2017.10.27
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Л.Энх-Амгалан: Төрийн албан хаагчдын дөрөвний нэг нь ур чадваргүй

Өнөөдөр /2017.10.27/ УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ.

Л.ЭНХ-АМГАЛАН:  МОНГОЛЫН ТӨРД ЧАДВАРЛАГ ХҮМҮҮС Л ОРДОГ ӨНДӨР БОСГОТОЙ БАЙХ ЁСТОЙ

ДНБ-нд эзлэх төрийн зардал 30 хувь байдаг бол хэвийн гэж үздэг. Харин 40-өөс дээш хувьтай бол үрэлгэн төр гэж үздэг. Манай монголын хувь бол 40 гараад явчихсан байна. Төрийн албан хаагчдын тоог нийт хөдөлмөрийн насны хүн амтай нь харьцуулсан олон улсын үзүүлэлтүүд байдаг. Олон улсын дундаж түвшин 4,6 байхад манайд 6 гараад явчихсан байгаа.

Энэ бол үндсэндээ монголын төрийг данхар, үрэлгэн болсныг харуулж байна. Энэ хуулийг баталснаар хүлээж байгаа үр дүн бол монголын төр хамгийн цомхон чадварлаг болох юм.

Өөр нэг санаа зовж буй зүйл бол төрийн албан хаагчдын дөрөвний нэг хувь хүртэл ур чадвар доогуур, эсвэл бүрэн бус мэргэшсэн гэсэн дүгнэлт гарсан байна.

180 мянган төрийн албан хаагч байна гэж тооцвол 40 мянга нь ур чадвар доогуур, төрийн албанд тэнцэхээргүй хүн байна.

Энэ дүгнэлт гарсан байхад төрийн албыг 40 мянгаар багасгах бололцоо харагдаж байна. Нөгөө талаас монголын төрд чадварлаг хүмүүс л ордог босготой байх ёстой.

Бидний энэ хуулинд хийсэн шинэ зүйл бол шатлан дэвших карьерийн тогтолцоо. Нэг жишээ дурдахад, АНУ болон Канадад хоёр мастер хийсэн боловсон хүчин яамны газрын дарга дээр тэнцэж чадаагүй. Баруунд мэргэшсэн хүмүүс монголдоо төрийн албанд газрын дарга хүртэл 10-аад жил ажиллана гэж байхгүй. Тиймээс зөв тогтолцоо олох зайлшгүй шаардлага байгаа.

Жил бүр 23 мянган хүнд ажилгүйдлийн тэтгэмж олгож, 31 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргасан байна. Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүх 2008-2016 онд төрийн албатай холбоотой 2100 хэрэг шийдвэрлэсний 1238 буюу 59 хувь нь ажлаас үндэслэлгүй халагдсан. Энэ бол маш харамсалтай.

Д.ТОГТОХСҮРЭН: БОСГЫГ 50 ХУВИАР ӨНДӨРСГӨСӨН

Төрийн албанд орох шаардлагыг 50 хувиар өндөрсгөсөн.

Энэ хуулийн гол зүйл бол хариуцлагын асуудал. Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдын буруутай үйлдлээс болж олон албан хаагчид халагддаг. Үүнээс болоод ажилгүйдлийн тэтгэмж өссөн.

Энэ хуулин дээр буруу шийдвэр гаргасан этгээд буруутайн улмаас үүссэн санхүүгийн хариуцлагыг өөрөө хариуцна гэж оруулсан. Үүнд хяналт тавих, нэхэмжлэх үүргийг төрийн албаны зөвлөл хариуцна.

Энэ хууль гарснаар төрийн албан хаагчдыг хууль бусаар халах, үүнээс үүдсэн эдийн засгийн санхүүгийн хохирол эрс багасна.

ШИНЭ МЭДЭЭ