2017 оны төсвийн тодотголыг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
2017.10.26
Эдийн засаг, Худалдаа

2017 оны төсвийн тодотголыг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Өнөөдөр УИХ-ын  Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулав.

Төсвийн байнгын хорооноос жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрт улсын төсвөөс нэмж олгох 72,6 тэрбум төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцаас хасах санал гарсан. Төсвийн байнгын хорооноос дэмжээгүйг УИХ дэмжсэнээр уг санал хүчингүй болсон юм.

Түүнчлэн төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж олгохтой холбоотойгоор урсгал зардлыг 55.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг байнгын хорооноос гаргасан. Энэхүү санал УИХ-ын гишүүдийн 60 гаруй хувийн дэмжлэг хүлээлээ. 

УИХ-ын гишүүн Д.Гантулга

Мөн Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийг бууруулахыг УИХ-ын гишүүд дэмжсэн. Харин энэхүү саналаар санал хураалт авах үед УИХ-ын гишүүн Д.Гантулга үг хэлсэн юм.

Тэрээр: “Боловсролын салбарын санхүүжилт өсч байх ёстой. Ингэж байж нийгэмд баялаг бүтээл, боловсон хүчнийг бид бэлдэнэ. Би энэ төсвийн тодотголоор л бууруулах саналыг дэмжиж байгаа. Харин цаашдаа БСШУС-ын сайд энэ зээлийг тусдаа сан болгож, банкуудаар дамжуулдаг зээлийн үйл ажиллагааг өөрчлөх хэрэгтэй. Ирэх оны төсөвт боловсролын зээлийн сангийн санхүүжилтийг бууруулахгүй байх тал дээр салбарын яамд ажиллаарай” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

Харин Хөвсгөл аймгийн Галт сумын сургуулийн спорт заалын барилга угсралтын ажлын дуусгалтын санхүүжилт болох 189,9 сая төгрөгийг БСШУС-ын төсөвт нэмж тусгах санал Төсвийн байнгын хороон дээр унасан юм. Байнгын хорооноос дэмжигдээгүй энэ саналаар санал хураалт явуулахын өмнө УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийлсэн.

Тэрээр:

"Энэ бол дуусчихсан объект. Үндэсний аж ахуйн нэгжүүд хөрөнгөө  гаргаад дуусчихсан зардлуудыг 2, 3 жил дамнуулж болохгүй. Галт сум бол Монгол Улсдаа хамгийн олон хүн амтай сум. Өнөөдрийг хүртэл спорт заалгүй байж байгаад, олон улсын байгууллагууд хамтарч дуугсаад, монголын талаас дутсан. Үндэсний аж ахуйн нэгжээсээ 198 сая төгрөг гар татаад сууж байж болохгүй" гэсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны саналыг ихэнхи гишүүд дэмжээгүй буюу УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санал дахин босч ирсэн юм. 

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн болон дэмжигдээгүй санал тус бүрээр санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