тэндээс нэг их тос гарахгүй болов уу. Түүх соёлын дурсгал багатай өөр бусад талбай байсаар атал Хөдөө аралд л хайгуул хийнэ гэж зүтгэж, Засгийн газар нь Монгол төрийнхөө гал голомт болсон нутагт хайгуул хийх эрхийг нь сэргээнэ гээд байдаг нь хачирхалтай” гэсэн юм.

Хэрлэнгийн Хөдөө аралд олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээх АМГТГ-ын даргын саналыг Хэнтий аймаг болон Дэлгэрхаан сумын ИТХ, багуудын ИНХ-аар хэлэлцсэн байна. Тухайлбал, Дэлгэрхааны ИТХ-ынхан наймдугаар сарын 13-нд Х.Хэрлэн даргын гарын үсэгтэй “Газрын тосны хайгуулын үйл ажиллагааг үргэлжлүүлэх” тухай саналыг хэлэлцээд төлөөлөгчдийн 100 хувийн саналаар “Дэмжихгүй” гэдгээ илэрхийлж, хариу илгээсэн байна.

Аймгийн ИТХ-аас ч Хэрлэнгийн Хөдөө аралд хайгуул хийхийг дэмжихгүй гэжээ. Орон нутгийнхан нь хуралдаад хайх, ашиглахыг нь дэмжихгүй гэсэн санал гаргасаар атал УУХҮЯ, АМГТГ-ынхан орон нутгийнхны саналыг үл ойшоох вий гэхээс иргэд эмээж буй юм. 2008 онд мөн ийм санал гаргасан бөгөөд 10 жилийн дараа ч саналаа дахин батлав.

Их Монгол Улс, Чингис хааны түүхтэй салшгүй холбоотой, зайлшгүй дархлан хамгаалах учиртай энэ нутагт гадаадын компаниар газрын тос олборлуулаад ашиг олно гэдэг юу л бол. Мэнэнгийн талд БНХАУ-ын “Петро Чайна дачин Тамсаг”, Дорноговьд “Доншен” гэх компани манай улсын газрын доорх баялаг болсон нефтийг соруулж хил давуулсаар л байгаа.

Дээрх компаниудтай хийсэн бүтээгдэхүүн хуваах гэрээнээс манай улс ашиг олдог уу гэдэг нь эргэлзээтэй. Тамсагийн, Дорноговийн газрын тосоо харийнханд ашиглуулж, байгаль орчноо сүйтгүүлж байхаар Энэтхэгийн хөрөнгө оруулалтаар барих гэж буй үйлдвэртээ татаж яагаад болохгүй гэж. Хаан төрийн шүншиг шингэсэн Хөдөө арлаас газрын тос олборлох саналыг дэмжих монгол хүн үгүй биз ээ.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин 

Сэтгүүлч Г.Равжаа

ШИНЭ МЭДЭЭ