Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай" хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
2016.12.14
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай" хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо "Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай" /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр танилцуулав. Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуулиар улс эх орноо хөгжүүлэх, бүтээн байгуулах үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан ахмадуудын алдар гавьяаг төр засгаас үнэлэн төрөөс сар бүр нэмэгдэл олгодог билээ.

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж байгаатай холбогдуулан одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулиас алдар цолтой ахмад настанд үзүүлэх мөнгөн тусламж, хөнгөлөлттэй холбоотой зохицуулалтуудыг Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуульд тусгах шаардлага гарч байгаа аж.

Тиймээс алдар цолтой ахмад настнуудад чиглэсэн тус тусдаа хуулиар зохицуулж байсан ижил төрлийн тусламж, хөнгөлөлтийг нэг хуулиар зохицуулах зорилгоор Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг мөн боловсруулсан хэмээн танилцуулсан юм.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи мөн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн.

ШИНЭ МЭДЭЭ