МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Ганбаатар: Иргэд орлоготой болох ёстой
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
2017.02.20
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Иргэд орлоготой болох ёстой

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа.

-УИХ намрын чуулганаараа бизнес эрхлэгчид дарамт шахалтгүй ажлаа эрхлэх эрх зүйн боломжоор хангаж чадсан уу. Та ажлаа хэрхэн дүгнэж байна вэ?

-УИХ дахь МАН-ын бүлэг 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан зарим амлалт, Засгийн газрын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хуульчлан баталснаар, захаасаа хэрэгжээд эхэлсэн.  Жишээлбэл, жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгжийн татварыг нэг хувь болгосон. Одоогоор дөрвөн салбарыг татварын хөнгөлөлтөд хамруулах ч 2019 онд бүх салбарыг оруулах амлалтыг Сангийн сайд өгсөн.

Би бол анхнаасаа татварын хөнгөлөлтөд бүх салбарыг хамруулах байр суурь барьж байсан. Хэдийгээр татварын нэг хувийн хөнгөлөлтөд хамрагдах салбар цөөн ч, эдийн засагт эерэг үр дагуулна гэж харж байна.  

Жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг Гаалийн албан татвараас чөлөөлөх хууль маань ч гэсэн хөгжилд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Орж ирж байгаа тоног төхөөрөмж болгоны ард ажлын байр бий болно.

Зарим УИХ-ын гишүүний амнаас “Нөгөө л ноос, ноолуур” гэдэг үг гарсан ч монголчууд дотооддоо хийж чаддаг зүйл олон болсон. Хаалга үүд, вакум цонх, цемент, арматур, эмульс, будаг, хонины ноосоороо барилгын дулаалгын материал хийдэг болсон. Тэр бүгд татвар төлж байгаа.

Монголд орж ирдэг хөрөнгө оруулалт алга, Оюутолгой бялхтал татвар төлдөггүй, “Эрдэнэт” үйлдвэрийн татвар 200 тэрбумаар л хязгаарлагддаг. Үнэндээ Монгол Улс өнөөдөр дунд үйлдвэрлэлийн татвараар л амьдарч байна шүү дээ.

-Татварын хөнгөлөлтөд бүх салбарыг хамруулахаар томууд нь жижигрэх эрсдэл бий. Татварын орлого ч тодорхой хувиар буурна. Эдийн засаг хөгжсөн орнуудад томууд нь жижгээ авч явдаг?

-Жилийн 1.5 тэрбумаас дотогш орлоготой бүх аж ахуйн нэгжийн татварыг салбар харгалзахгүй нэг хувь болгоход 23 тэрбум төгрөгийн хөнгөлөлт яригдана. Та бүхэн их наяд төгрөгөөр гарч байгаа зөрчлийн тухай сонссон л биз.  Тэр зөрчлийн хажууд 23 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт бол өчүүхэн тоо.

Нөгөө талдаа төр бизнес эрхлэгчдээ дэмжээд эхэлбэл иргэдэд төрийн албанд ажиллахаас илүүтэй, бизнес хийх бодол төрнө. Бизнес эрхлэгчид олон болохын хэрээр эдийн засагт 23 тэрбумын татварын орлогоос  ч илүү өсөлт дагуулж, тэр нь хөгжилд асар их хувь нэмэр оруулна.

Мэдээж бүх юм төгс биш. Би 20 гаруй жил бизнес хийж явж, энэ хэмжээнд хүрсэн. Миний үүсгэн байгуулсан компаниудын жилийн орлого нь битгий хэл сарын орлого нь 1.5 тэрбумаас дээшээ. Хэзээ ч татварын хөнгөлөлтөд хамрагдахгүй.

Би гол нь Монголд шинээр байгуулагдаж байгаа компани гурав, дөрвөн жилийн дотор том хэмжээний, дунд хэмжээний компани болоход татварын энэ хөнгөлөлт үр дүнгээ өгнө гэж харж байгаа юм. Тэр цагт компаниуд улсдаа өндөр хэмжээний татвар төлнө, олон хүний ажлын байрыг бий болгоно.

Эдийн засгийн хувьд хүчирхэг байж, тусгаар тогтносон улсын аюулгүй байдал бүрэн баталгаажина. Тийм учраас төр бүх хүнийг бизнес хийх сонирхол төрүүлэх ёстой. 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй орлоготой л бол салбар харгалзахгүй бүх аж ахуйн нэгжийг татварын хөнгөлөлтөд хамруулах ёстой, энэний төлөө би Засгийн газрыг шахаж ажиллана.

-Жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгж гэхээр өдрийн орлого нь хэд дотор эргэлддэг гэсэн үг вэ. Жишээ нь худалдааны салбарыг авч үзвэл?

-Өдрийн орлого нь 2-3 сая төгрөгт эргэлддэг компаниуд л голчлон хамрагдана.

Ер нь Монголд бизнес эрхлээд дунд хэмжээний компани авч явна гэдэг их бэрх. Тийм учраас л иргэд амар хялбар зам хайдаг. Амар хялбар зам нь төрд орж ажиллах. Бүх юмыг тийм болгож болохгүй шүү л гэж Засгийн газраас гуйж байгаа даа.

-Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд бизнес эрхлэгчдэд ногдуулдаг торгуулийн хэмжээ өмнөх төслөөсөө хоёр дахин буурсан юм уу гэж ойлгосон. Харин та энэ асуудалд эсрэг байр суурь барьж харагдсан?

-Эрүүгийн хуульд бизнес эрхлэгчдэд халтай, дарамттай заалт орж ирсэн. Хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж байгаа. Монгол Улс өнөөдрийг хүртэл ийм заалтгүй явж ирсэн.

Энэ бол дэлхийн 20 гаруйхан оронд байдаг заалт. Хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татна гэдэг бол. Хувь хүн гэдгээрээ хүн бүр хариуцлага хүлээнэ. Энэ дээр нь нэмээд аж ахуй эрхэлж байх юм бол торгоно. Торгуулийн хэмжээ нь 400-800 сая төгрөг. Дээр нь аж ахуйн нэгжийг татан буулгана.

Эрүүгийн хариуцлага өөрөө ганц хорино гэсэн үг биш. Гэрийн хорионд оруулна, нийгэмд тустай ажил хөдөлмөр хийлгүүлнэ, тэгээд торгоно. Дөрвөн төрлийн хариуцлагын санкцтай байгаа.

Их газрын системтэй улсуудын эх нь гэж яригддаг Герман улсад ч ийм хууль үйлчилдэггүй. Олон жил судлаад дэмий гэдгийг мэдсэн хэрэг л дээ. Харин манайх цоо шинээр оруулж ирсэн. Би энэний эсрэг байгаа. Өнөөдөр ийм юм яриад явж байх цаг нь мөн үү. Бизнес эрхлэгчдээ олон болгоод,  төрөө цомхон болгоод, дундаж давхаргаа нэмэгдүүлээд, ядаж Азийн хэдэн орнуудын хэмжээнд  иргэд нь орлого олдог болсны дараа хариуцлагаа  чангаруулах ёстой шүү дээ.

Хэн ч ямар ч орлого олоогүй, орлого олох нь битгий хэл татвараа төлж чадахгүй, бүх зүйл нь бартерт шилжчихсэн байхад ийм зүйл ярих нь ямар ч эрүүл ухаантай хүнд төсөөлөгдөхгүй л байгаа.

Намайг амин хувийн байдлаар асуудалд хандаж байна. Төр байхад татвар төлөх нь үнэн гээд янз бүрээр л хэлж, шүүмжилж байгаа.  Гэсэн ч би шантрахгүй, энэ заалтыг байхгүй болгохын төлөө явна. Наад зах нь бизнес эрхлэгчдийн төлж байгаа татварыг зөв зүйлд зарцуулаад, татвар төлөгчдөд хүртээмжтэй хүртээдэг, хэрэгжүүлж чаддаг соёлыг бий болгоогүй байж, ингэж хуулиар дарамтлах нь буруу. Энэний эсрэг би явна.

-65-ын бүлэгт таны саналыг дэмжиж байгаа гишүүн бий юу?

-Нэлээн байгаа. Анзаарагдаж байгаа зүйл бол Засгийн газраас өргөн мэдүүлсэн хууль, санал шууд ногоон гэрлээр явдаг. Засгийн газарт би яг энэ асуудлаар шүүмжлэлтэй хандаж байгаа. Эрүүгийн хуульд оруулж байгаа том өөрчлөлт учраас гишүүд маань нэлээн болгоомжтой хандаж байгаа юм бий. Гэхдээ би зогсохгүй, эцсийн хэлэлцүүлэг хүртэл явна. Намайг юу гэж хэлэх нь хоёрдахь асуудал болж байна.

