НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2017.03.07
Улстөр

С.Мөнхчулуун: Э.Бат-Үүл нар сонгуулийн ажлаа өчигдрөөс эхлүүлж байх шиг байна

Баянзүрх дүүргийн Засаг даргын томилгоотой холбоотой үнэн бодит мэдээлэл хүргэхийн тулд өнөөдөр НИТХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Мөнхчулуун, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, төлөөлөгч Ж.Батсайхан нар хэвлэлийн хурал хийлээ.

НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар

“Өнгөрсөн жил явагдсан сонгуулийн дараа Баянзүрх дүүргийн зарим тойрогт болсон маргаантай холбоотойгоор Захиргааны хэргийн болон Эрүүгийн хэргийн шүүхэд хандсан байдаг. Сонгуулийн тойргийн хороо зургаан нэр дэвшигчийг шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад шийдвэрлэсэн гэх үндэслэлээр Захиргааны хэргийн гурван шатны шүүхээр явж хэрэгсэхгүй болгосон. Гэвч Эрүүгийн хэргийн шүүхээр тухайн зургаан хүний тав нь мөнгө тараасан гэдэг нь нотлогдож, тогтоогдсон байна. Үүнийг үндэслэн сонгуулийн тойргийн хороо шийдвэр гаргасан байдаг” гэсэн тайлбарыг хийв.

НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан

“Баянзүрх дүүрэг өнөөдөр 35 төлөөлөгчтэй байгаа. 35 төлөөлөгч гэдэг нь эрх зүйн чадамжтай гэсэн үг юм. Тус дүүрэгт үүсээд байгаа асуудал бол анхнаасаа хууль зөрчсөн үйлдэл юм. Хууль зөрчөөгүй явсан бол бусад найман дүүрэгтэйгээ адилхан Засаг даргаа томилуулах боломж байсан. 2012 онд Сонгинохайрхан дүүрэгт АН 17, МАН 22 суудал авч ялж байсан. Э.Бат-Үүл хүчээр төрийн ажлыг гацаан байж дүүргийн Засаг даргыг томилж байсан. АН-аас хууль бус энэ мэт үйлдэл гаргахад ардчилал гэж үздэг, МАН хуулийн дагуу ажил явуулахаар ардчилал устлаа гэж ярьдаг боллоо” гэлээ.

НИТХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Мөнхчулуун

“Баянзүрх дүүргийн асуудлаар Э.Бат-Үүл, О.Магнай нар хэвлэлийн хурал зарлаж иргэдийн дунд буруу ойлголт төрүүлж, иргэдийг өдөөн турхирч нийгмийг бухимдуулах зохион байгуулалттай ажил хийж байгаад харамсч байна. Энэ хүн НИТХ-ын төлөөлөгч. Сонгууль өнгөрөөд найман сар гаруй болж байхад нэг ч удаа хуралдаа суугаагүй. Хан-Уул дүүргийн иргэдийг төлөөлж байгаагийн хувьд улс төржиж иргэдийг үймүүлж, өдөөн турхиралгүй ирж ажлаа хийх хэрэгтэй гэж хэлмээр байна. Засаг дарга байхдаа хийсэн олон хууль бус шийдвэр байдаг. Энэ асуудлуудаа цэгцлэхгүй мөртлөө улс төр хийгээд будилаан хутгаад явж байна. Саяхан Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж хэлсэн байна лээ. Сонгуулийн ажлаа өчигдрөөс эхлүүлж байх шиг байна”