Төрийн өмчит компаниудын талаарх Л.Энх-Амгалангийн онцлох 6 байр суурь
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2016.12.14
Эдийн засаг, Худалдаа

Төрийн өмчит компаниудын талаарх Л.Энх-Амгалангийн онцлох 6 байр суурь

Өнөөдрийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор мэдээлэл хийсэн.

Түүний мэдээлэлд төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниудын ашиг, алдагдал, өр төлбөр зэрэг багтсан бөгөөд өмч хувьчлалын талаар ч дурдсан юм. Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Чинзориг, С.Бямбацогт нарын гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. Тухайлбал, Л.Энх-Амгалан төрийн өмчит компаниудын удирдлага, менежментийг хэрхэн авч явах, төрийн өмчийн үр өгөөжийг яаж хүртэх талаар өөрийн байр сууриа илэрхийлж, санал гаргалаа. Тэрээр төрийн өмчит компаниуд намын өмчит компани болсон гэж үзэж байна. Ингээд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн төрийн өмчит компаниудын талаар хэлсэн онцлох байр суурийг хүргэе.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Өнөөдөр бүртгэлтэй 94 төрийн өмчит компаниудаас 87 нь үйл ажиллагаа эрхэлж байна. Тэдгээр компанийн нийт зардал нь 3.2 их наяд төгрөг байна. 2012 онд эдгээр төрийн өмчит компаниуд 187 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаад 2015 он гэхэд 11,3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

1.Яагаад 2012 онд 187 тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг байж байгаад гурван жилийн дотор 11 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах болов? 2012 онд 8,4 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилдаг байсан бол 2015 онд 1,5 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилж, үндсэндээ ногдол ашгийн хэмжээ дөрөв дахин буурсан байна.

2.Төрийн өмчит компаниудын өрийн тухайд 2012 онд 3,5 их наяд төгрөгийн өртэй байсан төрийн өмчит компаниуд 2015 онд 10,8 их наяд төгрөг болж, өрийн нь гурав дахин их болсон байна.

3.Бид төрийн өмчит компаниудыг яах гэж байгуулдаг юм бэ? Ногдол ашиг авах, хөрөнгийн өгөөжийг нэмэх гэж л төрийн өмчит компаниудыг байгуулдаг гэж би хувьдаа ойлгодог

4.Төрийн өмчит компаниудаас гадна орон нутгийн өмчит компаниуд байна. Ер нь бүх аймаг орон нутгийн өмчит компанитай болсон. Тиймээс эдгээр компаниудад ч хяналт, шалгалт хийх ёстой. Орон нутгийн өмчид хэдэн компани байна? Хэд нь ашигтай, хэд нь алдагдалтай ажиллаж байна? Ногдол ашиг хуваарилдаг уу, үгүй үү? Өрийн хэмжээ хэдэд хүрсэн болохыг шалгаж, УИХ-д танилцуулах хэрэгтэй байна.  

5.Төрийн өмчит компанийн удирдлага, хөрөнгийн менежментийг сайжруулах талаар эрхзүйн зохицуулалт дутмаг байгааг Ц.Ням-Осор хэллээ. Одоогоор зөвхөн Компанийн тухай хуулиар зохицуулж байгаа шүү дээ. Энэ хуулиар хувийн компаниудын харилцааг зохицуулдаг. Тиймээс төрийн өмчит компаниа хэрхэн зөв удирдан зохион байгуулах, яаж хариуцлага тооцох, хөрөнгийн менежментийг яаж хийх ёстой зэрэг шийдэх шаардлагатай олон асуудлыг зохицуулсан хууль эрх зүйн баримт бичиг гаргах хэрэгтэй.

6.Төрийн өмчит компаниудыг удирдлага, сонгон шалгаруулалтын хувьд мэргэжлийн чадамжтай хүнийг томилох нь зөв. Улс төрийн томилгоо байж болохгүй. Яг одоогийн төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийг харахаар яамдын хэлтэс, газрын дарга нар байна. Тухайн компаниа хөгжүүлэх, бодитой хөрөнгө оруулах хүмүүс хуруу дарам цөөн гэж хэлнэ.

ШИНЭ МЭДЭЭ