Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Өнөөдөр үдээс өмнө Мандал сумын иргэдтэй уулзалт хийсэн Ерөнхий сайд дараа нь Баянгол сумын иргэдтэй уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар танилцуулж, тэдний асуултад хариуллаа.
Манай Засгийн газар ажил аваад 10 сар орчим болохдоо макро эдийн засгийг тогтворжуулж, эдийн засагт эерэг үр дүн авчирлаа. Эдийн засагт нэгэнт ногоон гэрэл аслаа. Иймд ирэх оноос цалин, тэтгэвэр нэмэх шийдвэр гаргасан гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Тэтгэврийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс, цалинг 2019 оноос нэмэхээр шийдвэрлэлээ. Зөвхөн тэтгэврийн нэмэгдэлд гэхэд 150 тэрбум төгрөг зарцуулахаар ирэх оны төсөвт тусгана.
"Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан нь зөв, Оюутолгой, Тавантолгой зэрэг ордоо хөдөлгөж, иргэддээ үр дүнг нь хүртээх цаг болсон" гэдгийг орон нутгийн иргэд Ерөнхий сайдад хэлж Ноён уулаа хөндөхгүй байхыг захиж байлаа.
Уул уурхайн ордоо ашиглахын зэрэгцээ хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх ёстой. Бид хийж чаддаг бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангая, цаашид гадаадад экспортолъё. Манай Сэлэнгэ нутгийн түмэн олон жинхэнэ эко үр тариа, төмс, хүнсний ногоо тариалдаг гэдгийг Ерөнхий сайд хэлээд, Засгийн газар тариаланч, ногоочиддоо "Итгэлийн зээл" олгож, ногооны зоорьтой болоход нь дэмжлэг үзүүлнэ гэлээ.
Мөн уул уурхайн салбарт нөхөн сэргээлт чухал. Нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалж, түүхэн дурсгалт орд, газраа авч үлдэх шийдвэр гаргасан. Энд Ноён уулын асуудал ч багтаж байгаа гэдгийг Ерөнхий сайд онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.