2018.04.05
Улстөр
Ж.Энхбаяр: Цаазын ялыг сэргээх эсэхэд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй
УИХ-ын гишүүн Ж.ЭНХБАЯРТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өмнөх Засгийн газарт томоохон албан тушаал хашиж байсан нэр бүхий хүмүүсийг Оюутолгойн төсөл болон “Эрдэнэт”-тэй холбоотойгоор баривчиллаа. Олны анхааралд байгаа энэ асуудлыг та хэрхэн харж байна вэ?
-Оюутолгойн тухай ярья. Сүүлийн 20-иод жилийн хугацаанд Монголд орж ирсэн хамгийн том төсөл. XXI зуунд Монгол Улсын хөгжилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн төслөөр яах аргагүй Оюутолгойг нэрлэнэ. Гэрээтэй холбоотойгоор Монголчууд сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлсээр ирсэн. Үнэхээр ч гэрээг харахаар Монголын талд ирэх өгөөж тааруу нь үнэн. Гэхдээ гэрээ байгуулсан цаг хугацаа, тухайн үеийн хүний нөөцийн чадавхийг харгалзаж үзэх хэрэгтэй байх. Гэрээ хийснээс хойш хэчнээн жил өнгөрсөн билээ. Тухайн цаг үеийн нийгэм, эдийн засгийн байдал тэр чигтээ өөрчлөгдсөн. Энэ бүхнийг эргээд “Рио тинто’’-гийн талд ойлгуулах хэрэгтэй байгаа юм. Дараа нь гэрээнд өөрчлөлт оруулах, шинэчлэх саналаа тавимаар байна. Ингэж аль талдаа сэтгэл ханамжтайгаар гэрээг өөрчлөх шаардлагатай байгаатай би санал нийлдэг. Энд нэг зүйлийг тодотгомоор байна. Монгол Улс бизнесийн төсөлд хувь эзэмших, ялангуяа Оюутолгойн гэрээний 34 хувийг эзэмшдэгийг би зөв алхам гэж хардаггүй. Харин үүний оронд шууд борлуулалтаас манай улс 20-иос доошгүй хувийн рояалти буюу татвар авдаг байх ёстой. Эдийн засгийн уналт сэргэлтээс үл хамаараад авах ёстой татвараа тогтмол авдаг байх хэрэгтэй. Ингэснээр бидний гадаад өр зээлийн асуудал харьцангуй хөнгөрнө. Зээлжих зэрэглэл өсч, эдийн засагт тогтвортой байдал бий болно. Түүнээс бид хөрөнгө оруулалтаа нөхөөд ашигт ажиллагаанд шилжих 30-40 жилийн цаадах үр ашгийг хараад сууж болохгүй.
-Баривчилгааны тухайд?
-Гэрээ хийсэн хүмүүсийн хувьд мэргэжлийн ур чадвар дутсанаас алдсан байж болно. Харин санаатайгаар авлига авч, ард түмний эрх ашгаас урваж, эх орондоо хохиролтой гэрээ хийсэн бол хатуу шийтгэл хүлээх ёстой. Эрдэнэт ч бай, Оюутолгой ч бай ялгаагүй. Дээр хэлсэнчлэн ийм томоохон төсөлд төр хувь эзэмших нь таатай бус. Бизнесийн ажиллагаанд төр оролцох шаардлагагүй. Оронд нь зөвхөн татвараар дамжуулж оролцох ёстой гэж би үздэг. Уул уурхайн баялгаас төр бүх цаг үед рояалти болон бусад төлбөрөө цаг тухайд нь авдаг байх ёстой. Төр уул уурхайд оролцоотой байх нь буруу гэдгийг өнгөрсөн хугацаанд бид хангалттай ярилаа, харлаа шүү дээ. Үүнийг уул уурхай тойрсон улстөржилт, хэрүүлээс харж болно. Ойрын өдрүүдийн баривчилгаа ч мөн адил үүнтэй л холбоотой өрнөөд байна. Эдийн засагт дахь төрийн оролцоог багасгах хэрэгтэй гэдгийн бодит жишээ. Ялангуяа уул уурхайгаас төр хол баймаар байна. Ингэж чадвал төр авлигаас ангид байхын эхлэл болно.
-Таны хэлсэнчлэн цаг үетэйгээ уялдуулаад Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах боломж байгаа юу. “Рио тинто” бидний саналыг хэрхэн хүлээж авах бол?
