Эрчмийн хар ямааг эдийн засгийн эргэлтэд оруулна
2017.06.23
Орон нутгийн хөгжил

Эрчмийн хар ямааг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хаврын чуулган түр завсарласан үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэрээр Хөвсгөл аймгийн Рашаант, Жаргалант, Галт, Төмөрбулаг зэрэг сумдаар явж, иргэдийн дунд тулгамдаж буй асуудлуудад тодорхой арга хэмжээ авахаар болжээ.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутагт орших Дөрөө нуурын ус жилээс жилд ширгэж байгааг судлах судалгааны төслийг эхлүүлэхээр болжээ. Мөн бүх багийн дарга, багийн эмч нарыг иргэддээ төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд зориулан машин гаргажээ. Тус сумд удахгүй сумын төрийн байгууллагуудыг нэгдсэн халаалтад холбох ажил эхлүүлснээр, өвөлдөө 400 машин мод түлдэг байдлыг зогсоож байгаль орчиндоо ээлтэй сум болох юм.

Түүнчлэн Жаргалант сумын Цэцүүх багийн иргэд хорхойд идэгдэн, дахиж ургахгүй болсон модоо ашиглах эрхийг олгох, ойн нөхөн сэргээлт хийх чиглэлээр нөхөрлөл хоршоо байгуулж, тарьсан модныхоо хэмжээгээр төрөөс урамшуулал авах санал гаргажээ.

Харин Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн хойд талаар урсдаг Идэрийн голын нөгөө захад амьдардаг иргэдэд эрүүл мэндийн тусламж хүргэхэд 20 км боловч гол үертэй үед 80 км гаран тойрч очдог байна. Тиймээс Идэрийн голын Хөвдөг гүүрийн ажлыг Урагшлах ХХК эргэн төлөх нөхцөлтэй гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байна. Компанийн зүгээс 3 жилийн турш мөс хөлдөхөд хурааж, хавартаа дэлгэж, засвар үйлчилгээг хариуцна. Энэ хугацаанд нутгийн иргэд хүнээ бэлдэж гүүрээ өөрсдөө арчлах үүрэг хүлээжээ.

Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант, Хужирт багийн иргэд "Мах сүүний аян"-ыг эрчимжүүлэх, мал мах, малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийг хэлбэлзэл багатай, тогтвортой өсгөснөөр малын тоогоор хөөцөлдөх бус малын чанарт анхаарах нь зүйтэй гэжээ. Ингэснээр бэлчээрийн талхлагдал багасч, газар нутагтаа багтахаа байсан малын чанар сайжирна гэж тэд үзэж байна.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын иргэдтэй эрчмийн хар ямаагаа бие даасан үүлдэр болгох боломж нээгдэж байгаатай холбогдуулан өрхийн орлогоо хэрхэн нэмэгдүүлэх боломжийг голчлон ярилцав.

Дэлхийд танигдах гол брэнд болсон хамгийн сайн, хамгийн чанартай ноолуурт эрчмийн ямаагаа томоохон эдийн засгийн эргэлтэд оруулахын төлөө ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж.

Төмөрбулаг сумын Тээл баг нь хүн ам ихтэй том баг юм. Багийн төвд эмчийн үзлэгийн байрыг хувийн хөрөнгөөр баригдсан бөгөөд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан сумын даргатай хамтран 2 сая төгрөгөөр тохижуулахаар болжээ. Мөн ирэх намраас 100 айлын гэрэл цахилгаанаар хангах хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр суурилуулах юм.

ШИНЭ МЭДЭЭ