2018.04.10
Эдийн засаг, Худалдаа

Цензургүй сурвалжлага - Монголыг цөлмөсөн түүх буюу "Эрдэнэт"-ийн нууц

Цензургүй сурвалжлага нэвтрүүлгээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Б.Жавхлан нар оролцож, "Эрдэнэт"-ийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Өмнөд Африкийн “Стандарт” банкинд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээл авснаас маргаан үүдэж, Арбитрын шүүх дээр хэлэлцэгдэн, манай улсын тал ялагдал хүлээсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу “Эрдэнэт" үйлдвэр зээлийн үлдэгдэл төлбөр болох 51 сая ам.доллараас гадна бусад төлбөрүүд багтаж, нийтдээ 102 сая ам.долларыг төлөхөөр байгаа юм. Уг төлбөрийн хүү өдөр бүр өсч байгаа бөгөөд нэг сард 700 мянга орчим ам.доллараар нэмэгдэх тооцоо гарсан байдаг.

Энэ хэрэгтэй холбоотойгоор Оюутолгойн гэрээг гардан хийсэн тухай үеийн Сангийн сайд асан С.Баярцогтыг 2018 оны 4 дүгээр сары 1-ний өдөр 48 цагаар хорьжээ. Түүнтэй хамт тухайн үеийн Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаад Эрдэнэс Тавантолгойн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан нарыг мөн баривчилсан.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэт үйлдвэрээр дамжуулж сонгуулийнхаа санхүүжилтийг босгох нэрийн дор хувьдаа их хэмжээний мөнгө завшдаг хэсэг бүлэг хүмүүс бий. Ерөнхийлөгчийн квот гэж байдаг гэсэн. Ерөнхий сайд, УИХ-ын даргын квот ч бий. Нотлогдоогүй ч гэсэн үнэн гэж бодож байна. Төрийн 3 өндөрлөг нийлээд Эрдэнэт үйлдвэрээс квот авах байдлаар аж ахуйгаа өөд нь татдаг жишиг өнгөрсөн 25 жил явж иржээ. Үүн дээр намын ялгаа байхгүй аль аль нь оролцсон учраас хэзээ ч сөхөж гаргаж ирдэггүй. Сөхөж гаргаж ирвэл аюултай нөхцөл байдал үүсдэг.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдаар ажиллаж  байсан хүн хэн нэг хүний шууд оролцоотойгоор төрийн өмчит компаниудыг өндөр үнээр ямар нэгэн юм шахдаг. Бүр сүүлдээ нэрийг барьж зээл авч, дампуурсанд тооцуулдаг. Дампуурчихаар нь төр лүү нийлүүлж шахдаг.

Хачирхалтай нь Хадгаламж банк үйл ажиллагаагаа явуулж байхдаа батлан даалт гаргах эрхгүй байсан бөгөөд зээлийн гэрээгээ бас Монголбанкинд бүртгүүлээгүй байжээ. Энэ талаар одоогийн УИХ-ын гишүүн, тухайн үед Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Жавхлан дараах байр суурийг илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Төв банкинд ямар ч бүртгэл байгаагүй. Сонирхоод материалуудыг нь эргэж харсан. Тийм мэдээлэл  байгаагүй. Шуудан банк Хадгаламж банк руу нэгдсэн. Хоёр банк нийлээд гурав дахь банк үүссэн биш. Шуудан банк Хадгаламж банк руу нэгдээд, шингээд байхгүй болж байогаа учраас Хадгаламж  банк гэдэг статустай хуулийн этгээд явна гэсэн үг. 

ШИНЭ МЭДЭЭ