-Бид ойлгуулах хэрэгтэй. Ингэж байж гэрээнд өөрчлөлт оруулах ёстой. Анх энэ гэрээг байгуулахад авлига, хээл хахуультай холбоотойгоор нөлөөлөл, ашиг сонирхол орсон бол бүрэн хүчингүй болгох ч нөхцөл үүсч болно. Эхний ээлжид оффшор дансаар дамжсан гүйлгээг шалгах хэрэгтэй. Үүнд нарийвчилсан шалгалт хийх зайлшгүй шаардлага бий. Хаанаас орж ирсэн мөнгө юм. Нэлээд их хэмжээний мөнгө “Айвенхоу майнз” компаниас С.Баярцогтын оффшор дансанд шилжсэнийг би мэдсэн. Харин энэ мөнгө цаашаа хэн рүү, ямар замаар дамжсан бэ. Тэр дундаа 2009 онд Оюутолгойн гэрээг баталсан Засгийн газар, УИХ үүнд ямар оролцоотойг маш сайн шалгах хэрэгтэй. Ингэж байж олон түмний хүсээд байгаа шударга ёсыг цогцлоох нөхцөл бүрдэнэ. Дэлхий ертөнц өөрчлөгдсөн, авлигатай дэлхий нийтээрээ тэмцээд хөдөлгөөн өрнүүлээд эхэлчихлээ шүү дээ. Монголын ард түмэн ч үүнийг хүчтэй дэмжиж, шахан шаардаж байгаад туйлын таатай байна. Иргэдийн хяналт өндөр байгаа цагт хариуцлага сахилга баттай байна гэдэг утгаараа. Цаашдаа Оюутолгойн гэрээ Монгол Улсад ашигтай болж чадсан, гэрээг ямар нэг авлига, хээл хахууль дагалдаж байгаа эсэхэд ард түмэн төдийгүй парламент дахь авлигын эсрэг бүлэг ихээхэн анхаарал хандуулж, хатуухан тэмцэх болно гэдгийг хэлье.
-Баривчилгааны тухайд АН-ын бүлгээс “Намын харьяаллаар барьж хориод эхэллээ” гэх байр суурь илэрхийлсэн. Үүнд та ямар тайлбар хийх вэ. Хуулийнхан хүний араас хөөцөлдөөд байна уу эсвэл асуудлын үзүүрээс атгасан уу?
-Эрх барьж, шийдвэр гаргасан улсыг л баривчилсан шүү дээ, хаа хамаагүй хүмүүсийг хуулийнхан барьчихаагүй байх. Тэгээд ч аливаа муу муухайгаа намын нэрийн ард нуухаа боль гэж хэлмээр байна. Улс төрийн бүх нам адилхан, буруу муухайгаа намд нялзаах гэдэг. Гэтэл нам бол муу муухайгийн халхавч биш, ийм байх ч ёсгүй. Хамгийн гол нь нам цэвэр, хариуцлагатай, авлигатай тэмцдэг байх ёстой. Өөрсдөө манлайлдаг байж улс төрийн намууд нам шиг оршин тогтноно. Ингэж байж ард түмнийхээ итгэлийг авч, улс эх орон удирдах эрхээ олж авна. Хэрвээ муу бүхнээ намын нэрийн ард халхавчилдаг, намын нэрээр хууль бус зүйл хийдэг бол төр суларна. Үндсэндээ улс орны оршин тогтнолд ноцтой заналхийлэл бий болно. Ний нуугүй хэлэхэд УИХ, төр засгийн нэр хүнд муу байна. Улс төрийн намууд, Ерөнхийлөгчийн засаглал ч муу байна. Ингэж алдсан итгэлийг сэргээх ажил алхам алхмаар урагшилж л байна. Үүнд бид маш сайн хяналт тавих учиртай. Аливаа шийдвэр буруу гарахвий, алдаа завхрал үүсэхвий, аргалж өнгөрөхвий, авлига авахвий гэдэгт хяналт чухал. Хуулийн байгууллагуудаа одоо л харъя. Тэдэнд алдсан нэр хүндээ сэргээх боломж үүсэх нь байна шүү дээ.
