АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дэд дарга Л.Оюун-Эрдэнэ нар өнөөдөр /2017.01.10/ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд хатагтай Элчин сайд Женифер Зимдал Галт энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиох гэж буйг онцлоод энэ хүрээнд хийх болон цаашдын хамтын ажиллагаа талаар санал солилцохоор ирснээ уламжлав.
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш болохыг дурдаад хоёр улсын хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, батлан хамгаалах зэрэг бүхий л салбарт эрчимжиж байгаад талархалтай байдгаа илэрхийлсэн. Мөн тэрбээр цаашид парламент, байнгын хороодын харилцааг сайжруулах нь чухал болохыг хэлсэн үгэндээ тэмдэглэсэн юм.
Элчин сайд Женифер Зимдал Галт энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмэрт талархал илэрхийлээд монгол цэргүүд дэлхийн хэмжээнд хамгийн халуун цэгт үүргээ нэр төртэй, хариуцлагатай гүйцэтгэж байгаа нь хоёр орны хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлж байгааг онцлов.
АНУ-ын Засгийн газраас Залуу манлайлагчдын хөтөлбөр, ахлах сургуулийн сурагч солилцооны шинэ хөтөлбөрүүдийг эхлүүлсэн бөгөөд жил бүр 20 сурагч уг хөтөлбөрт хамрагдаж, АНУ-ын ахлах сургуулиудад суралцах боломжтой болсныг Элчин сайд тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны чиглэл болон цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.