-Манай улсын татварын хувь хэмжээ өндөр үү, дундаж уу. Ер нь бизнес эрхлэхэд юу нь маш төвөгтэй байдаг вэ. Зарим бизнес эрхлэгч татварын тайланг маш энгийн болгох шаардлага байна. Аж ахуйн нэгжээ ч тэр, татварынхнаа ч тэр новшийн ажилтай зууралдуулдаг гэдэг?

-Хувь хэмжээний хувьд татвар өндөр биш. Гэхдээ өнөөдөр НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтын хууль хэрэгжээд явж байна. Маш сайн эерэг үр дүнг дагуулж байгаа ч аж ахуйн нэгжүүдийн орон тоог нэмж, зардлыг  ихэсгэх болсон. Заавал “e баримт” гаргаж өгдөг нягтлан хэрэгтэй болж байгаа.

Жишээ нь, хими цэвэрлэгээ ажиллуулдаг хүн санхүүгийн талын маш их мэдлэгтэй болох шаардлага үүсэж байгаа, энэ нь их дарамт болж байна. Хоёрдугаарт, татварын асуудал дээр хорьж цагдах нь нэн тэргүүний асуудал биш.

Тухайн хүнийг хорьсоноор улсад ямар ч ач холбогдол байхгүй. Ялаа эдлээд торгуулиа төлөхгүй, ард иргэдэд учруулсан хохирлоо төлөхгүй. Хамгийн эхлээд төр иргэндээ татвар төлөх боломжтой болгох ёстой, ард иргэд орлоготой болох ёстой.

Бүгдэд нь татвар ногдуулаад шоронд хориод байвал татвар төлөх хүнгүй болно.

Нэг үлгэр байдаг шүү дээ. Харгис хаан улс орноороо аялатал баахан өвгөчүүл л байдаг. “Бусад нь хаачсан  бэ” гээд асуутал татвараа төлөөгүй учраас шоронд сууж байна гэж хариулдаг. Хоёр, гурван хүн татвараа төлөхгүй байна гэдэг өөр л дөө. Ард иргэд нийтээрээ татвараа төлж чадахгүй байна гэдэг улсдаа л асуудал байна гэсэн үг шүү дээ. Өнөөдөр монголчуудын амьдрал ямар байна, бизнес эрхлэгч ямар байна вэ гэдгийг Засгийн газар маш сайн ойлгох хэрэгтэй. Тийм учраас өөрийнхөө байр суурин дээр хатуу байгаа.

-Мэргэжлийн Засгийн газар байгуулагдан ажилласнаас хойш долоон сар гаруйн хугацаа өнгөрлөө. Хэр ажиллаж байна гэж та дүгнэдэг вэ?

-Сайн ажиллаж байгаа. Зарчмын зарим асуудал дээр санал зөрж байгаа боловч нэлээн нухацтай шийдвэрүүдийг гаргаж чадсан гэж дүгнэнэ. Хамгийн гол нь өнөөдөр эдийн засаг асар хүнд байгаа учраас өнөөдрийнхөө эдийн засагт тааруулаад оролдож л байна. Жишээлбэл, 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжид нэг хувийн татвар оногдуулна гэдэг нь  хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж байгаа л хэрэг юм.

Бүх аж ахуйн нэгжийг энэхүү татварын хөнгөлөлтөд хамруулъя гэхээр төсөвт дарамт ирэх болж байгаа. Тийм учраас эхлээд дөрвөн салбарыг хамруулъя, дараа жил арав болгоё, тэгээд бүгдийг хамруулъя гэж байна, зөв. Гол нь амласанаа биелүүлээсэй.

-Хөрөнгө оруулалт татах талд Засгийн газар ажиллахгүй байна уу гэж хараад байна?

-Хөршүүдтэй харилцах харилцаа, гуравдагч оронтой харилцах соёлын харилцаа талдаа Монгол Улс сайн. Гэвч эдийн засгийн хөгжлийн асуудал дээр тод дуугардаг УИХ-ын гишүүн маш бага байна. Засгийн газар ч маш бага дуугарч байна. Эдийн засгаа хөгжүүлэх загвартай байж, хөгжинө, бид тусгаар тогтнолоо авч үлдэнэ.

Эдийн засгийн  тусгаар тогтнол өнөөдөр нэгдүгээр асуудал. Энийг ойлгодог Засгийн газар байгаасай, энийг ойлгодог УИХ-ын гишүүн олон болоосой л гэж хүсэж байна даа.

ШИНЭ МЭДЭЭ