-Өнөөдөр нээлтээ хийх хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх учраас нэлээд онцлогтой, бас хүлээлттэй байна. Нөгөө талд МАН үнэмлэхүй олонх үед энэ хуулийг өөрчилж болохгүй гэх шүүмжлэл өрнөөд эхэлчихэж. Үнэндээ өнгөрсөн хугацаанд ч гэсэн эрх барьж байгаа намыг Үндсэн хуульд гар хүрэх эрхгүй л гэдэг байсан. Эцэст нь энэ хуулийг хэн өөрчлөх ёстой юм бэ?
-Энэ аль нэг намын болон олонх, цөөнхийн тухай асуудал биш. Бид ард түмний төлөөлөл шүү дээ. УИХ бол ард түмний төлөөллийн байгууллага. Ард түмэн биднийг өөрсдийнхөө өмнөөс төрд ажилла гэдэг даалгавар өгч явуулсан юм. Харин бид сонгуульд нэр дэвшиж, ард түмний итгэлийг хүлээхдээ мөрийн хөтөлбөр боловсруулсан. Жишээлбэл, манай нам Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийнэ гэдгээ мөрийн хөтөлбөрийнхөө тэргүүн эгнээнд тавьж, зорилтоо болгон сонгуульд оролцсон. Ард түмэн захиалгаа өгсөн. Засаглалын энэ ойлгомжгүй байдлаа цэгцэл, улс орны хүчин чадлыг нэгтгэж зангид, Үндсэн хуулийн замаар сахилга хариуцлагыг чангатгах хэрэгтэй байна гэсэн. Хариуцлага алдлаа гэхэд буруутан байдаггүй. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар аль нь буруугүй болчихдог. Бие биеийнхээ ажилд хутгалдсан, эрх үүрэг нь давхардсан ийм л нөхцөл байдлаар бид 30 жил замналаа. Одоо хангалттай. XXI зуунд залуу хойч үедээ бид шинэ Үндсэн хууль, шинэ нийгмийн гэрээг байгуулж өгөх ёстой. 1990-ээд онд бид туршлага муу байсан. Ерөнхийдөө л ирээдүйд ийм болъё гэдэг төсөөллөөр сайн сайхныг бодож л Үндсэн хуулиа баталсан. Үүнээс хойш өчнөөн жил өнгөрлөө, энэ хугацаанд амьдралаас алдаа, оноотой өчнөөн олон зүйлийг бид олж харлаа шүү дээ. Нийгмийн хөгжлийн явцад энэ хуулийг ингэж өөрчлөх хэрэгтэй юм гэдэг ерөнхий дүр зураг бий болчихсон. Одоо дүгнэлт хийж, сургамж аваад Үндсэн хуулиа өөрчлөн батлах цаг нь болсон. Ингэж баталсан Үндсэн хуулийг цаашдаа багаар бодоход 20-30 жил мөрдөж таарна.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд ард нийтийн саналыг асуусан. Хэр өргөн хүрээг хамарч чадсан гэж та хэлэх вэ?
-Бид энэ зунжингаа л ард түмнээсээ саналыг нь асуулаа. Бүх л төрийн байгууллагыг дайчилж, санал авсан. Үндсэн хуулийг өөрчлөх талаар олон жил ярьж байгааг бүгд мэднэ. Гэнэтхэн л Үндсэн хуулиа өөрчилнө гэсэн юм огт биш. Бид бүх талаас нь цогцоор судалсан. Засгийн газар байгуулах, УИХ, Ерөнхийлөгчийн харилцаа, Ерөнхийлөгч Засгийн газар, Засгийн газар, УИХ-ын харилцаа гэх мэтэд ямар өөрчлөлт оруулах ёстой юм гэдгийг тал бүрээс нь судалсан. Эцсийн дүндээ энэ бүх институцээ өөрчлөх цаг болсон гэдэг л дэндүү тодорхой байна. Энд нэг зүйлийг дахин хэлэхэд, Ардын нам Үндсэн хуулийг өөрчлөх гээд байгаа юм биш, ард түмнээс захиалга авсан, тэдний төлөөлөл л хууль өөрчлөх гэж байгааг сайн ойлгох хэрэгтэй. Энэ Удаад биш бол дахиад л нэг нам засгийн эрхэнд гарч таарна. Тэр үед бас л энэ нам биш гэх үү, олон намын төлөөлөлтэй засаг бүрдвэл бүр биш гэх үү. Өнгөрсөн хугацаанд энэ ч биш, тэр ч биш гэсээр бид цаг алдсанаас өөр хожсон зүйлгүй.
