2017.10.26
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн хүүг өрхийн орлоготой нь уялдуулж тооцох боломж бий юу?

Өнөөдөр /2017.10.26/ УИХ-ын ээлжит чуулганаар Төрөөс мөнгөний талаар 2018 онд баримтлах бодлогыг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан асуулт асуулаа.

Л.ЭНХ-АМГАЛАН: ИПОТЕКИЙН ЗЭЭЛТЭЙ ЗАЛУУ ГЭР БҮЛ ОРЛОГЫНХОО 50-60 ХУВИЙГ ОРОН СУУЦНЫХАА ЗЭЭЛД ТӨЛЖ БАЙНА

Энэ жилийн 2018 оны мөнгөний бодлого дээр зээлийн хүүг бууруулах гэж чухал заалт орж ирж байна. Олон жил ярьсан хэрнээ дорвитой арга хэмжээ авч чадаагүй. Сүүлийн үед арилжааны банк өөрсдөө санаачилга гаргаж, зээлийн нөхцлийг хөнгөвчлөх гарц хайж байгаад талархаж байна. Тэр дотроо иргэдийн нуруун дээр байгаа асуудал бол мэдээж арилжааны зээл. Мөн моргэйжийн зээлийн асуудал байна. Монгол Улсад 100 гаруй мянган залуу өрх моргэйжийн зээлтэй байгаа. Харамсалтай нь тэдгээр өрх орлогынхоо 50-60 хувийг орон сууцныхаа зээлд төлөөд, цаанаа амьдрах мөнгөгүй болж байна. Монгол өрхийн дундаж орлого 1,1 сая гэсэн тооцоолол гарсан. Гэтэл үүнээс 600-700 мянган төгрөгийг зээлэндээ төлж байна. Моргэйжийн зах зээлийг хөгжүүлэх чиглэл рүү ямар тооцоо судалгаа хийсэн бэ?

Залуу гэр бүлүүд 30 сая төгрөгний зээл аваад, 5 жилийн дараа эргээд харахаар үндсэн зээлээс барагдсан хэмжээ маш бага байна. Үүнийг олон улсад оромжийн ядуурал гэж нэрлээд байна. Орон сууцны зээл авсан хүн өөрөө ядууралд орчихдог. Хүүгээ төлж явсаар байгаад үндсэн зээл рүүгээ орж чадахгүй байна. Бусад улсад өөрийнх нь орлоготой уялдуулсан зохицуулалт байдаг. Зээлийн хүүг бууруулах стратеги дотроо орон сууцны зээлийн талаар шийдэл гаргасан зүйл байгаа юу?

Сүүлийн үед УИХ-ын гишүүд монгол руу орж ирэх валют монголыг тойроод байна гэсэн шүүмжлэл гарч байна. Гэтэл монголд орж байгаа томоохон хөрөнгө оруулагчид монгод А зэрэглэлийн хөрөнгө оруулалтын банкуудыг байгуулах асуудал ярьж байна. Энэ талаар ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?

МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН: ИПОТЕКИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЖУРАМД ЦААШДАА ӨӨРЧЛӨЛТ ОРНО

Бид мөнгөний бодлогын баримт бичиг дээр зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах зорилт дэвшүүлж байгаа. Монголбанк, арилжааны банкны төлөөллүүд болон эрдэмтэн судлаачдыг хамарсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Тиймээс ойрын үед стратегийн баримт бичгээ бэлэн болгож хэрэгжүүлэх ажлаа тодорхой болгоно гэж үзэж байна.

Үүн дотор ипотектэй холбоотой асуудал яригдана. Ипотекийн журмыг өөрчлөх асуудлыг авч үзэж байна. Одоогоор Монголбанкнаас арилжааны банкуудад 4 хувийн хүүтэй зээл гардаг. Дээр нь арилжааны банкууд дахин 4 хувийг нэмээд жилийн 8 хувийн хүүтэй зээлийг иргэдэд олгож байгаа.

Санхүүжилтийн эх үүсвэрийг 2 газраас авдаг. Дийлэнхи хэсэг нь Монолбанкнаас урьд нь олгосон ипотекийн зээлд олгосон 4,2 их наяд төгрөгийн эргэн төлөлтөөс 16 тэрбум төгрөг өгч байна. Мөн 2017 оны төсвөөс тодорхой хэмжээний мөнгө тавьдаг болсон. Одоогоор 25 тэрбум төгрөгийн хэмжээнд яригдаж байна.

Энэ хөтөлбөрийг яаж өөрчлөх вэ гэдэг талаар бид дэлхийн банкнаас техникийн туслалцаа аваад, судалгааны үр дүн бэлэн болж байгаа. Тэдний өгсөн зөвлөмжийг багцаалж үзэх юм бол арилжааны банкууд зээлээ иргэдэд өгдөг байх хэрэгтэй. Засгийн газраас харин хөтөлбөрт хамрагдсан иргэдэд татаас өгч, хүүгийнх нь хэмжээг буулгах арга хэмжээг авах арга байгаа. Тиймээс цаашдаа санхүүжилтийнх нь журам өөрчлөгдөнө гэж хэлж болно.

Олон улсын банк оруулж ирэх тухайд Монголбанкны зүгээс эсэргүүцсэн зүйл байхгүй. УИХ дээр Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль хэлэлцэгдэж байгаа. Энэ хууль батлагдвал бид хууль эрхзүйн орчны дагуу гадаадын банкууд орж ирэх бололцоотой гэж үзэж байна. Өнөөдрийн хэрэгжиж байгаа хуулиар гадны банк байгуулах асуудлыг хөрөнгө оруулалт гэж үзэж, зохицуулах зөвшөөрлийг Засгийн газраас авдаг. Банкны салбар, төлөөлөгчийн газар байгуулахад Монголбанкнаас зөвшөөрөл авдаг гэсэн хоёр өөр эрхзүйн орчин үйлчилж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