МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханыг зоригтой, санаачлагатай, бүтээлчээр ажиллахыг захилаа
2017.10.19
Улстөр

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханыг зоригтой, санаачлагатай, бүтээлчээр ажиллахыг захилаа

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Барилга, хот байгуулалтын сайдаар Х.Баделханыг 87,5 хувийн саналтайгаар дэмжиж, баталсан.

Хурлын үеэр УИХ-ын гишүүд ээлжлэн байр сууриа илэрхийлж, барилга, хот байгуулалтын салбарт юун түрүүнд анхаарч ажиллах асуудлын талаар тодорхой саналууд хэлж, өмнөх сайдын хийсэн ажлыг үргэлжлүүлэн инженерийн мэргэжил, төрийн ажлын туршлагадаа тулгуурлан ажлаа шуурхай эхэлж зоригтой, санаачлагатай, бүтээлчээр ажиллахыг захилаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

Газрын тухай хуулийг 2003 онд баталсан. Шинэчлэх шаардлагатай. Газрын иж бүрэн судалгаа, газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ хийгдээгүй. Газар ашиглалтыг үндэс муутай төлөвлөж, зохицуулж байгаа. Үүнээс болоод газраар баялаг бүтээх бус, хууль бусаар газрыг дамлан өөр хоорондоо зааж, эдийн засгийн буруу хандлагыг төлөвшүүлж байна. Газрын наймаачид, газрын асуудал гэж байнга ярьдаг. Газрын тухай хуулийг өөрчлөх шаардлагатай.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа

Барилгын салбарт тендертэй холбоотой аливаа будлиан, асуудал асар их байна. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа үйчилгээ худалдан авах орчныг сайжруулахын төлөө хамтран ажиллах саналтай байна. Бидний хувьд төсвийн мөнгөөр, хууль эрхзүйн орчинд нь нийцүүлэн, худалдан авч байгаа гэсэн болов ч дутагдалтай, хууль бус зүйл асар их байна.

Тиймээс тухайн барилгыг гүйцэтгэж байгаа компаний барилга барьж байгаа үйл явцаас шалтгаалаад 21 аймаг, 9 дүүрэг ажлын гүйцэтгэлийн мэдээллээ өгч байх хэрэгтэй. Тухайн компанийн гүйцэтгэлийн түвшингээс шалтгаалаад дараагийн тендерийг авах эсэхийг шийдэх хэрэгтэй.


УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Барилгын салбарт хууль бус үйл ажиллагаа их явагддаг. Зарим улстөрчдийн хувийн компаниуд өөрсдийнхөө барьсан барилгыг их хэмжээгээр шахсан мэдээлэл байдгийг шалгаж үзэх хэрэгтэй.

Мортгэйжийн зээлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх хэрэгтэй.

Барлига барих 7000 тусгай зөвшөөрөл бий. Эдгээрийг цэгцлэх хэрэгтэй. Барилгын хөгжлийн төвийн асуудал байна. Барилгын салбарыг чөдөрлөх төв гэж нэрлэчихмээр. Хураамж ихтэй, хүнд суртал ихтэй. Нэг бол жинхэнэ утгаар нь ажиллуулах, нэг бол татан буулгах хэрэгтэй.


УИХ-ын гишүүн Л.Болд

Бид хоёр улиралтай болсон. Өмхий үнэрийн улирал дуусаад утааны улирал эхэлж байна. Үүнээс шалтгаалж буй эрүүл мэндийн хохиролыг мөнгөөр хэмжихэд хэцүү. Энэ хоёр асуудлыг дорвитой өөрчлөлт гаргахуйц зохион байгуулалтыг хийх хэрэгтэй. Гэр хорооллын асуудлыг шийдэх ёстой.

Энэ зорилт тавих гэнгүүт энэ асуудал барилгын компаниудын лобби болж хувирдаг. Барилгын компаниудтай нийлж ард иргэдээ хохироодог тогтолцоог дэмжсээр байна. Энэ тал дээр хоёр ч хууль явж байгаа. Нэг нь Гэр хорооллын хөгжлийн хууль, нөгөө нь монгол улсын иргэнд газар өмчлөлийг түргэсгэх хууль. Энэ хуулиас маш их юм шалтгаална.


УИХ-ын гишүүн Б.Жавхлан

Манай Улсын барилгын салбарын барилга үйлдвэрлэлийн хэсэг нь маш сайн явж байгаа. Гагцхүү эргэлт, борлуулалт байхгүй болсноос болоод хөрөнгийн зах зээл дээр барилгын салбар маш том гацаанд орсон байна. Банкны системд нийтдээ 4 их наяд төгрөгний барилгын зээл гацсан байна. 

Тиймээс таны хамгийн түрүүнд хийх ажил бол энэ гацаанаас гарж, барилгын салбарыг санхүүгийн зах зээлд эргэлтэд оруулж, мортгэйжийг хөдөлгөх, үл хөдөлгөх хөрөнгийн түрээс, борлуулалтуудыг сэргээх, хөрөнгийн 2 дахь зах зээл дээр гаргах ажил байгаа.

ШИНЭ МЭДЭЭ