Байнгын хорооны дараагийн хуралдаан хүртэл завсарлага авлаа
2017.10.11
Эдийн засаг, Худалдаа

Байнгын хорооны дараагийн хуралдаан хүртэл завсарлага авлаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2017.09.10) хуралдаан 15 цаг 25 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан энэ удаагийн хуралдаанаарМонгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэх, мөн Ажлын хэсэг байгуулах тухай гэсэн хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр хуваарьт тусгагдсаныг танилцуулав.

Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан

Байнгын хорооны хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөгч захирагч болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж саналаа хэлсэн юм.  

Тэрбээр, өмнөх Засгийн газраас боловсруулж өргөн мэдүүлсэн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд энэ оны улсын төсвийг ихээхэн алдагдалтай батлахаар оруулж ирсэн байна. Мөн татварын орлого багагүй хэмжээгээр давсан дүнтэй байхад төсвийн зарлагыг нэмэгдүүлэхээр оруулж ирж байгаа нь буруу. Уг нь төсвийн давсан орлогоос бага гэхгүйгээр хуримтлал үүсгэж байж бондын өр төлбөрөө төлөх, цалин нэмэхэд зарцуулах шаардлагатай. Манай Байнгын хорооны зүгээс төсвийн тодотголд нухацтай хандаж, багш, эмч нарын цалин, урамшууллыг нэмэхэд анхаарах хэрэгтэй байна. Иймээс шинээр бүрдэх Засгийн газар төсвийн тодотголыг  эргэн харж дахин сайтар нягталж үзсэний үндсэн дээр хэлэлцүүлэгт оруулах нь зүйтэй гэж Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг үзэж байгааг хэлээд энэ асуудлаар тав хоногийн хугацаатай завсарлага авах хүсэлт гаргасан юм.

Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Ардчилсан намын бүлгийн хүсэлтийн дагуу Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Байнгын хорооны дараагийн хуралдаанаар хэлэлцэх хүртэлх хугацаанд тус намын бүлэгт завсарлага өгч буйг мэдэгдлээ. Мөн энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг Байнгын хорооны дараагийн хуралдаан хүртэл хойшлууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.   

ШИНЭ МЭДЭЭ