-Ерөнхийлөгч цаазын ялыг Эрүүгийн хуульд нэмэлтээр оруулах санаачилга гарган иргэдийн саналыг сонсч байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Монгол Улс цаазын ялаас татгалзсан олон улсын конвенцид нэгдэн орчихсон. Гэхдээ цаазын ялыг зөвтгөх нь энэ конвенциос гарах үндэслэл болохгүй гэсэн гэрээ байх ёстой, миний санаж байгаагаар. Нөгөө талаас цаазаар авна гэдэг хамгийн амар шийтгэл болдог. Би энэ талын судалгааны дүнг харж байсан. Бүх насаараа хоригдох ял сонссон ялтнуудын 80 гаруй хувь нь “Бушуухан цаазлаад өгөөч” гэх хүсэлт гаргадаг. Бүх насаар нь гянданд ганцаарчлан хорьж, хүний нийгмээс бүрэн тусгаарлах нь хамгийн хүнд ял. Тэгэхээр энэ төрлийн судалгааг сайн хийх хэрэгтэй. Цаашлаад цаазыг сэргээх нь нийгэмд ямар нөлөө үзүүлэх юм гэдгийг ч тооцох хэрэгтэй. Энэ асуудлыг сэтгэлийн хөөрлөөр биш улс төр болгохгүйгээр шийдэх хэрэгтэй. Нөгөө талдаа цаазын ял нь хүний гэм бурууг залруулах бололцоо олгодог шийтгэл. Өнөөдрийн туйлын зөв, маргаашийн туйлын буруу болохыг бид нүдээрээ хараад явна шүү дээ. Өнөөдрийн өөрчлөгдөшгүй зүйл маргааш хэрхэн нуран алга болж байна вэ. Дэлхийн их гүрэн, улс орон, бүтээн байгуулалт, олон улсын хамтын нийгэмлэг нүдэн дээр нуран унаж байгааг харж байна. Цаашлаад олон ч итгэл үнэмшил хумхын тоос болж байна. Бид аливаад уужуу хандах хэрэгтэйг л хэлмээр байна.
Ерөнхийлөгч энэ санаачилгыг тооцоо судалгаа муутай, сэтгэлийн хөөрлөөр гаргасан гэж та үзэж байгаа хэрэг үү?
-Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу хууль санаачилсан. Удахгүй өргөн барихаар нь мэдээж УИХ-аар хэлэлцүүлж таарна. Ерөнхийлөгч хууль санаачилсан болохоос цаазыг сэргээчихээгүй байна. Нэг зүйлийг Монголын ард түмэн ойлгох хэрэгтэй. Монгол Улсын гадаад дотоод бодлогыг тодорхойлох онцгой бүрэн эрх нь УИХ-д хадгалагддаг. Яагаад гэвэл УИХ ард түмний төлөөллөөс бүрддэг. Үүгээрээ дамжуулж засгийн эрх барьж, бодлого тодорхойлж байна. Тиймээс УИХ-аар цаазын ялын талаар авч хэлэлцэх үед Ерөнхийлөгч чухам ямар тооцоо судалгаанд үндэслэж цаазын ялыг сэргээх гээд байгааг тал бүрээс нь ярилцаж, шийдвэр гаргана шүү дээ.
-Ерөнхийлөгчийн зүгээс зөвхөн насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн бол цаазын ял оноодог байя гэсэн. Гэтэл энэ төрлийн гэмт хэрэг их гарах болсон нь цаазын ялгүй болсонтой холбоотой юм уу гэдэг асуулт гарч ирээд байна?
-УИХ-ын чуулганаар энэ бүхнийг нарийвчилж ярилцана. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд цаазалдаг байх юм уу эсвэл бусад онц хүнд гэмт хэрэгт ч гэсэн хамааруулах уу гэдгийг тал бүрээс нь ярилцана. Хамгийн гол нь бид асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хандаж, шийдвэр гаргах чиглэлийг л барина.
М.Өнөржаргал
ШИНЭ МЭДЭЭ
Бод малын сургалтын эмнэлэг байгуулна
2024.12.14
ХХААХҮЯ, Төрийн банктай хамтарч ажиллана
2024.12.06
Вьетнам Улсад хонь, ямааны мах экспортолно
2024.11.21