Төрийн албан хаагч улс төрийн намын гишүүн байж болохгүй гэж заажээ
2017.10.30
Улстөр

Төрийн албан хаагч улс төрийн намын гишүүн байж болохгүй гэж заажээ

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Л.Энх-Амгалан нарын нэр бүхий гишүүд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн намрын чуулганы эхээр өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг өнгөрсөн 7 хоногоос эхлэн УИХ-ын чуулган, Байнгын хороогоор хэлэлцэж эхлээд байна. 

УИХ-аас 1994 онд Төрийн албаны тухай хуулийг батлан, 1995 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөж мөрдөж байгаад 2002 онд уг хуулийг шинэчлэн найруулсан байдаг. 2008 онд хэд хэдэн зарчмын шинжтэй томоохон нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Энэ хугацаанд нам төвтэй төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус төрийн алба болгон өөрчлөн шинэчлэхэд ихээхэн анхаарч ирсэн. Гэвч бодит байдалд төрийн албаны томилгоонд улстөрчид хутгалдан оролцох, улстөрчид төрийн албан тушаалтанд дарамт шахалт үзүүлэх, сонгон шалгаруулалт, томилгоонд хувийн болон улс төрийн ашиг сонирхлын үүднээс хандах, төрийн албан хаагчдыг хуульд заасан үндэслэлээс гадуур халж, чөлөөлөх, сонгон шалгаруулаагүй, шаардлага хангаагүй хүнийг албан тушаалд томилох үзэгдэл хэвээр байна.  

Тиймээс чадахуйн зарчим /мерит/-д суурилсан, улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай, мэргэшсэн, тогтвортой төрийн албаны эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. 7 хэсэг, 33 бүлэг, 109 зүйлтэй уг шинэчилсэн найруулгын төслөөс төрийн албан хаагчтай холбоотой онцлох заалтуудаас хүргэж байна.

Хуульд өөрөөр заагаагүй бол иргэний төрийн алба хаах эрх 18 нас хүрснээр үүснэ. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэр авах эрх эмэгтэй бол 55 нас, эрэгтэй бол 60 нас хүрснээр тус тус үүснэ. Төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна.

Төрийн албан хаагчид тавих зургаан нийтлэг шаардлага

- Монгол Улсын иргэн байх

- Дээд боловсролтой байх

- Эрүүгийн хуульд заасан онц хүндболон авлига, албан тушаалынгэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээгүй байх, эсхүл бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээд ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дууссан байх

- Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх

- Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх

- Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх

Төрийн албан хаагчид тавих гурван тусгай шаардлага:

- Тэргүүн түшмэлийн /Яамны төрийн нарийн бичгийн дарга/ ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэжлийн багц сургалтад хамрагдаж, амжилттай суралцаж төгссөн байх

- Эрхэлсэн түшмэлийн /Яамны газар, хэлтсийн дарга/ ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэжлийн багц сургалтад хамрагдаж, амжилттай суралцаж төгссөн байх

- Ахлах түшмэлийн /Яамны тасгийн дарга, ахлах шинжээч/ ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн /яамны ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, зохион байгуулагч/ албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэжлийн багц сургалтад хамрагдаж, амжилттай суралцаж төгссөн байх

Төрийн албан хаагчид байх зургаан нийтлэг чадвар

- Удирдан зохион байгуулах чадвар

- Дүн шинжилгээ хийх чадвар

- Асуудал шийдвэрлэх чадвар

- Манлайлах чадвар

- Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар

- Багаар ажиллах чадварыг шалгах

Төрийн албан хаагчийн 14 хориглох зүйл:

- Бусад шатны албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах

- Албаны эрх мэдлээ хэтрүүлэх

- Хуульд нийцээгүй шийдвэр гаргах

- Албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусад хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах

- Улс төрийн намын гишүүн байх, улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцох

- Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцох, түүнд зориулалтын бус төсвийн хөрөнгө зарцуулах, төрийн өмч хөрөнгө, албаны унаа ашиглах

- Ажил хаялт болон төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох

- Албан тушаалын бүрэн эрхээ шашны, эсхүл шашингүйн үзлийн ухуулга, сурталчилгаа хийхэд ашиглах

- Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр гадаад орны төрийн дээд цол, одон, медаль, төрийн бусад шагнал авах

- Монгол Улсын олон улсын гэрээнд заасан болон Монгол Улс, гадаад улсын төрийн байгууллагын хооронд харилцан тохиролцсон албан томилолт болон ажиллаж байгаа байгууллагынхаа эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхдээ аж ахуйн нэгж, иргэн, түүний дотор гадаадын байгууллага, иргэний зардлаар гадаад, дотоодод зорчих

- Албаны бус зорилгод байгууллагынхаа эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших

- Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн 4.1.5, 4.1.6, 6.4-т заасан жендэрийн шууд ба шууд бус хэлбэрээр иргэнийг ялгаварлан гадуурхах

- Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгсэл /facebook, twitter болон бусад/-ийг ашиглан улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээх

- Төрийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн аливаа жагсаал, цуглаанд оролцох, мэдээ, мэдээлэл тараах

Төрийн албан хаагчийг ажлаас халах гурван үндэслэл:

- Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн.

- Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон.

- Монгол Улсын харьяатаас гарсан.

Төрийн албан хаагчид ногдуулах дөрвөн төрлийн сахилгын шийтгэл:

- Сануулах

- Албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах

- Төрийн албанаас халах

- Төрийн албанд 1-5 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах

Төрийн албан хаагчид олгох дөрвөн төрлийн цалин хөлс:

- Улс төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон онцгой нөхцөлийн, докторын зэргийн нэмэгдэл

- Захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, зэрэг, дэвийн, докторын зэргийн нэмэгдэл

- Тусгай албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын болон мэргэшлийн зэргийн нэмэгдэл

- Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдэл

Төрийн албан хаагчийн эдлэх үндсэн есөн нийгмийн баталгаа:

- Албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах

- Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах

- Гүйцэтгэж байгаа албан үүргийн шинж байдлаас хамааран зохих журмын дагуу албаны унаа хэрэглэх, ажилдаа ирэх буцах төрийн тээврийн унааны зардлын зохих хэсгийг нөхөн авах

- Албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас төрийн албан хаагч, түүний гэр бүлийн гишүүнийг тухайн ажиллаж байгаа байгууллага буюу цагдаагийн байгууллагаар хамгаалуулах

- Орон байраар хангагдахад нь төрөөс дэмжлэг үзүүлэх

- Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралт эдлэх

- Төрийн хөрөнгөөр 6 хүртэлх сарын хугацаагаар давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх сургалтад хамрагдах, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалын цалинг авах

- Үүргээ зохих журмын дагуу биелүүлснээс алба хаагчид учирсан эд хөрөнгийн хохирлыг төр хариуцаж, гэм буруутай этгээдээр хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлэх

- Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох

ШИНЭ МЭДЭЭ