Б.Жавхлан: Улс энэ хийрхэлийг зургаан сар л тэснэ
2017.07.06
Эдийн засаг, Худалдаа

Б.Жавхлан: Улс энэ хийрхэлийг зургаан сар л тэснэ

УИХ-ын гишүүн Б.Жавхлантай дараах асуудлаар байр суурийг нь сонирхлоо.

-Иргэдийн өрийг тэглэх шийдвэр гаргуулахаар сөрөг хүчин зорьж байна. Мэдээж, иргэд боломжгүй гэж байгаа ч болно гэдэг талаас нь хүлээж авч байгаа хэсэг ч байна. Энэ талаар таны бодол?

-Шулуухан хэлэхэд энэ бол сонгуулийн дэмийрэл. Эдийн засгийн ч, хууль эрх зүйн хувьд ч боломжгүй. Хэдхэн тоо харъя л даа. Банкны нийт зээлийн багц 12.4 их наяд төгрөг байна. Үүнээс иргэдийн зээлийн дүн 5.8 их наяд буюу нийт зээлийн 47 хувь, 943 668 зээлдэгч байна. Нэгж зээлийн дундаж дүн 6 сая төгрөг болж байна. Гэтэл тэдний яриад байгаа 1072 хувьцааны анхны буюу 2017 оны хүлээгдэж буй ногдол ашиг 35-50 мянган төгрөг орчим байгаа.

Тэхээр үүгээр 6 сая төгрөгийг хэдэн жил төлөх вэ? 150 жил. Энийг бид хэдэн үеэрээ хүлээх нь дээ. Үүнийг банкууд хүлээж дийлэхгүй! Мөн 5.8 их наяд гэдэг тоо өөрөө төсвийн нэг жилийн орлоготой тэнцэх дүн! Тэгвэл төсвийн 100 хувийн алдагдал хүлээгээд, эдийн засгаа царцаах уу? Энэ бол байж боломгүй зүйл.

Ер нь иргэдийн хэрэглээний зээл хязгааргүй эрэлттэй байдаг, эдийн засгийн эрүүл харилцаа. Нэг удаагийн төлбөрөөр алга болчихдог зүйл биш. Үүнийг тэглэхийн оронд иргэдийн орлогыг яаж нэмэгдүүлэх, яаж ажлын байр бий болгох, одоо байгаа орлогыг нь хэрхэн хамгаалах бодлогоо ярих естой!

-Хэрвээ шийдвэр гарлаа гэж бодоход нийгэмд ямар асуудал үүсч болохыг та эдийн засагч, улс төрчийнхөө хувьд хэрхэн харж байна вэ?

-Хэрэв АН-ын мэдэгдлээр иргэдийн нийт зээлийг төр батлан даалтад авбал иргэд зээлээ төлөхгүй “харзнах”сөрөг хүлээлт бодитоор шууд үүснэ. Хэдийгээр энэ бүхэн Их хурал, Засгийн газраар явах асуудал боловч нэгэнт олон нийтийн дунд ийм хүлээлт, сонголт бий болчихвол үүнийг удирдах эдийн засгийн боломжгүй учраас төвөгтэй байдал үүснэ. Үүнд иргэдийг буруутгах зүйл огт байхгүй, зүй ёсны эдийн засгийн хариу үйлдэл байх болно.

Харин үүний үр дүнд 6 сарын дараанаас банкны системийн нийт зээлийн 44% нь чанаргүй болж ирнэ! Энэ хэмжээгээр өөрийн хөрөнгөө идэж эхэлмэгц хамгийн багаар бодоход 25%-аар эрсдлийн сан байгуулахад 1.4 их наядын алдагдал нийт банкууд хүлээх болно. Жилийн дараа 100% алдагдал хүлээж, систем бүхэлдээ гацаанд орох өндөр эрсдэл бий болно.

Дахин хэлэхэд, зээл нь 5.6 их наяд бол банкуудын өөрийн хөрөнгө үүнээс 45%-аар бага буюу 3.1 их наяд гэдгийг онцгой анхаарч, ойлгох хэрэгтэй. Дээр нь яг энэ үеэр ОУВС-ийн банкны системийн активын дахин үнэлгээний хяналт шалгалтын үе таарна. Уг нь манай иргэдийн зээл 95%-ийн эргэн төлөлттэй хамгийн бага эрсдэл бүхий багц байдаг.

Ингээд 6 сарын дараанаас банкуудын зээлжих зэрэглэл огцом буурна, энэ нь улсын зээлжих зэрэглэлд шууд нөлөөлөхөөс гадна банкны системийн төдийгүй гадаад өрийн тогтворгүй байдал үүснэ!!! Мөн яг 6 сарын дараа өмнөх ЗГ-аас үүссэн богино хугацааны Чингис бондын 500 сая ам.долларын өр төлөх хугацаа давхцана!!! Энэ бол хямрал биш дампуурал болно. Үүнийг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Маш олон жил үргэлжлэх хэт их үнэтэй гамшиг л ирнэ.

-Үүгээрээ бид дэлхий дээрх аль нэг муу туршлагыг давтаж байгаа юм биш биз?

Венесуэл, Грек, Зимбабве зэрэг эдийн засгийн дампуурлаа зарласан орнуудын гашуун түүх. Бид саяхан өнгөрсөн 5 сард дэлхийн улс орнуудын эдийн засгийн макро бодлогын сонгодог нийтлэг дүрмээр тоглоноо гээд ОУВСантай гэрээ хийчихсэн. Үүнийг дэлхий харж байгаа.

Гэтэл тун удалгүй бид чинь дүрэмгүй тоглоно гээд хийрхээд явчлаа. Олон улс, хөрөнгө оруулагч нар үүнийг сонсоод шоконд орж байгаа. Биднийг яг л аквариуманд байгаа загас шиг л ажиглаж байгаа. Биднийг эдийн засгаа өөрсдөө татан унагах эдийн засгийн алуурчид л гэж олон улсад харж байгаа. За тэгээд дараа нь өөрөө унасан хүүхэд уйлахгүй шүү гэдэг л болно.

-Тэгвэл эдийн засгийн өсөлт хөгжил ямар түвшинд ирсэн тохиолдолд төр иргэддээ бэлэн мөнгө тараах нөхцөл бүрдэнэ гэж үздэг вэ?

-Ер нь хавтгайрсан халамжийн бодлого явуулаад тогтвортой хөгжиж байгаа улс гүрэн гэж би дуулаагүй. Тийм байх боломж ч байхгүй. Харин эдийн засаг боломж бий болоод хуримтлал үүсэх үед нийгмийн тодорхой зорилтот бүлгийг чиглэсэн нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай. Бусад хэсэгт харин орлогыг бий болгодог орлогын хуваарилалт хийгдэх ёстой. Өөрөөр хэлбэл хөдөлмөр эрхлэлт, баялгийн бүтээмжийг л дэмжих нь гол цөм юм.

Б.БАЯРТ

ШИНЭ МЭДЭЭ