УИХ дахь АН-ын бүлэг Хөгжлийн банкны асуудлаар үдээс хойших хуралдаан хүртэл завсарлага авлаа
2016.12.22
Эдийн засаг, Худалдаа

УИХ дахь АН-ын бүлэг Хөгжлийн банкны асуудлаар үдээс хойших хуралдаан хүртэл завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудлын дараалалтай танилцсан УИХ-ын гишүүд өөрийн саналыг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар: "Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах нь зүйтэй. Учир нь он гарахаас өмнө тогтоолын төслийг батлахгүй юм бол ач холбогдол нь буурах гээд байна" гэсэн санал гаргасан. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслөө хэлэлцэж дуусмаар байна. Дагалдах хуулиудыг хэзээ оруулж ирэх вэ? Сайдын асуулгад үг хэлэх боломж олгох уу? зэрэг асуулт асуулаа. Мөн хүн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шашин шүтэх, эс шүтэх эрхтэй гэдгийг дурдаад Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилыг хийсэн мэдэгдэлдээ тайлбар хийхийг хүслээ.

Хариуд нь сайдын мэдээллийг сонссоны дараа УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүн асуулт асуух эрхтэй гэж УИХ-ын дэгийн тухай хуульд заасан байдаг гэж УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж тайлбарласан.    

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын эхэнд оруулж, хаалттай хэлэлцэхийг хүслээ. 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Утаа, ханиад томууны асуудал бол УИХ-ын хараанд байх ёстой. Хуулийн төсөл хэлэлцээд сууж байхад хүүхдүүдийн амь нас эндэж байгааг хэллээ.

Харин энэ асуудлаар мэдээлэл хийхэд Засгийн газар бэлэн биш байгааг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж илэрхийлсэн.

Ингээд Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг эхэнд нь хэлэлцэхээр санал хураахад гишүүдийн дийлэнх нь дэмжлээ. Санал хурааж дууссаны дараа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ асуудлаар завсарлага авах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Яагаад Хөгжлийн банкны асуудлыг яагаад хэлэлцэх асуудлын эхэнд оруулж ирж байгааг МАН-ын тайлбарла гэж шаардлаа. Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг 1 их наядад хүргэнэ гэж байгааг дурдаад, Хөгжлийн банкны асуудлыг нээлттэй хэлэлцэх хэрэгтэй гэж хэлсэн.

Тодруулах асуудал олон байна, 200 хуудас материалтай бүрэн танилцах шаардлагатай байгаа учраас Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх асуудлаар завсарлага авах хүсэлтэй байгааг УИХ дахь цөөнхийн бүлгээ төлөөлж илэрхийлсэн юм.

Энэ хүсэлт, шаардлагыг сонссон УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж чуулганы үдээс өмнөх хуралдаанаар завсарлага авч, үдээс хойш хэлэлцэх эсэхийг хэлэлцмээр байна гэлээ. 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Засгийн газар, Хөгжлийн банк хооронд өглөг, авлагын тухай асуудлыг тодруулж байж уг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй. Тиймээс ний нуугүй бүх мэдээллийг дэлгэн тавьж, хэн идсэн уусныг ил болгох хэрэгтэй гэсэн санал хэллээ.  200 хуудас шалгалтын акт, чанаргүй зээлийн жагсаалтууд, ямар зээлийн хүүг цуцлах болсон талаар мэдээлэл хэрэгтэй байна гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Хөгжлийн банкны асуудлыг гарцаагүй хэлэлцэх нь зүйтэй. Хаалттай хэлэлцэж тодорхой мэдээлэл авах шаардлагатай байна. Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээл, хугацаа хэтэрсэн зээл гээд тус банкнаас олгосон зээлийн 90 орчим хувь нь асуудалтай байна. Тиймээс энэ бүх асуудлыг тодруулах шаардлагатай. Үдээс хойш Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэх нь зүйтэй. Яагаад гэвэл уг асуудал Монгол Улсын нэр хүндтэй холбоотой.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Ардчилсан намынхныг ойлгохгүй байна. Бүлгийн орлогч дарга нь Б.Пүрэвдорж мөн юм уу? АН-ын Хөгжлийн банкны асуудалд хэзээ цэг тавих вэ? Хөгжлийн банкны тухай гаргасан холбогдох шат шатны байгууллагуудын дүгнэлт байна. УИХ-ын дэгийн дагуу хэлэлцэх асуудлын дараалал харгалзахгүйгээр нэн яаралтай хэлэлцэнэ гэж зааснаар л оруулж ирсэн асуудал шүү дээ.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар: Завсарлага авахгүйгээр асуудлыг хэлэлцэх хэрэгтэй байна. Учир нь олон улсаас босгосон үнэт цаас, зээл хугацаанаасаа өмнө дуудагдах эрсдэл үүсчихээд байна шүү дээ.

УИХ дахь АН-ын бүлгийн завсарлага авах хүсэлтийг хүндэтгэж байгаагаа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэллээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хилийн тухай шинэчилсэн найруулгын төслүүдийг үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэх шийдвэр гаргаж байна. 

ШИНЭ МЭДЭЭ