Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
2017.06.29
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Ажлын хэсгийн танилцуулгыг тус Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хийлээ.

Байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 16 тоот тогтоолоор тус хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэгээр ахлуулан байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, О.Баасанхүү, Н.Учрал, С.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй ажиллажээ.

Ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг, Хуулийн төсөлд тусгагдсан нэр, томьёог НҮБ, Юнеско, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан баримт бичгүүдэд заасан нэр томьёоны тодорхойлолтод нийцүүлэн томьёоллыг сайжруулж, спортыг хөгжүүлэхэд төрийн зарим чиг үүргийг спортын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж, тэдний бие даасан байдлыг дэмжих талаар ажлын хэсгээс санал гаргасан хэмээн танилцуулсан.

Түүнчлэн ажлын хэсэг орон нутгийн 336 суманд иргэдийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх, иргэдийн биеийн тамир, спортын үйл ажиллагааг хариуцах, нийтийг хамарсан спортын тэмцээн зохион байгуулах чиг үүрэг бүхий орон тооны арга зүйч шинээр ажиллуулах, Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, наадамд Монгол Улсыг сурталчилан таниулах спортын төрлүүдэд төрөөс холбогдох санхүүгийн дэмжлэг үзүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага спортын заал, талбай, түүний дэд бүтцийг барих, спортын хэрэглэл, тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн болон албан татварын хөнгөлөлт үзүүлэх саналыг ч гаргажээ.

Мөн магадлан итгэмжлэгдсэн спортын клубт эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн жилд санхүүжилт аваагүй даатгуулагчид идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхэд төлбөрийн дэмжлэг үзүүлэх, биеийн тамир, спортын мэдээллийн цахим санг үүсгэн, биеийн тамир, спортын салбартай холбоотой бүхий л мэдээллийг багтаах, спорт дахь допингийн эсрэг хяналтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн дотоодын хяналтын тогтолцоог бий болгох талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжжээ.

Байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо

ШИНЭ МЭДЭЭ